В.Путины хамаатнууд юу хийдэг вэ?
Игорь Путин
Владимир Путины үеэл ах
Оросын Ерөнхийлөгчийн үеэл ах эртнээс бизнесийн мөр хөөжээ. Тэр 1990-иэд онд Төрийн Статистикийн Хорооны Рязань мужийн хэсэгт ажиллаж байгаад 2000-аад оны эхэнд тус мужийн Тусгай зөвшөөрлийн газрын дарга болжээ. 1992 онд байгуулагдсан, Оросод 100 гаруй салбартай “Мастер банк”-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нь түүний хашиж байсан хамгийн өндөр албан тушаалуудын нэг нь юм. Уг албан тушаалыг гуравхан сар хашсан ч захирлуудын зөвлөлд үлджээ. Харин 2013 онд энэ банкны зөвшөөрлийг цуцалсан юм.
Түүнчлэн Игорь Путин Оросын “Газрын банк”, “Аж үйлдвэрийн хадгаламжийн банк”-ны захирлуудын зөвлөлд ажиллаж байсан хүн. Тэрээр банканд ажиллаж байхдаа Александр Григорьев хэмээх банкны хувьцаа эзэмшигч бизнесмений сонирхлыг төлөөлдөг байв. 2015 оны 10 дугаар сард Александр Григорьев олон сая тэрбум ам.доллар угаасан хэргээр баригдаж, уг хэрэгт “Газрын банк” холбоотой болох нь тогтоогдов.
Игорь Путин 2014 онд үүлэн технологийн чиглэлээр ажилладаг “Inoventica” холдингийн захирлуудын зөвлөлд орсон ч өнгөрсөн жил ажлаа өгсөн байна.
Роман Путин
Путины үеэл ах Игорь Путины хүү
Роман Путин Оросын Аюулгүйн албанаас ажлын гараагаа эхэлж, дараа нь эцгийн адил Рязань мужид төрийн албанд ажиллаж байв. 2000-оод оны сүүлээр бизнест орсон ч удалгүй төрийн албандаа буцаж Новосибирск мужид ажиллах болжээ.
“Ведомость” сонины судалгаагаар Роман Путин нь олон мужийн хэдэн арван компаний хувьцаа эзэмшдэг байна. 2014 онд тэр Лондонд офистой “Putin Consulting” компанийг байгуулж Оросод бизнес эрхлэх хүмүүст зөвлөгөө өгдөг болжээ. Удалгүй компанийхаа нэрийг өөрчилж Оросод нүүж иржээ. Одоогоор тэр бичил санхүүгийн байгууллагын захирлуудын зөвлөлийг ахалж байна.
Михайл Путин
Оросын Ерөнхийлөгчийн үеэл ах Евгений Путины хүү
Михайл Путин нэг хэсэг “Газпром” компаний Эрүүл мэндийн газрыг удирдаж байв. Түүнчлэн “Сателпрома”, “Биостата” гэсэн хоёр эмийн компанийг хамтран үүсгэн байгуулжээ. Эдгээр компани биотехнологийн чиглэлд ажилладаг. 2007 онд Михайл Путин “Согаз” компаний орлогч захирал болж өнөөг хүртэл тэндээ ажиллаж байна .
Вера Путина
Путины үеэл ах Игорь Путины охин
Вера Путина нь Оросын ерөнхийлөгчийн эхийн талын хамаатан. Хүүхэд насандаа өөр овогтой байсан ч насанд хүрээд “Путина” гэсэн овогтой болжээ. Одоо тэр Владимир мужийн захиргаанд өндөр алба хашдаг, “Нэгдсэн Орос” намын гишүүн. 2013 онд тэр “Ганзакомбанк”-ны захирлуудын зөвлөлд орсон ч Оросын Төв банк 2015 онд уг банкны зөвшөөрлийг цуцалжээ.
Людмила Путина
Владимир Путины хуучин эхнэр
Людмила 1983 онд Владимир Путинтай гэрлэсэн. 1990-иэд онд Путиныг ерөнхийлөгч болоогүй байхад Санкт-Петербургийн Их Сургуульд герман хэл заадаг байв. Харин тэргүүн хатагтай болсныхоо дараа “Орос хэлийг хөгжүүлэх” төвийг үүсгэн байгуулжээ. 2008 онд Путиныг Ерөнхий сайд болсны дараа Людмила олны өмнө гарч ирэхээ бараг больсон байна. 2012 онд хосууд ерөнхийлөгчийн сонгуульд хамтдаа саналаа өгч, харин жилийн дараа салж байгаа тухайгаа телевизээр зарласан. Үүнээс хойш 2014 онд Горькийн нэрэмжит утга зохиолын шагнал гардуулахад нэг удаа зурагтаар гарснаар өөр олны өмнө гараагүй. Эдүгээ тэр ямар эрхэлж байгаа нь тодорхой бус.