Даатгалын компаниуд мэргэшсэн хөрөнгө оруулагч болох алхам хийгдлээ
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын зохицуулалтын газрын дарга Ц.Нацагдоржтой ярилцлаа.
-Танайхаас санхүүгийн зах зээлтэй холбоотой чухал шийдвэр гаргажээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Зургадугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 271, 273 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулсан байгаа. Энэ нь даатгалын нөөц сангийн хөрөнгөөс тодорхой хэмжээг чөлөөлж, хөрөнгө оруулалтын сангууд болон Монголын хөрөнгийн бирж дээрх нэг, хоёрдугаар зэрэглэлийн үнэт цааснууд, бичил санхүүгийн байгууллагад итгэлцлийн үйлчилгээгээр санхүүжилт хийх боломжийг олгож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт дор байдаг бичил санхүү, үнэт цаас, даатгал гэсэн гурван салбарыг хооронд нь уялдаа холбоотой болгож үйл ажиллагааг нь илүү нэмэгдүүлж өгч байгаагаараа маш чухал шийдвэр гэсэн үг.
Энэ нь эргээд даатгалын компаниудын ашигт ажиллагаанд болоод хөрөнгийн зах зээлд нэмэлт санхүүжилт, хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн бичил санхүүгийн салбарыг тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтаар дэмжиж байгаа хэрэг. Ийм зохицуулалт хийснээр даатгалын компанийн нөөц сангаас арилжааны зээл олгох үйл ажиллагааг хориглож, санхүүгийн бусад салбаруудад хөрөнгө оруулах боломжийг бий болгоно.
Түүнчлэн хөрөнгө оруулалтаар дамжуулан тухайн салбарыг чадавхижуулах шаардлагатай гэж үзсэн хөрөнгө оруулалтын ангиллыг нэмж, зарим ангиллын хөрөнгө оруулах хувийг өсгөсөн. Тухайлбал, даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасан нээлттэй болон хаалттай хөрөнгө оруулалтын санг нэмж орууллаа.
Энэ нь Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай арга хэмжээний хөтөлбөр"-т тусгагдсан ажил юм. Мөн даатгагч нь банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлийн үйлчилгээгээр хөрөнгө оруулах хэмжээг нийт нөөц сангийн 20 хувь болгон нэмэгдүүлсэн нь санхүүгийн салбарыг дэмжих зохицуулалт гэж харж байгаа юм.
-Нөөц сангийн 20 гэхээр хэдийн хэмжээний мөнгө байх бол?
Даатгалын компаниудын нэгдүгээр улирлын тайлангаар гарсан актив бол 170 орчим тэрбум төгрөг байгаа. Түүнээс нөөц сан дээр байгаа хэмжээ нь л 20 хувь гэдэг тоо хэлж байгаа юм. Ойролцоогоор бид үүнд ямар мөнгөн дүн харж байна гэхээр хөрөнгө оруулалтын санд даатгалын компаниудаас 13 орчим тэрбум төгрөгийн чөлөөт актив шилжиж орох боломжтой болж байгаа.
Нөгөө талаар энэ мөнгө шууд орно гэхээсээ илүү даатгалын компаниудад ийм хэмжээний санхүүгийн потенциаль үүсч байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна бичил санхүүгийн салбарт хуучин нөөц сангаасаа тав орчим хувийг байршуулах боломжтой байсан нь одоо дөрөв дахин нэмэгдээд 20 орчим хувь болж байгаа. Энэ нь мөн адилхан 13 орчим тэрбум төгрөг даатгалын нөөц сангуудаас санхүүгийн байгууллагууд руу байрших боломж нээгдэж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, даатгуулагчдаас нөөц сан дээр байгаа хөрөнгүүд илүү өндөр өгөөжтэй бусад зах зээлээ илүү дэмжсэн байдалтайгаар оролцох боломжууд нээгдэнэ. Даатгалын компаниуд маань олон улсын жишгээрээ байгууллагын мэргэшсэн хөрөнгө оруулагч болох анхны алхам хийгдэж байгаагаараа үүний ач холбогдол нь харагдана байх. Ер нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрсөн.
Гэтэл энэ сан байгуулагдахгүй байсан шалтгаан нь тэр санд оруулах дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нар байхгүй байсан. Хөрөнгө оруулалтын санд хуулиар хязгаарлагдаагүй бүх эрх нь нээлттэй байгаа. Бидний зүгээс барьж байгаа бодлого бол дотоодын хөрөнгө оруулалтаар дотоод зах зээлийг босгоход дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нарыг бий болгосноор дараагийн ээлжинд гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэх боломж нь бүрдэнэ гэж харж байгаа.
