Тим Кук: Америкийн эрх баригчид биднээс зохиомол хорт хавдар бий болгохтой адил зүйл шаардаж байна
2016.02.25

Тим Кук: Америкийн эрх баригчид биднээс зохиомол хорт хавдар бий болгохтой адил зүйл шаардаж байна

АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардино хотод сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүст үйлчилдэг “Inland” төвд үл таних хоёр хүн гал нээж 14 хүн амь эрсдэж, 17 хүн шархадсан билээ. Энэ явдал өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болсон. Гэмт хэрэгтнүүд удалгүй цагдаа нарт алуулжээ.

Тэдний нэг нь iPhone утастай байв. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хэргийн үйл явцыг нарийн тодруулахын тулд түүний утсыг нээх гэж хоёр сар оролдоод чадаагүй байна.

... Энэ оны хоёрдугаар сарын 16-нд Калифорнийн шүүх “Apple” компаниас тусгай программ боловсруулж алан хядагчийн утсыг нууц үггүйгээр, гэхдээ файлуудыг нь устгахгүйгээр  нээж өгөхийг шаардсан шийдвэр гаргав. “Apple” компаний ерөнхийлөгч Тим Кук дараагийн өдөр нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн ...

Тус компаний байр суурийг Facebook, Twitter, түүнчлэн Google, WhatsApp компаниуд дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тим Кук Холбооны Мөрдөх Товчооны шаардлагаар өөрийн үйлчлүүлэгчдийн утсыг эвдэх нь зохиомол хорт хавдар бий болгохтой адил гэж хэлжээ. Тэрээр утсыг нууц үггүйгээр нээх программыг хэзээ  ч зохиохгүй гэдгээ мэдэгджээ. Түүний үзэж буйгаар хэрэв энэ удаа шүүхийн шаардлагыг биелүүлвэл цаашдаа энэ мэтийн утгагүй зүйлийг компаниас шаардаж иргэдээ мөрдөж эхлэх болно.

Үүнтэй зэрэгцэн “Apple” компани үйлчлүүлэгчдийнхээ утсыг АНУ-ын эрх баригчдаар эвдүүлэхгүйн тулд нууцлалын илүү хүчтэй программ зохиож байгаа тухай The New York Times сонин мэдээлэв. Энэхүү шинэ программ нь шүүхээс санал болгосон аргаар ч утсыг нээх боломжгүй болгох юм байна.