Америкийн корпорациуд өвчин эмгэгийг бусад оронд хэрхэн экспортолдог вэ?
Таргалалт хүн төрөлхтний өмнө тулгарсан хүнд асуудлын нэг болоод байна.
2016.01.25

Америкийн корпорациуд өвчин эмгэгийг бусад оронд хэрхэн экспортолдог вэ?

10 орчим жилийн дараа Хятад, Энэтхэг, Индонези, Бразиль, Мексик болон бусад хөгжиж буй орнуудын  Засгийн Газар нэгэн түүхэн шийдвэр гаргах цаг ирнэ. Барууны орнуудын жишгийг дагаж элдэв өвчин эмгэг, цаг бусын үхлийн шалтгаан болсон хэт хэрэглээний замаар явах уу, эсвэл ирээдүйн хэрэгцээгээ тооцож хүнсний хэрэглээний эрүүл замаар замнах уу гэдгээ шийднэ. Тэдний сонголт хүн төрөлхтний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны хувь заяаг дараа дараачийн зуунд тодорхойлох болно.

Эдүгээ зөвхөн үндэстэн дамжсан корпорациуд (ҮДК) дэлхийн худалдааны дүр зургийг тодорхойлж, асар их эрх мэдлийг гартаа оруулжээ. Саяхан орон нутгийн болон үндэсний хэрэгцээнд зориулж бараа үйлдвэрлэж байсан компаниуд өнөөдөр бүтээгдэхүүнээ дэлхийн хэмжээнд борлуулдаг болсноор элдвийн халдварт өвчин тархах замыг шулуутгав. 2008 онд Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээл хуванцар үйлдвэрлэхэд гардаг меламин хэмээх дайвар бүтээгдэхүүн агуулж байсан нь тогтоогджээ. Уургийн хэмжээг их болгож харагдуулахын тулд нэмсэн байв. Үр дүнд нь олон арван орны хүүхдүүд бөөрний өвчинтэй болж, зарим нь нас баржээ.

... Согтууруулах ундаа, тамхи, эрүүл бус хүнсний нарийн боловсруулсан рекламууд бүх дэлхийд цацагдаж Африк, Ази, Латин Америк, Хойд Америк, Европын орнуудад өвчин, цаг бус үхлийн шалтгаан болж байна ...

Таргалалт, чихрийн шижин өвчний экспорт. Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (NAFTA) ба Мексикчүүдийн эрүүл мэнд.

Хэт хэрэглээ, түүнийг дагасан элдэв өвчлөлийн шалтгааныг олохын тулд эрүүл бус бүтээгдэхүүнийг дэлхий даяар түгээдэг үндэстэн дамжсан корпорациудын стратеги бодлогыг ойлгох хэрэгтэй. Жишээ болгож Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр Мексикчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг авч үзье. Уг түүх чөлөөт худалдаа хүний эрүүл мэндэд ямар хор учруулж болохыг харуулжээ.

NAFTA-гийн бараа тээвэрлэлтийн дэд бүтэц

1994 онд АНУ, Канад, Мексик гурван улс дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг бий болгох зорилготой  NAFTA (North American Free Trade Agreement)-гийн хэлэлцээрийг байгуулжээ. NAFTA-гийн ачаар тамхи, авто машин үйлдвэрлэгчид болон хүнсний бүтээгдэхүүн дахин боловсруулдаг компаниуд зах зээлээ тэлж, үндэсний шинжтэй жижиг үйлдвэрүүдийг шахаж эхлэв. Нэхмэл эд, хувцас, резин, хуванцар үйлдвэрлэгчид, түүнчлэн үйлдвэрчний эвлэл, байгаль хамгаалагч байгууллагууд NAFTA-г эсэргүүцэж байлаа. АНУ-ын дотоод зах зээлийг эрүүл бус хүнсээр дүүргэж хяналтын байгууллагуудын хараанд ороод байсан томоохон компаниуд эрүүл мэнд, экологи хамгаалал сул байдаг орнууд руу бүтээгдэхүүнээ шахахын тулд хэлэлцээрийг бүх талаар дэмжиж байсан юм.

Мексикийн 5-11 настай хүүхдүүдийн чихэрлэг ундааны хэрэглээ 1999-2006 онд 2,5 дахин өсчээ

NAFTA-гийн хэлэлцээр байгуулагдсанаар АНУ, Мексикийн хоорондох хүнсний худалдааны систем эрс өөрчлөгдлөө. АНУ-аас Мексик рүү экспортлох сахар, фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн ундаа, ууталсан зууш, сүүн бүтээгдэхүүн, өглөөний каш зэргийн хэмжээ огцом өсчээ. 1994 онд Америкчууд Мексикт 50 000 метр тонн сахар болон бусад чихэрлэг зүйлсийг экспортлов. Харин 2007 он гэхэд 950 000 тонн болтол өссөн байна. Ийнхүү хэлэлцээр байгуулагдсанаас хойш 10 жилийн дотор Мексик дэх дахин боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 5-10 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

Таргалалт, чихрийн шижин болон бусад өвчний эх үүсвэр болдог тосны агууламж ихтэй бүтээгдэхүүний Мексикийн хүнсний импортод эзлэх хувь 75 хувьд хүрэв.

Хэлэлцээрийн үр дүнд Мексикчүүдийн хоолны соёл эрс өөрчлөгджээ. 1992-2000 онд хийжүүлсэн ундааны хэрэглээ 40 хувь болов.

Гадаадын болон үндэсний үйлдвэрлэгчдийн согтууруулах ундаагүй, өндөр калоритай, тэжээл багатай хүнсний бүтээгдэхүүний түрэмгий рекламын үр дүнд эрүүл бус хүнсний хэрэглээ улам өсөв. Coke, Pepsi, McDonald’s,  Kraft зэрэг компаниуд рекламны фирмүүдийг хөлсөлж, Америкт шалгарсан PR хөтөлбөрийн дагуу хүүхэд, залуучуудыг өөртөө татаж чадлаа.

2002 он гэхэд нэг мексик хүн жилд бараг 500 орчим литр “Кока-кола” уудаг нь Америкчуудаас давж гарсан үзүүлэлт байв.

Түүнчлэн хүнсний хэрэглээнд гарсан өөрчлөлт Мексикийн хэрэглэгчдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөв. 1988-1999 онд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо хоёр дахин өсч хүн амын 59 хувийг эзлэх болжээ. Харин илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн тоо гурав дахин өсөв. 2006 он гэхэд 2-18 насны Мексик хүүхдүүдийн 26,3 хувь нь илүүдэл жин, өөхлөлтөөс болж зовж байв. Түүнчлэн чихрийн шижингээс үүдэлтэй нас баралтын тоо эрс өссөн нь тогтоогдов.

Энэ бүхний үр дүнд Мексикчүүдийн  эрүүл мэнд дордож, эрүүлийг хамгаалахад зориулагдах төсвийн зардал ихсэв.

Амттай ч тэжээл багатай хүнсний хэрэглээнээс болж хохирсон орон зөвхөн Мексик биш юм. Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Индонези болон бусад олон оронд ижилхэн процесс явагдаж байна. Түүгээр зогсохгүй хүний эрүүл мэндээр дэнчин тавьж ашиг олохын тулд худалдааны хэлэлцээр хийж, гадаадын оруулалт татдаг салбар нь ганцхан хүнсний салбар биш юм. Тамхи, авто машин, галт зэвсэг гэх мэт салбарууд өвчин, үхэл, хорт зуршил тээгч бараа, бүтээгдэхүүнийхээ экспортыг өсгөхийн тулд худалдааны хэлэлцээрийг ашигладаг байна.