Дэлхийн зах зээл дэх 2015 оны хамгийн том хэлцлүүд
2015 онд дэлхийн зах зээл дээр “M&A” буюу компаниудын хоорондоо нэгдсэн үзүүлэлт 2007 оны рекордыг эвдэж нийт хэлцлийн дүн таван их наяд ам.доллараас (10 000 000 000 000 000 гаруй төгрөг) давав.
160 тэрбум ам.долларын (321,2 их наяд төгрөг) хэлцэл
“Allergan” ба “Pfizer” компани (АНУ)
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Америкийн эм үйлдвэрлэгч аварга компани “Pfizer” болон Ирландад бүртгэлтэй үрчлээний эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Allergan” хоёр нэгдэж дэлхийн хамгийн том эмийн компанийг үүсгэх тухай зарлав. Энэ нь эм үйлдвэрлэлийн салбарт хамгийн том, M&A-гийн түүхэнд гуравт орохоор том хэлцэл юм. Хэлцлийн үнэ 160 тэрбум ам.доллар бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст дуусна.
117 тэрбум ам.долларын (234,9 их наяд төгрөг) хэлцэл
AB InBev, SABMiller компаниудын нэгдэл
Таван сарын өмнөөс шар айраг үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох AB InBev өрсөлдөгч компани SABMiller-тэй нэгдэх ажлыг эхлүүлжээ. Экспертүүд уг хэлцлийг шар айраг үйлдвэрлэлийн түүхэнд хамгийн том нь гэж үзэж байна. Хэлцэл 2016 оны сүүлээр дуусна. Хэлцлийн хэмжээ 117,4 тэрбум ам.доллар. Дөрвөн жилийн дараагаас нэгдсэн компани жил бүр 1,4 тэрбум ам.долларын цэвэр ашиг олдог болно.
81 тэрбум ам.доллар (162,6 их наяд төгрөг)
“Shell” болон “BG” компаниудын хэлцэл
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард газрын тосны аварга компани “Shell” Их Британий байгалийн хий боловсруулагч “BG Group”-ийг худалдаж авахаар тохиролцов. BG Group-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаа бүрдээ 3,83 фунт стерлинг авахаар болжээ. Хэлцлийн дүн 81,5 тэрбум ам.доллар бөгөөд хэлцэл дууссаны дараа BG Group-ийнхэн Shell-ийн хувьцааны 19 хувийг эзэмших болно.
67 тэрбум ам.доллар (134,5 их наяд төгрөг)
Мэдээллийн технологийн салбарт хоёрт орох хэлцэл
АНУ-ын “Dell” корпораци, шууд хөрөнгө оруулалтын “Silver Lake” сан хоёр өгөгдөл хадгалах систем үйлдвэрлэгч EMC компанийг худалдаж авахаар шийджээ. Энэ нь 2000 онд хийгдсэн AOL болон Time Warner хоёрын хэлцлийн (165 тэрбум ам.доллар) дараа орох том хэмжээний хэлцэл болов. Dell корпораци энэ хэлцэлд зориулж 40 тэрбум ам.долларын зээл авсан байна.
63 тэрбум ам.доллар
Дэлхийд тавдугаарт орох хүнс үйлдвэрлэгч
Бараг жилийн өмнө АНУ-ын хүнс үйлдвэрлэгч “H.J. Heinz Company” болон “Kraft Foods Group” хоёр нэгдэх хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Шинэ компани “The Kraft Heinz Company” гэсэн нэртэй байх бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээгээр Америкт гуравт, дэлхийд тавдугаарт орох юм байна. Урьдчилсан тооцоогоор шинэ компаний жилийн орлого 28 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна.