Цагаан сараас өмнө зээлийн хүүг бууруулахыг хүслээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2016.02.02

Цагаан сараас өмнө зээлийн хүүг бууруулахыг хүслээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Түүний дараа тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Сар шинийн баяраас өмнө малчдын зээлийн хүүг бууруулна гэж амласан. Энэхүү амлалтаа хий хоосон зүйл болгохгүйгээр бууруулж иргэдээ тэр дундаа малчдыг баярлуулах хэрэгтэй. Мөн шатахууны үнийгяаралтай бууруулах хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн сар шинийн баяраас урьтаж жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван  хувь болгон бууруулахыг Засгийн газраас хүсч буйгаа илэрхийлж байлаа.

Энэ үеэр ОХУ-д манай улсын Засгийн газар 3.8 сая ам.долларын өрийг 30 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээгээд байгаа талаар сэтгүүлчдийг сонирхоход “2010 онд одоогийн Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой Монголросцветметийн төлбөрийн өрийг уламжпалт харилцааны дагуу шийдвэрлэхээр тохирсон. Үүний дагуу Оросын Төрийн Думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл 2010 онд хоёр улсын Ерөнхий сайдын хэлэлцээрийн дагуу их өрийг тэглэсэн зарчимтай адил гэж үзээд 2.5 хувьд ногдох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор барагдуулахаар болсон. Үлдэж буй 97.5 хувийг шууд тэглэсэн. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүйн тулд энэхүү өрийг төлж барагдуулах учиртай. Хэрэв төлөхгүй, мөнгөгүй гэж шалтаг тоочвол 178 орчим сая ам.долларын өрөнд унах болно” гэж байлаа.