Билл Гейтсийн дэлхийн ядууст өгч буй амлалт
2016.01.26

Билл Гейтсийн дэлхийн ядууст өгч буй амлалт

Сүүлийн жилүүдэд дэлхийн алдартай жүжигчид, дуучид, тамирчид, тэрбумтнууд сайн үйлсийн сангууд байгуулах моод дэлгэрсэн. Тэдний хамгийн том нь Microsoft корпорацийн үндэслэгч, зөвлөгч Билл Гейтсийн 2000 онд байгуулсан “Билл Гейтс болон  Мелинда Гейтсийн сан” (Bill & Melinda Gates Foundation) юм. Билл Гейтс 2016 онд дэлхийн ядуурлыг бууруулахад хамаг хүчээ зориулна гэж амлаж байна.

Бид ер бусын цаг үед амьдарч байна. Телевизийн мэдээгээр бид зөвхөн хямралын тухай сонсох болж. Эдийн засаг, хүн ам, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт гээд хямраагүй зүйл ховор. Эдгээр хямралд нэгэн нийтлэг шинж бий. Энэ бол  ядуурал. Тиймээс ядуурлыг шийдэх нь хямралыг шийдэх түлхүүр юм.

Хүн төрөлхтний 20 дугаар зууны түүх тэгш бус байдлыг арилгах чиглэлд хуримтлуулсан баялаг туршлагатай. Сүүлийн 100 жилийн дотор төрөх үеийн эхийн нас баралт  хоёр дахин, хүүхдийн эндэгдэл хоёр дахин, ядуучуудын тоо мөн хоёр дахин буурчээ.

Өнгөрсөн жил дэлхий дахин ядууралтай тэмцэх ажлыг удахгүй дуусгах тухай зарлав. 2015 оны есдүгээр сард НҮБ-ын гишүүн 193 орны санал нэгтэй баталсан “Тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн зорилго”-ын үндэс нь ядуурлын бүх хэлбэртэй тэмцэж 2030 он гэхэд арилгах санаа юм. Мэдээж энэ амаргүй ажил. Гэхдээ энэ бол ядуу орнуудын ард иргэдэд агуу боломжийг нээж өгөх цаг үеийн эхлэл. Дэлхийн улс орнууд ойрын 15 жилд ядуусын тоо эрс багасана гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ дэвшил, хөгжил гэдэг зайлшгүй зүйл биш юм. Ололт үргэлж улс төрийн эр зориг, дэлхийн түвшний хамтын ажиллагаа, хүний бүтээлч сэтгэлгээг шаарддаг. Энэ бол Даваст болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы гол сэдэв.

“Билл Гейтс болон  Мелинда Гейтсийн сан” нь бусдын гардаж авахаас зүрхшээдэг ядууралтай холбоотой ажлуудад анхаарал хандуулан ажиллаж байна. 2016 онд бидний хүчин чармайлт гурван чиглэлийг хамарна.

Билл Гейтсийн эхнэр Мелинда Гейтс

1.Өнгөрсөн хугацаанд тодорхой амжилтанд хүрсэн байгууллагуудыг дэмжихээ үргэлжлүүлнэ.

2002 оноос эхлээд “ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх  Дэлхийн сан” хүн амын ядуу хэсэг илүүтэй өртдөг эдгээр өвчинтэй тэмцэхийн тулд асар их хөрөнгө мөнгө, хүн хүч зарцуулсан. Тус сан эм тариагаар хангаж, эмч, сувилагчдыг сургаж, эрүүлийг хамгаалах найдвартай тогтолцоог бий болгосноор 17 сая хүний амийг аврахад тусалсан. Энэ бол том амжилт. Цаашдаа бид ахиад найман сая хүний амийг аврахад туслаад зогсохгүй бага орлоготой орнуудын эрүүлийг хамгаалах тогтолцоог сайжруулах замаар ирээдүйд нүүрлэж болох эрүүл мэндийн хямралын эрсдлийг багасгаж, чадах бүхнээ хийх ёстой.

2016 он гарснаас хойш Дархжуулалт болон вакцинжуулалтын Дэлхийн альянсын (GAVI, the Vaccine Alliance) ачаар 4 сая хүнийг аварчээ. Ойрын таван жилд GAVI өөрийн түншүүдийн хамт ахиад 300 сая хүнийг дархлаажуулах зорилго тавиад байна. Ингэснээр сая сая хүүхдүүдэд амжилтанд хүрэхэд нь тусалж, цаашлаад хөгжиж буй орнуудын эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

2. Бидний зорилтот бүлэг бол охид, эмэгтэйчүүд.

Охид, эмэгтэйчүүдийн амьдралын нөхцөл өмнөхөө бодвол хамаагүй дээрдсэн. Гэхдээ байх ёстой түвшиндээ хүрэхэд өдий байна. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйлчилгээ авах эрхийг нэмэгдүүлэх, эдийн засгийн байдлыг нь сайжруулах, хувийн амьдралдаа шийдвэр гаргах эрхийг нь баталгаажуулах шаардлага урьдын адил байсаар байна.

Охид, эмэгтэйчүүдэд өөрийн амьдралыг шийдэх боломж олговол энэ нь хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болно. Тэдний эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын байдал, өөртөө итгэх итгэл сайжрах нь тухайн улс, нийгмийн хөгжин цэцэглэх үндэс юм.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ 10 САЙН ҮЙЛСИЙН САН

3. Бид инновацид хөрөнгө оруулна

Шинжлэх ухаан, технологийн ололтууд нь ядуурлыг бууруулахад чухал хүчин зүйл болдог. Хэдхэн долоо хоногийн өмнө дэлхийн улс орнууд найдвартай, хүртээмжтэй, байгальд хоргүй эрчим хүчний эх үүсвэрийг гаргаж авахад мөнгө хайрлахгүй гэдгээ баталсан. Энэ бол өөрчлөгдөж буй уур амьсгалын сөрөг үр дагавараас болж зүдэрч буй хүн амын ядуу хэсэгт том дэмжлэг болох учиртай. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт хийгдсэн шинэ технологийн ачаар полиомиелит хэмээх аюултай мэдрэлийн өвчнийг ялж чадсан. Түүнээс гадна эдүгээ 120 сая хүн өвчлөөд байгаа зааны өвчнийг анагаах эм удахгүй гарах магадлалтай байна.

Харамсалтай нь ядуусын эрүүл мэндийн үйлчилгээнд чиглэсэн анагаах ухааны судалгааны санхүүжилт маш хангалтгүй байгаа нь гашуун үнэн. Хэрэв бид “Дэлхий дахины зорилго”-д эхийн болон хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчний талаар тусгасан зорилтууддаа хүрье гэвэл  2020 он гэхэд шинжлэх ухааны судалгааны санхүүжилтыг хоёр дахин нэмэх хэрэгтэй.

Дүгнээд хэлэхэд ядууралтай тэмцэхэд Дэлхийн сан болон GAVI зэрэг сангийн дэмжлэг төдийгүй, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, инновацид хөрөнгө оруулах нь чухал. Дэлхий дахин ядуурлын эсрэг чиглэсэн бүх оролдлогыг дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл ядуурал буурах нь  өнөөдөр бидний өмнө тулгараад буй цагаачлалаас эхлээд терроризм хүртэлх олон асуудлыг шийдэх учиг юм.