Хог хаягдлаар амны жижиг цааснаас эхлээд барилга барьж байна
2016.02.17

Хог хаягдлаар амны жижиг цааснаас эхлээд барилга барьж байна

Хог боловсруулах үндэсний өдөртэй

Америкчууд 120 жилийн өмнөөс хог боловсруулах тухай бодож эхэлсэн байна. 1895 онд Нью-Йорк хотод хог ангилах, боловсруулах анхны төв байгуулагдаж байв. Өнөөдөр АНУ-д хаягдал төмөр дахин боловсруулах нь төмрийн хүдэр олборлосноос илүү ашигтай.

Хог хаягдлын асуудлыг тусгайлан авч үзэх болсноор АНУ-ын Засгийн газар иргэдээ хогоо ангилж, хогоо дахин боловсруулах завод руу илгээхийг уриалж эхэлжээ. Ийм заводууд жил ирэх тутам олон болов. Үр дүнд нь 2000 он гэхэд нийт хог хаягдлын 32 хувийг дахин боловсруулан зах зээлийн эргэлтэд буцаан оруулж, 61 хувийг нь булж, долоон хувийг нь шатаадаг болжээ.

... Энэ үед улс орон даяар хог ангилах, дахин боловсруулах 9700 хөтөлбөр хэрэгжиж, органик хог хаягдлаар бордоо хийдэг 3800 цех ажиллаж байв. Түүнчлэн ахуйн хатуу хог хаягдлыг ангилах кампанит ажлууд өрнөж байлаа ...

Түүнээс гадна АНУ-д  1997 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ныг Хог боловсруулах өдөр болгон тэмдэглэсээр 20 жил болох гэж байна. Энэ өдөр Засгийн газар хог дахин боловсруулах хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулж, шинэ хөтөлбөр зарладаг. Сайн ажилласан компаниудыг шагнаж урамшуулдаг байна.

Хүн амын дунд хүчтэй кампанит ажлууд өрнүүлсний хүчинд өнгөрсөн зууны төгсгөл гэхэд америкчууд хогоо ангилдаг дадалтай болжээ.

Гурван "R" систем ашиглаж 20 сая тонн хог хаягдал боловсруулна

АНУ-д мужийн түвшинд гурван төрлийн хог цуглуулах хөтөлбөр. Орон сууцанд суурилуулсан хог гадагшлуулах хоолой руу зөвхөн уутанд хийсэн хоолны үлдэгдлийг хаядаг. Ангилах боломжгүй хог хаягдлыг тусгай уутанд хийнэ. Цаасан хаягдлыг давхарлан боож, лааз, лонхыг орон сууцны гадна байрлах контейнерт цуглуулдаг.

Зарим мужид хогийн хоолойгүй орон сууцны гадна шил, төмөр лааз, хуванцар хаягдал, цаас, хоолны үлдэгдэл гэх мэт хогийн төрөл болгонд зориулсан контейнерийг байрлуулдаг. Хог ачих машинууд нь хүртэл тэвшиндээ хэд хэдэн тасалгаатай.

 Айлуудын хогийг тарифын тодорхой нөхцөлтэй ачна. Хогоо ангилаагүй бол ачих үнэ өндөр, ангилсан бол үнэгүй.

Түүнээс гадна зарим дэлгүүрийн гадна хуучин хувцас хийх хайрцаг байрлуулж дараа нь ядууст тараах жишээтэй. Цахилгаан барааны дэлгүүрийн орчимд хаягдал зай хийх контейнерийг байрлуулдаг. Мөн лонх, лааз хүлээн авах автомат машиныг дэлгүүрт суурилуулдаг. Худалдан авагчид уг машиныг ашиглах дуртай. Учир нь АНУ-ын хуулийн дагуу дахин боловсруулах боломжтой сав, баглаа, боодлыг эргүүлж  өгвөл худалдаж авсан барааны үнээс багахан хэсгийг буцааж олгодог.  

Сүүлийн жилүүдэд АНУ-д гурван “R”-ын хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ нь “Reduce, Reuse and Recycle” буюу «хэрэглээг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн үг юм. Уг хөтөлбөр нь 2020 оны төгсгөл гэхэд жилд 20 сая тонн хог боловсруулж хогийн цэгийн тоог багасгах зорилготой юм.

Дахин боловсруулсан хогоор юу хийдэг вэ?

Мужийн захиргаад хогийг үр дүнтэй ашиглахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Жишээ нь Калифорнид хаягдал хийг цуглуулж ашигладаг. Учир нь хаягдал хийгээс  ялгардаг метан нь асар их хүлэмжийн нөлөөтэй. Харин үүнийг түлш болгон ашиглавал мөнгө хэмнэхээс гадна агаарт хаягдах нүүрсхүчлийн хийг багасгадаг.

Хогийн цэгүүдийг багасгах зорилгоор Засгийн газар хог боловсруулдаг компаниудыг дэмждэг.

... АНУ-д эдүгээ 550 компани хог боловсруулдаг бөгөөд хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргадаг. Тухайлбал цаасны хаягдлаар ил захидал, цүнх, амны цаас, дэвтэр үйлдвэрлэдэг байна ...

Шилэн хог хаягдлыг барилгын материал хийхэд ашигладаг. Жишээ нь Лас-Вегаст  9150 кв.м талбайд хагас сая лонхноос гаргаж авсан материалаар гурван давхар байшин барьжээ.