МАН Үндсэн хууль зөрчсөн ажиллагаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2016.02.18

МАН Үндсэн хууль зөрчсөн ажиллагаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Танай нам ээлжит бус чуулган хуралдуулах асуудлыг дэмжихгүй байгаа. Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах асуудалтай уүнийг ойлгож болох уу?

-Энэ бол асуудлын ердөө нэг тал нь. Ер нь ээлжит  бус чуулганаар хэлэлцэхээр оруулж байгаа хуулиудыг ийм богино хугацаанд хэлэлцэж, батлах боломжгүй л дээ. Өнөөдөр улс төрийн хүрээнд үүссэн хамгийн анхаарал татсан, ноцтой асуудал бол Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татахтай холбоотой асуудал. Эл асуудпаар УИХ-ын Тамгын газрын даргаасаа эхлээд хууль зөрчиж, олонхи хүч түрэмгийлж байгаа учраас МАН ийм Үндсэн хууль зөрчсөн ажиллагаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн Цэцийн даргыг хууль зөрчсөн эсэхийг тогтоодог хууль хяналтын байгууллага бий Гэтэл УИХ-ын Тамгын газрын дарга Үндсэн хуулийн Цэцийн даргын албан бичгийг үндэс болгоод хууль зөрчсөн гэж Дзэд шүүхэд бичиг явуулсан. Үндсэн хуулийн Цэцийн хуулиудад УИХ нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар иргэдийн мэдээллээр Цэц маргаан үүссэн байсан.

Ийм нөхцөлд УИХ дээрх хуулиудын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан бичгийг л Үндсэн хуулийн Цэцийн дарга УИХ-д ирүүлсэн. Төрийн институц хооронд иймэрхүү албан бичгээр харилцах явдал жирийн үзэгдэл, энд хууль зөрчсөн гэх зүйл харагдахгүй байгаа.

-УИХ Цэцийн гишүүнийг томилдгийн хувьд асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж АН-ынхан мэдэгдэж байгаа шүү дээ?

-Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг эхлээд Үндсэн хуулийн Цэц дотроо хэлэлцэн шийдээд анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ шийддэг. Ж.Амарсанаа дарга Улсын дээд шүүхийн саналаар Цэцийн гишүүн болсон. Тэгэхээр хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг нь шүүх тогтоогоод, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцээд эгүүлэн татах нь зүйтэй гэвэл саналаа УИХ-д ирүүлдэг хуультай. Энэ бүхнийг зөрчөөд, эргүүлэн татах асуудпыг олноороо хүч түрэн кноп дараад шийдэх юм бол цаашид юуг ч, яаж ч шийдээд байх аюултай жишиг УИХ-д тогтож магадгүй. Парламент хууль тогтоогчийн хувьд өөрөө хуулиа дээдлэн сахидаг байх ёстой.

-Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн даваа гаригт хуралдаад Цэцийн тухай хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад зөрчсөн заалтуудын үйлчлэлийг түдгэлзүүлсэн байна. Тухайлбал, Цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол... гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна?

-Энэ заалт нь өөрөө хэт өргөн агуулгатай заалт л даа. Жишээ нь, ямар хууль зөрчвөл гэдэг асуудал гарна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол эргүүлэн татах уу. Эрх бүхий байгууллага гэдэг нь ямар байгууллага юм бэ. УИХ-ын Тамгын газар, аль нэг байнгын хороо зөрчлийг тогтоодог эрх бүхий байгууллага болох уу гээд олон асуудал тулгарна.

-Цэцийн гишүүний насны хязгаарыг юу гэж бодож байгаа вэ. Насны хязгаараараа бол хэд хэдэн хүн ажлаа өгөхөөр болсон байна лээ?

-Насны хязгаар тогтоохыг буруу гэж би үзэхгүй байгаа. Харин нэгэнт Үндсэн хуульд заасан зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаар томилогдоод үүргээ гүйцэтгэж байхад нь насаар хязгаарласан хууль гаргаад, албан тушаалаас нь чөлөөлнө гэвэл Үндсэн хууль зөрчсөн, Цэцийн гишүүний бүрэн эрхэд халдсан асуудал болно. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг улируулан томилох асуудлыг ч гэсэн хууль гаргаж хязгаарлах шаардлага байхгүй. Цэцийг УИХ томилдог. Санал болгодог байгууллагууд нь нэг удаа улиран томилогдсон хүнийг санал болгохгүй, УИХ тийм хүнийг томилохгүй л байна биз дээ. Тэгээд ч 3-4 удаа дахин томилогдох нь насаар хязгаарлагдах л юм байна лээ.

