ОХУ дахь хямдралтай торгууль болон бусад өвөрмөц шийтгэлийн тухай
2016.01.15

ОХУ дахь хямдралтай торгууль болон бусад өвөрмөц шийтгэлийн тухай

ОХУ-ын Төрийн Дум “Замын хөдөлгөөний тухай” хуулиндаа өөрчлөлт оруулж  шинэ зохицуулалтыг нэмснээс гадна жолооч нарт хамаатай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хямдралтай торгууль

Торгууль бичсэнээс хойш 20 хоногийн дотор торгуулиа төлсөн “сайн санаат” дүрэм зөрчигчид энэ оны нэгдүгээр сарын нэгнээс торгуулиа 50 хувийн хямдралтай төлнө. Жишээ нь 20-40 км/цагийн хурд хэтрүүлээд 500 рублиэр (12500₮) торгуулвал 250 рубль  (6200₮), улаан гэрлээр гарч 1000 рублиэр (25000₮) торгуулвал 500 рубль төлөх юм байна.  

Гэхдээ зарим зөрчлийг хямдралд хамруулахгүй. Тухайлбал бүртгэлгүй тээврийн хэрэг жолоодсон зөрчлийг давтан гаргасан, согтуугаар машин жолоодсон, согтуу жолоочид жолоогоо шилжүүлсэн, улаан гэрлээр гарах, хурд хэтрүүлэх зөрчлийг давтан гаргасан бол хямдралд хамрагдахгүй.

Багахан хэмжээний ослыг жолооч нар өөрсдөө шийднэ

2016 оны зургадугаар сараас бага хэмжээний осол гарсан үед хэн нэгэн гэмтэл аваагүй, материаллаг хохирол бага, жолооч нар тохиролцож чадсан бол тэд өөрсдөө тусгай протокол бөглөж асуудлыг цагдаагийн оролцоогүй шийддэг болно. Осол гарсан байдлыг протоколд бичсэний дараа жолооч нар бөглөрөл үүсгэхгүйн тулд машинаа замын хажууд гаргах ёстой. Хэрэв машинаа холдуулахгүй бол 1000 рублиэр торгуулна.

Замын цагдаагийн оролцоогүй шийдэгдэх ослын хохирлын хэмжээ Москва муж, Москва хот, Ленинград муж, Санкт-Петербург хотод 400 мянган рубль (10 сая ₮), бусад мужуудад 50 000 рублиэс (5 сая ₮) дээшгүй байна. Мөн хоёр жолооч хоёулаа даатгалтай байх ёстой.

Евро-4 – өөс  доош зэрэгтэй шатахуун хэрэглэхийг хориглолоо

2016 оноос Москвагийн ШТС-уудад Евро-4 – өөс  доош экологийн зэрэгтэй шатахуун зарахыг хориглов. Москвагийн агаарын бохирдлын гол эх үүсвэр нь машины утаа байдаг учраас хотын захиргаа ийм шийдвэр гаргажээ. 2014 оны байдлаар Москвад 7 сая гаруй машин бүртгэлтэй байв. Тиймээс цаашдаа Евро-5 зэрэглэлтэй шатахууныг хүртэл хориглох санал гарсныг Москва хотын дарга Сергей Собянин хэвлэлийнхэнд ярьжээ.

Энэ сараас эхлээд ОХУ-д Евро-5 зэрэглэлтэй шатахууныг худалдаалж эхэлсэн. Харин Евро-4 – ыг зөвхөн экспортод гаргах ажээ.

Халуун өдөр ачааны машин явах хориотой

ОХУ-ын Авто замын агентлагаас хэрэв агаарын хэм +32-оос давбал ачааны машинуудыг асфальтан замаар явахыг хориглох санал гаргажээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр ийм шийдвэр энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж магадгүй аж. Замын хучилтыг эвдэхгүйн тулд ийм шийдвэр гаргасан гэж Авто замын агентлаг тайлбарлажээ. Уг шийдвэр шатахуун, эм тариа зэрэг нэн шаардлагатай ачаа тээж яваа ачааны машинаас бусад бүх төрлийн ачааны машиныг хамарна.

Жолооны ард гар утсаар яривал эрхийг нь хасна  

Энэ оноос ОХУ-д жолооны ард утсаар ярих дуртай хүмүүсийг хатуу шийтгэх магадлал өндөр болжээ. Уг шийтгэл жолооч нар төдийгүй явган зорчигчид хүртэл хамаатай. Ийм саналыг Калининград мужийн Думын гишүүд гаргажээ. Тэдний үзэж буйгаар жолооны ард утсаар ярьдаг хүмүүсийн жолоо барих эрхийг хасах хэрэгтэй. Мөн явган зорчигч гарцаар гарахдаа утсаар ярьвал бас торгох санал гарчээ.

Ухаалаг камерууд

Энэ оноос эхлэн Оросын замуудад суурилуулсан ухаалаг камер жолооч нар жолоочийн даатгалтай эсэхийг шалгадаг болж байна. Эхлээд уг төсөл Москва, Казань хотуудад, удалгүй орон даяар хэрэгжинэ.

Мотоциклийн жолооч нарт өгөх шийтгэл

Төрийн Думын зарим гишүүд мотоциклийн жолооч нарыг гүйцэж түрүүлсний төлөө дор хаяж 5000 рублиэр (125 000₮) торгох санал гаргажээ.