Нарны систем дэх ховор металлын “зах зээл”
2016.02.16

Нарны систем дэх ховор металлын “зах зээл”

Люксембургийн Их Гүнт улсын Ерөнхий сайдын орлогч Этьен Шнайдер энэ сарын гуравны хэвлэлийн хурал дээр тус улс сансрын биетүүд, тодруулбал солирууд дээр ховор металл олборлох тухай мэдэгдэв.

Люксембург бол сансрын судалгаанд туршлагагүй орон биш. Тус гүнт улс 1990-ээд онд хиймэл дагуулын холбоог хөгжүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн хамгийн том хиймэл дагуулын операторын нэг “SES” компани нь Люксембургийнх юм.

Энэ компани АНУ-ын “Deep Space Industries”,  “Planetary Resources” компаниуд болон Европын бусад түншүүдтэйгээ хамтраад дэлхий дээр ховор байдаг металлуудыг огторгуйн биетүүдээс гаргаж авах юм байна.

... “Оддын дайн” кино уран зөгнөл байхаа болих цаг ойрхон гэж эрдэмтэд үзэж байна. Сансарт ашигт малтмал олборлоно гэдэг итгэмээргүй сонсогдох ч технологийн үндэс суурь тавигдчихсан. Солир дээр газардах, солирыг өрөмдөх, солирын дээжийг дэлхийд хүргэх аргыг хүн төрөлхтөн бодоод олчихсон ...

 Ерөнхий сайдын орлогч Этьен Шнайдер солир дээр ховор металл олборлох төслийг дэлгэрүүлж ярьсангүй. Учир нь Люксембургийн Засгийн газар нарийвчилсан төсвийг хараахан батлаагүйтэй холбоотой. Урьдчилсан тооцоогоор уг төсөл хэдэн арван тэрбум ам.долларын өртөгтэй боловч амжилттай хэрэгжвэл олох ашиг нь тэрбумаар биш их наядаар яригдана.

Солирууд нь Нарны системийн үүслээс бий болсон ховор металлуудаас бүрддэг бөгөөд тэдгээр нь олборлох боломжтой гүнд байрладаг.

Солир дээр ховор металлыг хэд хэдэн аргаар олборлох боломжтой. Жишээ нь платиновын бүлгийн металлуудыг сансарт урьдчилан боловсруулсны дараа Дэлхий рүү илгээж болно. Төмөр, никель, вольфрам зэргийг сансарт дахин боловсруулж сансрын хөлөг бүтээх, Нарны системийг судлахад ашиглах боломжтой. Мөн химийн аргаар сансарт гаргаж авсан усыг устөрөгч, хүчилтөрөгч болгон задалж сансрын пуужингийн түлш болгон ашиглах арга бий.

... Сансарт ашиг малтмал олборлох судалгааны ажил хэдийнэ эхэлсэн. АНУ-ын “Deep Space Industries”,  “Planetary Resources” компаниуд хамгийн их ховор металлтай солируудыг хайж олдог сансрын хөлгийг бүтээх төсөл дээр ажиллаж байна ...

Эдгээр компани зарим эрх зүйн асуудалтай тулгарч магадгүй. 1967 онд батлагдсан Олон улсын Сансрын хэлэлцээний дагуу сансар дахь ашигт малтмал нь бүх хүн төрөлхтний баялаг юм гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ хэлэлцээрт солир дээр олборлолт явуулах талаар дурдаагүй.

Өнгөрсөн онд АНУ “Сансрын арилжааны нислэгийн өрсөлдөх чадварын тухай” хууль баталсан. Уг хуулийн дагуу солир дээр олборлосон ашигт малтмал нь Америкийн компаниудын өмч юм байна. Гэхдээ экспертүүд энэ хууль 1967 оны хэлэлцээг зөрчсөн гэж үздэг.