УИХ-ын дарга өөрөө эрх ашгийн зөрчилтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.02.01

УИХ-ын дарга өөрөө эрх ашгийн зөрчилтэй

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус бүлгийн дарга С.Бямбацогтоос доорх асуултад хариулт авлаа.

 -ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудалд МАН завсарлага аваад байгаа. Энэ асуудал бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

 -Үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тодорхой заалтуудыг зөрчсөн. Тухайлбал, УИХ-ын дэгийн тухай хуулийн 4.4-д тухайн долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцсэн байх ёстой ч хэлэлцээгүй. Тиймээс энэхүү өргөн баригдах процесс болон үйл явц нь өөрөө хууль зөрчсөн юм билээ. ҮХЦ-ийн тухай хуулинд цэцийн гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг эгүүлэн татах тухай цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байгаа.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд хэд хэдэн хууль болоод Үндсэн хуулинд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Мөн УИХ-ын дарга ҮХЦ-ийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох ёстой. Гэхдээ цэцэд З.Энхболдыг хууль зөрчсөн асуудлыг хянаж байгаа тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн дээрх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг УИХ-ын дэд дарга нар томилох ёстой.

 -ОХУ-д манай улсын Засгийн газар 3.8 сая ам.долларын өрийг 30 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээгээд байна. Энэхүү өрийг төлөх боломж байгаа болов уу?

 -2010 онд одоогийн Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой Монголросцветметийн төлбөрийг их өрийг уламжлалт харилцааны дагуу шийдвэрлэхээр тохирсон. Үүний дагуу Төрийн Думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 2010 онд хоёр улсын ерөнхий сайдын хэлэлцээрийн дагуу их өрийг тэглэсэн зарчимтай адил гэж үзээд 2.5 хувьд ногдох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор барагдуулахаар болсон. Үлдэж буй 97.5 хувийг шууд тэглэсэн. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүйн тулд энэхүү өрийг төлж барагдуулах учиртай. Хэрэв төлөхгүй, мөнгөгүй гэж шалтаг тоочвол 178 орчим сая ам.долларын өрөнд унах болно.