Зочид буудал дахь Засгийн газар
Ливийн Ерөнхий сайд Файез Сарраж
2016.02.01

Зочид буудал дахь Засгийн газар

Өнгөрсөн нэгдүгээр сарын 25 нд Ливи улсын “Үндэсний зөвшилцлийн” тодотголтой шинэ Засгийн газар албан ёсоор байгуулагдав. Энэ нь НҮБ-ын санаачлагаар Ливийн хэд хэдэн бүлэглэлийн дунд жил орчим үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд байгуулагдаж буй Засгийн газар юм.

Үндэсний зөвшилцлийн Засгийн газрыг НҮБ болон Европын холбооны гишүүн орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Ингэснээр Ливийн Ерөнхий сайд Файез Сарраж бүх дэлхийд Ливи улсыг төлөөлөх эрхтэй болов. 32 хүнээс бүрдсэн уг Засгийн газар улс орондоо энх тайвныг тогтоож, хил орчмын хяналтыг сэргээж Европ руу чиглэсэн дүрвэгсэдийн урсгалыг хязгаарлах, түүнчлэн “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх гол зорилго тавьжээ.

... Гэхдээ шинэ Засгийн газрыг хэлбэрийн төдий гэж хэлэх үндэс бий. Учир нь аюулгүй байлгах үүднээс Засгийн газар Ливид биш Тунист, түүгээр зогсохгүй нийслэлийн нэгэн зочид буудалд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна...

Түүнээс гадна Ливийн парламентуудын нэг нь ч шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй.

Ливийн албан ёсны парламент одоогоор Тобрук хотод байгаа бөгөөд гишүүд нь  хөлөг онгоцон дээр амьдарч байна. Хэрэв аюул нүүрлэвэл зангуу хураан далайд гарахад бэлэн. Харин Ливийн нийслэл Трипольд албан ёсны парламентыг хөөж гаргасан, лалын хэт даврагсадын байгуулсан парламент ажиллаж байна.