-Даатгалын компаниуд хөрөнгө оруулах боломжтой болж байна гэсэн үг. Тэдэнд ямар шалгуур тавих вэ?
Ер нь бол даатталын сангийн хөрөнгө гээд олон улсын жишигт маш их хөрөнгө хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байдаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын хамгийн гол эх үүсвэр болдог. Гэтэл Монголд саяхныг хүртэл ерөнхийдөө зөвхөн банкинд ашиглах хэлбэртэй, хөрөнгийн зах зээл рүү энэ мөнгө гарах боломж байхгүй байсан. Тэгэхээр энэ шийдвэр санхүүгийн зах зээлийн салбаруудыг бүгдийг нь тэнцвэртэй, жигд хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Даатгалын компаниуд чинь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр энэ утгаараа шалгуур хангасан гэж ойлгож болно. Нөгөө талаас боловсон хүчний хувьд хөрөнгийн зах зээлд илүү мэргэших гэх мэтчилэн өөрсдөө илүү чадавхижих нь гарцаагүй асуудал. Ямартаа ч эхлээд дотооддоо хөрөнгө оруулалт хийх эрх нь нээгдлээ.
-Энэ санаачилга даатгалын компаниудаас гарсан уу?
Даатгалын компаниудаас мэдээж санал, санаачилга гардаг. Учир нь тэд бол яг энэ зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Хамгийн гол Санхүүгийн зохицуулах хороо одоо байгаа санхүүгийн зах зээлийнхээ хөгжлийг зөв мэдэрч байна гэсэн үг.
-Нэг, хоёрдугаар ангиллын үнэт цаасыг худалдаж авах боломж гарч байгаа гэсэн. Тэгэхээр Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах боломж байгаа юу?
Засгийн газрын бонд угаасаа нээлттэй байгаа. Үүн дээр даатгалын компаниуд нөөц сангийнхаа 100 хувиар ч байрших боломжтой. Нэг, хоёрдугаар ангилалын хувьцаа гэдэг дээр одоогоор манай хөрөнгийн бирж ангилалын журмаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүх хувьцаа маань хоёр, гуравдугаар ангилал дээр байгаа. Нэгдүгээр ангилал гэхээр нэлээд хөрвөх чадвар сайтай, эрсдэл багатай олон улсын үнэлгээний жишигт нийцсэн хувьцаанууд маань энэ рүү байршина. Бид боломжийг нь нээж өгсөн байгаа.
Харин хөрөнгө оруулалтын сангийн байршиж болох одоогоор харж байгаа дээд хэмжээг л бид нар нөөц сангийн 20 гэхээр 13 орчим тэрбум төгрөг болж байгаа. Энэ 13 тэрбум төгрөгийн нөөц сангаар хөрөнгө оруулалтын санг үүсгэх боломж нь даатгалын ком- паниудад өөрт нь нээлттэй байгаа.
-Хөрөнгө оруулалтын сангууд Монголд үйл ажиллагаа явуулдаг юм уу?
Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментын эрх авсан гурван компани байгаа. Яг хаалттай, нээлттэйгээрээ хороонд бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын тусгай зөвшөөрөлтэй сан байхгүй.
-Даатгалын компанитай холбоотой иргэдээс ямар гомдол ирж байна?
Санхүүгийн зохицуулах хороонд ирж байгаа өргөдөл гомдлын 50 орчим хувь нь даатгалын салбар түүний нөхөн төлбөртэй холбоотой байдаг. Тухайлбал, хохирол үнэлгээн дээрээ бодитой гарсан эсэх тухай. Нэгэнт хүний хөрөнгийн асуудал яригддаг учраас аль нэг тал нь гомдолтой байдаг гэсэн үг.
-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохих вэ?
Өнгөрсөн долоо хоногт бид Даатгалын хохирол үнэлэгчдийн холбооны удирдлагатай уулзсан. Нийт хохирол үнэлэгчдийн холбоо маань дундын мэдээллийн баазтай болж байгаа. Өөрөөр хэлбэл, яг нэг ижил хохирол гарлаа гэхэд бүх компаниуд түүнийг нь ойролцоогоор үнэлэх бололцоо нээгдэж байгаа. Тэгэхээр энэ программ хангамжийн асуудал маань шинэчлэгдээд мэдээллийн сан сайн бүрдээд ирэхээр хохирлын үнэлгээтэй холбоотой гомдол багасах байх.