МУ-ын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ
МУ-ын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ
2016.01.19

МУ-ын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ

 Чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

 Уг хуулийн төсөл батлагдвал Монгол улс 2030 хүртэл урт хугацаанд тогтвортой хөгжих баримт бичигтэй болох юм.

Хуулийн төслийн талаар хууль санаачлагч С.Бямбацогт хэлэхдээ

 “Манай улсын цаашдын хөгжилд дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт болон дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарч мэдэхээр байна. Эдгээрийг даван туулахын тулд Монгол Улс өндөр хөгжилтэй, уул уурхайн салбараас хараат бус, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангасан улс болж хөгжихөд урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж хэрэгжүүлэх практик шаардлага гарч байна.

Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зарчим, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний, салбарын болон аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх харилцааг зохицуулах зорилготой боловсруулсан нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг иргэн, өрх гэр, аж ахуйн нэгж бүрт хүрсэн, үндэсний хэмжээнд тууштай, үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байгаа юм” гэв.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж.

Мөн ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана гэсэн судалгаа тооцоо хийсэн байна.