Жорж Сорос Хятадын дайсан болов
2016.01.28

Жорж Сорос Хятадын дайсан болов

Америкийн нэрт санхүүч Жорж Сорос Хятад гэсэн нэг том дайсантай болов. Хятадын Коммунист намын төв хэвлэл «Жэньминь Жибао» сонин тэргүүн нүүрэндээ “Хятадын валютад дайн зарлав уу? Ха ха ха” нэртэй өгүүлэл нийтэлж Соросыг юаний эсрэг дайн эхлүүлсэн гэж буруутгажээ. Энэ нь Жорж Сорос Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулган дээр Хятадын эдийн засаг “хатуу газардана” гэж хэлсэнтэй холбоотой аж. Харин экспертүүд дэлхийн хоёр дахь эдийн засагт нөлөөлөх чадалтай санхүүч байхгүй гэж үзэж байна.

... “Дэлхийн санхүүгийн зах зээлийн ангууч Жорж Сорос Давосын чуулган дээр юаний эсрэг дайн зарласан. Гэхдээ тэр амжилт олохгүй” гэж «Жэньминь Жибао»-д бичжээ ...

Эндээс харахад Хятадын эрх баригчид Соросыг нэг номерын дайснаа болгов бололтой. Хятадууд Соросыг Азийн орнуудын үндэсний валютыг унагасан гэж нэг бус удаа буруутгаж байжээ. Тухайлбал 1997-98 онд Азид санхүүгийн хямрал нүүрлэсэн нь түүнээс болсон гэж үзжээ.

Уг нийтлэлийг бичсэн Хятадын Худалдааны яамны мэргэжилтэн бичихдээ “Тэр Хятадын юань, Хонконгийн долларт дайн зарлаад амжилт олохгүй. Үүнд эргэлзэх хэрэггүй. Харин ч Хятад улс Азийн орнуудтай санхүүгийн зах зээлд илүү ойр ажиллах болно” гэжээ.

Гэхдээ чухам ямар шалтгаанаар Сорос хятадуудын дургүйг хүргэв гэдэг нь сонирхолтой. Өнгөрсөн долоо хоногт Жорж Сорос “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө “S&P 500” буюу АНУ-ын хөрөнгийн биржийн индекс (Standard & Poor’s агентлагийн гаргасан Америкийн шилдэг 500 компаний жагсаалт) болон Азийн үндэсний валютуудын ханш унана. Улс орнуудын эдийн засаг хатуу газардах нь зайлшгүй. Зарим эдийн засаг хатуу газардаж буйг би аль хэдийнэ ажиглаж байна” гэж хэлжээ. Тэрээр Хятадаас гадагшаа их хэмжээний хөрөнгө урсаж, гадаад болон дотоод өрийн хэмжээ өссөн байдал нь уналт эхэлсний үндсэн шинж тэмдэг гэжээ. Мөн Жорж Сорос энэхүү хямрал нь бусад улсын эдийн засагт хүндээр тусна гэдгийг онцолжээ. Үнэхээр Хятадад газрын тосны эрэлт буурсан нь энэ бүтээгдэхүүний үнэ унах үндсэн шалтгаан болсон учраас түүний хэлсэн ортой.

Хятадын эдийн засгйин өсөлт удааширч үйлдвэрлэл, экспортын хэмжээ буурч байгаа нь үнэн. Хятадын Ардын банк 2015 оноос хойш хоёр ч удаа юанийн ам.доллартай харьцах ханшийг сулруулсан билээ.