“Тэр заалт байхгүй байгааг хэн ч анзаараагүй”
2015 оны сүүлээр баталсан Сонгуулийн шинэ хуулинд “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалт тусаагүй. Тэгэхээр уг хуулинд өөрчлөлт оруулах боломж нээлттэй гэсэн үг. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа. Тэрээр тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө аль ч шатны сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг холбогдох хуульд тусгаж ирсэн ч энэ удаад УИХ Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахдаа эл заалтыг оруулаагүй гэх яриа байна. Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн хуульд угаасаа энэ заалт байгаагүй юм уу, байсныг нь хэргээр ажлын хэсгийн төвшинд хасчихсан юм уу?
-УИХ-ын намрын чуулганаар баталсан Сонгуулийн хууль нь бараг дөрвөн ч шатны сонгуулийн хуулийн нэгдэл юм. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг нэгтгээд тус бүрийнх нь онцлогийг тусгасан. Энэ хуулийн төслийг Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд угаасаа “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалт орж ирээгүй. Хуучин мөрдөж байсан хуулиудад бол тийм заалт байсан. Өргөн мэдүүлсэн хуульд тэр заалт байгаагүй, нэгэнтээ ажлын хэсгийн хүрээнд энэ асуудал яригдаагүй учраас тэр чигтээ явсан.
-Тэгэхээр ийм заалт хуульд байхгүйг эхнээсээ мэдээгүй, гишүүд санал гаргаагүй учраас санаа ч үгүй гэсэн үг үү?
-Ний нуугүй хэлэхэд УИХ-аар Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд ч гишүүд ийм заалт байсан, байгаагүйг анхаараагүй, мэдээгүй.
-Тэгэхээр маш чухал заалт орхигдсоныг хэзээ мэдсэн гэсэн үг вэ. Сонгуулийн хууль батлагдаад эцсийн найруулга сонссоны дараа л мэдэж гэж ойлгож болох уу?
-Тийм.
-Одоо тэгэхээр яах вэ. Сонгуулийн хуульд хэзээ ч өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл байдал үүсч, дархлаагүй болгочихсон биш үү. Парламентад суудалгүй намууд “Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гээд мэдэгдэл хийгээд байгаа. Өмнө нь суулгаж ирсэн заалтыг орхигдуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Сонгууль дөхсөн үед Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь тийм амар биш. Яагаад гэвэл УИХ-д байгаа нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжийг улс төрийн талаасаа олгохгүй. Дураараа загнадаг хууль биш шүү дээ. Амар өөрчлөхгүй.
-Сонгуулийн хууль өмнөхөөсөө сайжирсан гээд байсан, бүр дордчихсон юм биш үү, тэгэхээр?
-Урьд нь мөрдөж байсан хуулийг 100, 50 хувь өөрчилсөн асуудал биш. Сонгуулиас сонгуулийн хооронд Сонгуулийн хуулийг боловсронгуй болгож сайжруулж ирсэн. Муутгасан заалт байхгүй.
-Одоо яах вэ. Энэ заалтаа оруулъя гэвэл тийм боломж байгаа юу?
-Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Гарцаагүй бодит шаардлага байвал УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь нээлттэй. Хуульчлах шаардлагатай гэж үзвэл ярьж болно. Тэгэхдээ тийм шаардлага байна уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна.
-Сонгуулийн ерөнхий хорооноос энэ талаар УИХ-д, мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд санал ирүүлсэн болов уу?
-Одоогоор санал тавиагүй байна.
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт Үндсэн хуульд давхар туссан байдаг уу?
-Тийм зүйл Үндсэн хуульд байхгүй.
-Парламентад суудалгүй намууд “Сонгуулийн хуулиар хоёр том нам жижгүүдээ хавчиж байна. Үндсэн хуультай нийцэхгүй байгаа” гэдэг мэдэгдлийг хийсэн. Хэр үндэслэлтэй вэ. Орхигдуулсан заалтаар Цэцэд гомдол гаргавал яах вэ?
-Албан ёсоор хандсан юм алга. Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Цэцэд хандах иргэдийн эрх нээлттэй. Сонгуулийн тухай хуулийн үйлчлэл нь эхэлчихсэн, хоног хоногоор өөрчлөлт оруулах асуудал багасч байгаа.
-Намрын чуулган өндөрлөхийн өмнө УИХ-ын сонгуультай холбоотойгоор холбогдох шийдвэрийг гаргасан. Сонгуулийн ерөнхий хороо хэр бэлтгэл хангаж байгаа бол. Танд мэдээлэл байна уу?
-Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Жишээ нь, сонгуулийн санал авахаас 150-иас доошгүй хоногийн өмнө сонгуулийн тойрог, төв мандатын тоог тогтоох ёстой байсан. Энэ асуудал УИХ, аймаг, нийслэлийн хүрээнд явж байна. Дээр нь сонгуулийн хэсгийн хороо байгуулах асуудал санал авахаас 150 хоногийн өмнө шийдэгдэх ёстой. Сонгуулийн тов тогтоох УИХ-ын тогтоол гарсан учраас энэ асуудал явж байна. Графикийн дагуу ажлууд явж байна.
-Сонгууль зохион байгуулахад төсөв мөнгө нь хүрэлцээтэй юу. Хэдий хэмжээний мөнгө тусгасан юм бэ?
-Энэ жилийн УИХ-ын сонгуульд улсын төсвөөс 17 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бүрэн хүрнэ гэж бодож байна. УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль хамтдаа явах учраас зардлаа хуваана. Саналын хуудас хэвлэхэд Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн журмаар хэвлүүлнэ. Тусдаа явуулахаар хуульчилсан бол тэр хэрээр зардал гарах байсан. Төрийн захиргааны зардал ч мөн хэмнэгдэж байгаа.
-Ээлжит бус чуулган маргааш дахин товлогдсон. Ирц бүрддэг болов уу?
-Бүлгүүдийн үйл ажиллагаанаас шалтгаална. Явцуу улс төр, явцуу эрх ашгаа бодвол ирц бүрдэхгүй. Уг нь хаврын чуулган сар гаруйхан хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн чухал хуулиа баталж чадахгүй учраас нэгэнтээ зарласан ээлжит бус чуулганаар эдгээр асуудлаа шийдье гэвэл ирцээ бүрдүүлэх шиг амархан юм байхгүй. Бүх гишүүн байна. Ганцхан улс төрийн өнцгөөр асуудалд хандаад танхимд орж ирэхгүй өрөөндөө суугаад байна шүү дээ.
-Ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйгээс хойшилж байсан тохиолдол өмнө бий болов уу?
-Тэр тухай хэлж мэдэхгүй байна.