З.Энхболд “арьсаа хамгаалах”-ын тулд ээлжит бус чуулган хүртэл зарлалаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Намрын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Та хууль тогтоогчийнхоо хувьд энэ чуулганд ямар дүн тавих вэ?
-Багагүй ачаалалтай, улстөржилт ихтэй чуулган болж өнгөрлөө. Яагаад гэхээр сонгуулийн өмнөх чуулган учраас улс төрийн намуудаас аливаа акци их гаргалаа. Ялангуяа З.Энхболд тэргүүтэй АН-ынхны зүгээс хууль бус үйлдлийг хуулиар далайлган хийх оролдлогыг нэлээд гаргаж байна. Тэр дундаа Үндсэн хуулийн Цэц рүү дайрч, Засгийн газарт халдаж байна. Хуулийн нэрэн дор төрийн байгууллагууд руу халдах явдал олон удаа гарч байгаа учраас энэ намрын чуулган багагүй ачаалалтай байлаа гэж дүгнэж байна. Хэлэлцэх асуудлын хувьд хугацаандаа амжаагүй учраас цөөнгүйг нь ээлжит бус руу шилжүүлсэн л дээ.
-Товлосон асуудлуудаа хэлэлцэж амжаагүй шалтгааныг та яаж харж байна вэ?
-Цөөнгүй удаагийн чуул ган ирцээс болж гац-сан. Улс төрийн халуун өрнөлөөс болоод бүлгүүд ч нэлээд завсарлага ав-лаа. Парламент бол зөвшилцлийн байгууллага. Гэтэл харамсалтай нь энэ намрын чуулганд олонхи нэлээд хүч түрсэн байдалтай байсан нь бусад бүлгийн эсэргүүцэлтэй их туллаа л даа.
-Цэцтэй холбоотой асуудлаар танай бүлгийн авсан завсарлага энэ долоо хоногт дуусна. Ер нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татах, насны хязгаар зааж тэтгэвэрт нь суулгах ажиллагаа ойрын өдрүүдийн гол сэдэв болж таарна. Энэ процессыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Үнэхээр Цэцийн даргыг эгүүлэн татах зайлшгүй нөхцөл үүссэн үү?
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг ямар байдлаар эгүүлэн татахыг хуульд маш тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 65.4-т Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татахад гурван нөхцөл бүрдсэн байх ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зөрчиж, гэмт хэрэгт холбогдсоныг шүүхээр тогтоосон байх ёстой. Хоёрдугаарт, Цэцээс УИХ-д хандсан байх ёстой. Гуравдугаарт, тухайн хүнийг анх томилуулах санал гаргасан газар нь эгүүлэн татах саналаа ч мөн гаргасан байх ёстой. Гэтэл энэ удаагийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудалд дээр дурдсан гурван үндэслэл бүрдээгүй байгаа юм. Тодруулж хэлбэл, Цэцийн гишүүн Ж.Амарсанаа хууль зөрчсөн эсэхийг зохих байгууллага нь тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, энэ хүний хууль зөрчсөн эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтоодог болохоос УИХ-ын Тамгын газар тогтоодог юм биш. Түүнчлэн анх энэ хүнийг санал болгосон Улсын Дээд шүүхийн 25 гишүүн нь хуралдаж, томилуулсан хүнээ буцааж татах санал гаргасан байх ёстой. Гэтэл өнөөдөр ч Дээд шүүхийн 25 гишүүн хуралдаагүй байна.
-Гэхдээ Дээд шүүхээс ирүүлсэн бичиг 25 хүнийг төлөөлнө гэж үзээд байгаа юм биш үү?
-Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт “Үүнд тусгайлан санал байхгүй” гэсэн бичиг ирүүлсэн шүү дээ. Энэ бол санал биш гэж бид үзэж байгаа. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн Цэц хуралдаад гишүүнээ эгүүлэн татах саналыг бидэнд ирүүлээгүй байна. Тиймээс дээр дурдсанчлан гурван нөхцөл бүрдсэн тохиолдолд асуудлыг цааш нь үргэлжүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх хуулийн нөхцөл бүрдээгүй байна. Түүгээр ч барахгүй энэ асуудлыг оруулж ирэхдээ нэн яаралтай хэлэлцэх горимоор оруулж ирсэн. Энэ нь УИХ-ын дэгийн тухай болон холбогдох хуулиудыг зөрчсөн. Тиймээс манай намын бүлэг завсарлага авсан. Бид завсарлагынхаа хугацаанд судлаад үзэхэд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах гурван нөхцөл бүрдээгүйгээр хууль зөрчиж, улс төрийн зорилготой ажиллагаа эхлүүлсэн нь ил боллоо. Нэг ёсны улс төрийн зорилготойгоор З.Энхболд тэргүүтэй АН-ынхан Үндсэн хуулийн Цэц гэдэг төрийн томоохон институц, хууль сахиулах гол байгууллагыг тоглоомынх болгох оролдлого хийж байгаа нь хэний ч нүдэнд ил байна шүү дээ.
