Ипотекийн зээлийг гацаанаас гаргах асуудал нэн чухал байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож бууруулахыг иргэд дэмжиж байна. УИХ-аар ч гэсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжчихлээ. МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаа гэсэн хэрнээ шүүмжлээд байгааг ойлгохгүй юм?
-Орон сууцны ипотекийн зээлийг гацаанаас гаргах асуудал нэн чухал байна. УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслүүдийг дэмжих ёстой гэсэн хувь гишүүний байр суурьтай байгаа. Ард иргэдийгээ хямд үнэтэй орон сууцаар хангах асуудал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Анх 2004 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Дараа нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр болж хэрэгжсэн юм. 2009 оноос буюу Сү.Батболдын Засгийн газрын үеэс урт хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гээд зургаан хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг гаргасан. Ингэж л иргэдийн тодорхой хувь нь моргейжийн зээлд хамрагдаж эхэлсэн. Дараа нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед моргейжийн зээлийн хүү найм болж өссөн. Инфляцитай уялдуулан моргейжийн зээлийг таван хувь болгох ёстой гэдэг саналыг эрх баригчдын зүгээс гаргаж байна.
-Таван хувийн зээлийг дэмжихгүй байгаа юм уу. Дундаж, дундажаас бага орлоготой иргэд орон сууцанд орох хүсэлтэй байгаа шүү дээ?
-Дэмжиж байгаа гэдгээ дээр хэлсэн. Одоо бол моргейжийн урт хугацааны зээлийн эх үүсвэр юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Болж өгвөл заавал тав гэлтгүйгээр олон улсын жишгээр 1-2 хувь болговол сайн л байна. Харамсалтай нь эдийн засгийн тийм боломж өнөөдөр байна уу гэдгээ бодож үзэх ёстой. Анх Сү.Батболдын Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй урт хугацааны зээл гаргахад тэр зээл олгож буй банк нь хаа нэг газраас мөнгөний эх үүсвэр татаж байгаа юм. Хадгаламж эзэмшигчээс эсвэл бонд гаргаад ч юм уу гадны зах зээлээс эх үүсвэрээ олдог. Энэ эх үүсвэрээс олгож байгаа зээлийн хүүгийн зөрүү гэж гарвал хэн олгох вэ гэдэг асуудал гадна.
-Сү.Батболдын Засгийн газрын үед бол зургаан хувийн зээлийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлж байсан байх аа?
-Тэгсэн. Зургаан хувийн зээлийн хүүгийн зөрүү гарвал түүнийг нь төсөв дээр тавиад явж байя гэсэн аргачлалаар Сү.Батболдын Засгийн газар ажилласан. Н.Алтанхуягийн Засгийн газар бол татаж буй хадгаламжийн хүү, олгож буй зээлийн хүүгийн зөрүүг мөнгө хэвлэж шийдсэн. Ингэснээрээ зах зээл дээр валютын ханшийн хөдөлгөөн бий болсон. Нэг ам.доллар 1370 төгрөгтэй тэнцэж байсан монгол мөнгөн тэмдэгт өнөөдөр 2000 төгрөгт хүрэх эх үүсвэр болсон.
Өнөөдөр Монголын арилжааны банкууд гаднаас мөнгө босгохдоо дунджаар 9-10 хувийн хүүтэй олж ирж байна. Хадгаламж ойролцоогоор 14-15 хувийн хүүтэй босч байгаа. Тэгэхээр энэ хоёрын хоорондох зөрүүг нь л яах вэ гэж байгаа юм. Хэрэв дахин мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлбэл валютын ханш өсчих вий гэсэн болгоомжлол байна л даа. Таван хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжих эдийн засгийн нөхцөл бүрдсэн үү л гэж байгаа юм.
-Ипотекийн зээлээр улстөржилт маш их явагдаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Ард түмнээрээ улстөржихгүй байлгүй дээ?
-Ипотекийн зах зээлийг зогсоосонтой холбоотой улс төрийн маргаан нэлээд өргөн хүрээтэй явж байна. Миний хүвьл АН сонгууль ойртсонтой холбоотой хийж буй пиар гэж харж байгаа. АН-ынхны хувьд тодорхой асуудлууд дээр ард түмэнд хүрсэн ажил бий гэж үзсэн юм шиг байна лээ. Тэр ажлуудаа эргэн сануулах байдлаар хийгээд байгаа юм болов уу. Ипотекийн зээлийг зогсоож иргэдийн амьдралд мэдрүүлээд дахин үргэлжлүүлэхдээ иргэддээ илүү сайн нөхцөлтэйгөөр оруулж ирлээ гэж бодож байна.
