Монгол төрийн ноён нуруу төвшин байг
- Д.СҮХБААТАР АРДЫН НАМ, АРДЫН ЗАСГИЙГ ҮНДЭСЛЭГЧДИЙН НЭГ МӨН -
Номын санд маань байх жанжны тухай цуглуулга дундаас “Д.Сүхбаатар эгэл хүмүүн, халамжит нөхөр” хэмээх нимгэхээн саарал ном нүдэнд тусав. МАН-ыг үндэслэгчдийн нэг, их жанжин Д.Сүхбаатарын гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс, хамтран зүтгэж явсан улс төр, цэргийн зүтгэлтнүүд, ард иргэдийн энгийн яриа, дурсамж, сэтгэгдлийг нэгтгэсэн энэ бяцхан эмхэтгэл нь дахин эргүүлэн үзэхүйд чухамхүү энэ цагт тун хэрэгтэй хүмүүжил, ёс суртахууны зарчим, номлол бүхий билээ.
Насан өндөр болсон эцгээ бие чилээрхүү үед орон гэрээ зарж их үйлсийн төлөө журмын нөхдийн хамт Зөвлөлт Улсыг зорихдоо замын уртад хүний үр, эр нөхөр, эцэг хүний хувьд санаа сэтгэл зовинох нь хүмүүний ёс. Гэвч улс үндэстнийхээ язгуур ашгийн төлөө, харийн дарангуйлалд зовсон ардынхаа нурууг тэнийлгэх их үйлсийн төлөө яваадаа сэтгэл зүрхээ хатамжилж, зориг шулуудсан нь тодорхой байна. МАН-ыг үндэслэгч, Монголын ард түмний бахархалт хөвгүүн, цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойн энэ өдөр МАН-ын дарга миний бие чухамхүү түүнийг МАН, Ардын засгийг үндэслэхэд гол үүрэг гүйцэтгэсэн түүхт хүмүүн, төрийн жинхэнэ зүтгэлтэн, эгэл монгол эр хүн байсныг эргэцүүлэн дурсч байна.
Д.Сүхбаатар Монгол Ардын Намын анхны мөрийн хөтөлбөрийг батлах, намын Төв Хороог байгуулах анхдугаар их хурлын хуралдааныг даргалж, Хиагтыг чөлөөлж, ардын хувьсгалын анхны ялалтыг биечлэн удирдаж зохион байгуулсан юм. 1921 оны дөрөвдүгээр сард гаргасан Монгол Ардын Түр засгийн газраас дагаж ажиллах дүрэмд: “Засгийн тэргүүлэгч дарга нь энгийн цагт Бодоо бөгөөд байлдааны цагт Сүхбаатарт шилжих тул цэрэг байлдааны хэргийг жанжин эрхэм эрхэлмүй” хэмээн зааснаас үзэхэд тодорхой хугацаанд Засгийн газрыг тэргүүлж байжээ гэж үзэж болно. Тэрбээр Ардын хувьсгалын бүрэн ялалтыг хангах ажлыг оройлон манлайлсныг хэнбугай ч үгүйсгэх учиргүй юм.
Д.Сүхбаатар бол хүний хувьд эгэл гэхдээ зоримог шулуун, монгол эрийн сайхан чанар бүрдсэн хүн байжээ. Түүний хамтран зүтгэгч Х.Чойбалсан, “Сүхбаатар бол бүх нөхдийн дундаас товойн гарсан хүн”, партизан Д.Дашцэвэг, “Сүхбаатар бол зориг золбоотой, энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, хүний сайхан чанар шингэсэн хүн байлаа”, Монгол зөвлөлтийн анхны гэрээ хэлэлцээрт оролцсон Б.Ф.Гец, “Д.Сүхбаатарын үг, хөдөлгөөн бүрд нь цог жавхлан, эр чадал тодорч байсан” хэмээн тус тус тодорхойлжээ.
Д.СҮХБААТАР ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ
Д.Сүхбаатар “...Ардчилсан шинэ улс төрийг бий болгох, иргэн бүр, жирийн малчин, түшмэл, ноёд сайд хэн ч байсан тэгш эрхтэй, эрх чөлөөтэй, энхийн хөдөлмөр эрхэлдэг, чөлөөт Монголын өргөн талд өөрсдийнхөө сүрэг малыг өсгөн үржүүлдэг байх ёстой”, “... Ард түмний амгаланг туйлд хүргүүлж, тэгш журамт, баян хүчирхэг улс болохыг гол болгосон хэрэг болой” хэмээсэн нь улс орныхоо цаашдын хөгжлийг үндэсний ардчилсан үзлийн үүднээс тодорхойлсон хэрэг юм. Тэр жинхэнэ ардчилагч, хөгжлийн бодлого тодорхойлогч байсныг эдгээр агуу үг өөрөө аяндаа нотолно. Морин дэл дээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсны дараах улсын хөгжил, шинэ үеийн Монголыг хэнээс ч хараат бус, үндэсний онцлогоо хадгалсан, баян чинээлэг улс болгохыг л номлож байж. Үүний тулд тэмцэж зүтгэсэн. Тусгаар улсын хамгийн гол хүч болох цэргийн хүчийг зузаатгаж, байнгын цэрэг армитай болгох, түүний тоо хэмжээ, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлон томьёолов. Олон зууны тэмцлийн түүх, уламжлалтай ч жирийн малчин ардыг шинэ цагийн цэргийн зохион байгуулалт, дүрэм журамд сургах нь өөрөө улсын батлан хамгаалах том бодлого байлаа. Засаг захиргааны хуваарилалт, дипломат харилцаа, эрүүл мэнд, боловсролын анхны алхам, захирах, захирагдах ёс гээд Монголын нийгмийн модернизац тэр үед эхэлсэн. Д.Сүхбаатар энэ тухайд журмын нөхдөө манлайлан ажиллаж байсан нь түүхэн үнэн билээ.