Үнэхээр шударга, чадварлаг, мэргэшсэн хүн байгаад тэр хүн хоёр удаа дахин томилогдохыг үгүйсгэх аргагүй. Жишээ нь, 45 настай залуу хүн томилогдоод үнэхээр өөрийгөө харуулж шударга ажиллаж чадаж байвал хоёр удаа дахин томилогдоход 18 жил ажиллана. Ингэж бодвол тэр хүн 63 хүртлээ ажиллана гэсэн үг. Үндсэн хуулиар Үндсэн хуулийн Цэцийн даргын хувьд дахин нэг удаа сонгогдох, харин гишүүний хувьд хязгаарлаагүй л байхгүй юу.

-Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээж баталбал Цэц аль нэг гишүүний саналаар Дахин хянаж Их суудлаараа хэлэлцэнэ гэсэн заалтыг хүчингүй болгох хууль яваа гэсэн. Тэр нь ямар учиртай вэ?

-Үндсэн хуулийн Цэц шүүх юм бол шүүхийн шийдвэрийг УИХ ч биелүүлэх ёстой. Шүүхийн эцсийн шийдвэрийг үл тоогоод Үндсэн хууль зөрчсөн хууль, тогтоол гаргах эрх УИХ-д байхгүй. УИХ хязгааргүй эрхтэй байх юм бол Үндсэн хуулийн шүүх гэж ер нь байгаад яах юм бэ. УИХ-д хяналт тавих эрхтэй, үүрэгтэй ганц байгууллага нь Үндсэн хуулийн Цэц биз дээ. Тэгэхээр энэ өргөн барих гэж байгаа хууль нь буруу л гэж би үзэж байна. Ер нь энэ бүхэн нь УИХ-ын дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга нарын хооронд явагдаад байгаа хувийн асуудал давамгайлаад хуулийг гууль болгоод байна уу даа гэсэн бодолд хүргээд байна.

-Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” болон “Хүн амын орлогын албан татварын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ-аар батлууллаа. Хуулийн гол ач холбогдол юу байв?

-Баруун бүсээс сонгогдсон С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Дашдорж нарын гишүүдтэйгээ хамтран алслагдсан бүсийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар сар шинийн өмнөхөн батлууллаа. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй ч нийслэл хотдоо хэт төвлөрөл- үүсч, хүн амын барагтал хувь нь амьдарч байна. Хөдөөд ажлын байр хомс, амьжиргааны өртөг зардал өндөр байдгаас хотыг чиглэсэн их нүүдэл хөвөрч, үүний улмаас гэр хороолол өргөжиж, агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бий болсон.

Харин хөдөөд ажиллаж, амьдрах орчныг нь дэмжээд өгвөл нутаг орондоо ажиллаж, амьдрах хүсэлтэй байгаагаа иргэд уламжилдаг. Энэхүүхүсэлтийг бүсийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх замаар төрөөс шийдэх боломжтой. Энэ хуулиар ажлын байр бий болгож, үйлдвэрлэл бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс цааш алслагдсан орон нутагт гурван жилийн хугацаанд 50 хувь, 1000 км-ээс цааш алслагдсан орон нутагт 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих боломжтой болох юм. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэпкиж, аж ахуйн нэгжүүдийг хөл дээр нь босгоход том үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

-Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийг санаачилсан гишүүдийн нэг нь та. Хуулийн давуу тал нь юундаа оршиж байгаа вэ?

Сүүлийн гурван жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эх байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байна. Эндээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 40433, эцэг 7971 байна. Бүр нарийн тоо хэлбэл, эдгээр эцэг, эхчүүдийн 80 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх амаргүй үүргийг гүйцэтгэдэг юм байна. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын үнэн.

Түүнчлэн өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна. Сэтгэл санааны хямралаасаа богино хугацаанд гарч чадахгүйн улмаас амьдрал нь уруудан доройтох, амьдрал ахуйгаа хэвийн авч явах чадамжгүйгээс болоод хүүхэд хохирох зэрэг сөрөг үр дагаврууд гарсаар байдаг. Тийм учраас өрх толгойлсон ганц бие эцэг, эх болон тухайн гэр бүлд өсч буй хүүхдийг дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж, М.Энхболд, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нарын гишүүдтэй хамтран энэ хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд уг нь их л тустай хууль байгаа юм.

-Олон улсад иймэрхүү жишиг байдаг уу?

-Олон улсын туршлагаас харахад өрх толгойлсон ганц бие эцэг, эхийг бүртгэлжүүлэн, орон нутгийн нийгэм хамгаалал, хөгжлийн газраас холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авах эрхийг нээж өгдөг юм байна. Халамжийн үйлчилгээнд өрх толгойлсон эцэг, эхээс гадна түүний гэрлээгүй, ажил эрхэлдэггүй 18-аас доош насны хүүхэд, 18-аас дээш настай боловч хөгжлийн бэрхшээлтэй, бие даан амьдрах чадваргүй хүүхдүүд хамрагдаж үр ашгийг нь хүртдэг жишиг ч бий. Тийм учраас төр үнэхээр ард иргэддээ хандсан бодлого явуулдаг юм бол энэ хуулийг батлан гаргах байх.