-Хэдийгээр Цэцээр оролдох нь буруу гэх шүүмжлэл их гарч байгаа ч ээлжит бус чуулганаар энэ асуудлыг эцэслэж таарна биз дээ?
-Ээлжит бус чуулганд ганцхан зорилго бий. Энэ нь Үндсэн хуулийн бүрхэлдэхүүнийг өөрчлөх. Үүнийгээ дагуулаад АН-ыг тоглоомын байгууллага болгох. Нэг ёсондоо энэ ээлжит бус чуулганаар Цэцийн дөрвөн ч гишүүний асуудлыг ярьж магадгүй байна.
-Энэ удаагийн чуулганаар Цэцийн асуудал хурц байснаас гадна Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах эсэхийг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Гэтэл цөөнхийн бүлэг засаг огцруулах оролдлого хийсэн гэх яриа гарсан. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Энэ намрын чуулганы хугацаанд Засгийн газрыг огц-руулах асуудлыг нэр бүхий 13 гишүүн гаргасан болохоос МАН гаргаагүй. Харин манай намын бүлэг дэмжсэн. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээс илүү өнөөдөр ер нь нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ, анх гарч ирэхдээ эдийн засгаа эрүүлжүүлнэ гэчихээд МАН-ын үед 17 хувьтай байсан эдийн засгийг 2.8 болгож бууруулсан, ам.долларын ханш 2010-аас дээш гараад явчихлаа, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж манай бүлэг дээр орж ирж ярьж байсан. Энэ бүхэн нь үндсэндээ гацаанд байна. Ерөөсөө эдийн засгийг сайжруулах том амлалт нь эсрэгээрээ болж байгаа учраас энэ Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг бид барьсан.
-Танай намын бүлгээс УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг давхар шаардсан нь ийм яриа гарахад хүргэсэн байх л даа?
-Цөөнх З.Энхболд руу дайрсан гэхээсээ энэ хүн өөрөө Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөд байгаа учраас Цэц дээр асуудал үүсээд байгаа юм шүү дээ. Тийм учраас Цэцийн асуудлыг УИХ-ын дарга хөндөөд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж харж байгаа. Өөрийнх нь асуудлыг Цэцээр хэлэлцээд эхлэнгүүт өөрийнхөө дураар, өөрийнхөө хүмүүсээр Цэцийг бүрдүүлэх гэж оролдож байгаа нь маш бусармаг үйл ажиллагаа. Нэг ёсондоо үгэнд ордоггүй гишүүдийг солих оролдлогыг АН эхлүүлчихээд байна. З.Энхболд өөрийнх нь асуудлыг Цэц хэлэлцэхээс өмнө гишүүдийг нь солихын тулд буюу “арьсаа хам-гаалах” гэж ээлжит бус чуулган хүртэл зарлаж байна шүү дээ.
-Таны хувьд өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хэчнээн хууль дээр суув. Үр дүн ямар байв?
-Цөөнгүй хууль дээр суусан. Тухайлбал, миний санаачлан өргөн барьсан хуулиудаас Худалдааны тухай хууль хэлэлцүүлгийн шатанд байна. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, мал аж ахуйн салбарт ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцох агуулга бүхий хуулийн төсөл 1.2 жилээр болж буюу арай өөрөөр батлагдаж байна. Мөн Органик хүнсний тухай хуулийг энд нэрлэж болно. Мөн Боловсролын тухай болон бусад хэд хэдэн хуулийн төсөлд орж ажилласан. Ерөнхийдөө санаач лан өргөн барьсан хуулиудыг маань хэлэлцсэн байна. Нийтдээ найман хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа.
-Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд нэг намын ерөнхий нарийн бичгийн дарга “аавын хаалга” татсан асуудал олны анхаарлаас холдоогүй байна. Намынхаа санхүүжилтийг босгох гэж байгаад өөрөө хохирсноо яриад байгаа. Ер нь намын санхүүжилтийн асуудлыг ямар байдлаар шийдвэрлэвэл зөв зүйтэй юм бэ?
-Улс төрийн намын санхүүжилтийг ил тод, шилэн болгох ёстой. Улс төрийн намуудын санхүүжилтийг дагасан хардлага сэрдлэг олны дунд маш өндөр байна. Тиймээс намууд өөрийнхөө санхүүг олон түмэнд ил тод болгох хэрэгтэй байгаа юм. Уг нь Улс төрийн намын хуулийг бүхэлд нь өөрчлөх биш Улс төрийн намын санхүүжилтийн хууль гэж тусад нь гаргах хэрэгтэй байгаа юм. МАН-ын хувьд томоохон туршлагатай улс төрийн хүчин учраас санхүүжилтийн хувьд ямар нэг хууль зөрчсөн зүйл байдаггүй. Мэдээж хуулийн хүрээнд санхүүжилтээ босгох шаардлага аль ч улс төрийн хүчинд байгаа. Гагцхүү ард түмний итгэл авч байж санхүүжилт дэмжлэг ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүү идэвхтэй явах ёстой.