Засгийн газарт Д. Сүхбаатарын өргөсөн нэгэн зүйл захидлын хэсгээс дурдвал “...Эрэгцүүлэн хянаваас манай монголчууд ардын эрхтэй, хэмжээт цаазат засаг байгуулснаас нааш хааяа зарим нэгэн ухваргүй ард захирах, захирагдах ёсыг ухчлан мэдэхгүй, хүн бүр нэгэн чанар эрхтэй хэмээн балмадлан явах буюу бас эрүү шүүлтийг хувьсган хөнгөтгөсөнд ямар ч зүйлийн хүнд хөнгөн хэрэг өдүүүлэвч эрүүдэж яллах зүйлгүй болсон хэмээн ихэд ташааран санах буй ... Иймийн тулд эл хэргийн бүхий л учрыг бүрнээ ухуулан сэнхрүүлж, дэмий наагуурдан явах гэмийг ариутган, дадсан бүдүүлэг суртлыг устган сайтар хандаж, болгоомжлон явах шударга замыг нээгдүүлбээс зохино” гэжээ. Энд эс туйлшрал, хууль, дэг журам сахих, зан суртахуун, соёлын тухай өгүүлжээ.
Хамтран зүтгэж явсан нөхөд нь бараг бүгд амьд сэрүүн байх үедээ Д.Сүхбаатарыг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал, 1923 оны хоёрдугаар сард Д.Сүхбаатарыг насан өөд болоход гаргасан “Засгийн газрын эмгэнэлийн бичигт: “... гайхамшигт сүр, яруу алдар чинь бүх дэлхийд түгээмэл алдаршсан бөгөөд нөхөр жанжин Сүхбаатар чиний биеийг Монгол улсын төрд өнө удаан багана мэт бат бэх түшиг тулгуур болох буй за хэмээн гүнээ итгэмжилсэн билээ. Гэтэл одоо санамсаргүй ийнхүү наснаас нөгцсөнд олон түмэн ардууд үнэхээр туйлаас эмгэнэн гашуудаж баршгүй. Сүхбаатар чиний жолоодон удирдсан сайн мөрөөр сааралтгүй дэвшин явж, одоогийн бүхий ардын засагт улс төрийг улмаар бататган үүрд батлан хамгаалж чадах нь магад учир, нөхөр жанжин Сүхбаатар чиний гайхамшигт гавьяа зүтгэлийг түмэн үед хүртэл алдаршуулна” хэмээн тэмдэглэсэн байна.
Түүх бол түүх. Эрин цаг бүхэн өөрийн өнгө, утга агуулга, зорилтыг өмнөө тавьж, хөгжил дэвшил, алдаа оноогоо үлдээн оддог. Түүхийг гуйвуулахаас илүү нүгэл ч үгүй биз. Иймд би алив нэгэн цаг үеийг шүүн тунгаах, зөрөлдөн маргалдахыг урьтал болгохгүй. Бас нэг хүнийг тахин шүтэх эсвэл манай намын үндэслэгч талаас нь дөвийлгөх гэж энэхүү нийтлэлээ зориулсангүй. Гагцхүү монгол төр, түүний зүтгэлтнүүдийн үнэн түүх, өнөөдрийн ардчилсан, эрх чөлөөт, тусгаар улсын үнэ цэнэ юунд байв, хэрхэн түүнийг уламжлах тухайд өөрийн гэсэн эргэцүүлэл хийлээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр олсон Монголын тусгаар тогтнол 1921 оны ардын хувьс галаар баталгаажин, шинэ Монголыг үүсгэсэн түү хэн үнэнийг хэн ч булингартуулах учиргүй.
Д.Сүхбаатар хорь шүргэмэгц улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эрслэн босч, их үйл хэргийг бүтээгээд дөнгөж гуч гарах үедээ хорвоогоос халин оджээ. Их жанжин маань ахархан хугацаанд амьдарсан боловч залуу хүн улс орныхоо хөгжил дэвшил, түүхэн хувь заяанд чухам юу хийж бүтээж болохын гайхамшигт үлгэр жишээг үзүүлсэн юм. Түүний чин зүтгэл, хүн чанар, ёс суртахуун нь өнөөгийн төрийн түшээ, улстөрчдөд түүхэн сургамж, эрхэм дуурайлал болохыг сануулан энэхүү нийтлэлийг эрхэм уншигч Танаа толилуулж байна Монгол төрийн ноён нуруу төвшин байг.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
МАН-ын дарга Миеэгомбын ЭНХБОЛД