Энэ бол популизм. Өнөөдөр үндсэн хуулийн цэцийн гишүүдийн 70 хувь нь АН-аас гаралтай улс төрчид байгаа. Цэцийн гишүүдийг санал болгодог гурван институц нь хүртэл АН-аас гаралтай хүмүүс байна.
-АН-ыг шоу хийх гэж ингэлээ гээд байх юм. Үнэхээр л тэгж үзэж байгаа юм бол эсрэг саналаа өгөөд явж болох байх. Гэхдээ АН-д ард түмэн илүү санал өгчихнө гэдэг утгаар нь МАН-ынхан ч гэсэн дургүй хэрнээ дэмжихээс өөр аргагүй байгаа юм биш үү?
-Зөв зүйлийг зөв арга замаар шийдэж зөв үр дүнд хүрэх ёстой.
-МАН оноо алдчих вий л гэж болгоомжлоод байгаа юм аа даа?
-Ардчилсан намынхан зөв зүйлийг зөв үр дүнд хүргэхийн тулд буруу ч хамаагүй аргачлалаар шийдэх ёстой гээд байна. Энэ нь өөрөө хууль зөрчөөд яваа гэсэн үг. Энэ нь буруу. АН-ынхан маань эцсийн үр дүн нь л зөв бол бусад нь хамаагүй гээд байгаа юм.
-АН гарц гаргаад байгаа юм биш үү?
АН ч гэлтгүй бид гарц гаргаад явах ёстой. Үүнээс гарах гарцыг бид дэмжинэ. Гэхдээ ард иргэдийн амьдралаар тоглож улс төрийн хожоо хийж байгааг хэлэх нь зөв. Аливаа төрийн бодлого тооцоо судалгаан дээр үндэслэх ёстой. Үр дагавараа тооцох хэрэгтэй. Өнөөдөр хүмүүст зөв хүрч байгаа ч маргааш эдийн засгаа татаж унагах, валютын ханшаа өсгөх, Монголын эдийн засагт хохиролтой зүйл байвал бид байр сууриа илэрхийлэх ёстой.
-Байр сууриа илэрхийлнэ гээд нэг талаасаа ипотекийн зээлийн хүүг тав болгохыг дэмжихгүй байгаа юм уу. МАН-ын гишүүдийн байр суурь нэг л тодорхой бус байна?
-Гарц гаргаад үүнийгээ улстөржилтгүй явуулж байсан бол бид юу ч ярихгүй байсан. Гэтэл Засгийн газар, Монголбанкны хийх ажлыг Их хурлын дарга өрөөндөө шийдээд байна. Салбар яам нь Монголбанктайгаа хамтраад хуулиа өргөн бариад явах ёстой зүйл. АН-ынхан улстөржүүлээд байна. Моргейжийн зээлийг гацаанаас гаргах ёстой гээд бүх л гишүүд санаачилга гаргаад гүйсэн. Гэтэл АН-ынхан зөвхөн өөрсдийнхөө намын гишүүдээр хуулийн төслийг өргөн бариулсан.
-Ипотекийн таван хувийн зээл хэрэгжлээ гэхэд хамгийн чухап анхаарах зүйл нь юу вэ. Хүүгийн зөрүү юу, сонгуулийн оноо авах гэсэн аргачлал уу, юу ч байсан сөрнө гэдэг сөрөг хүчний үйлдэл байх уу?
-Хамгийн гол нь хүүгийн зөрүү. Банкны өөрийн хөрөнгө гэж нийт банкуудын 10 гаруй хувийг л эзэлж байгаа. Бусад нь татан төвлөрүүлсэн хөрөнгө. Ухаандаа иргэдийн хөрөнгө, гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгө гэсэн үг. Банк хадгаламж аваад эсхүл хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаад өөрсдөө хэдэн хувийн хүү нэмж зээлүүлэн зуучлалын үйл ажилпагаа явуулж хүүгийн мөнгөн дээрээс нь ашиг олдог байгууллага. Гэтэл банк татан төвлөрүүлж байгаа хадгаламжийн хүүнээсээ доогуур зээл гаргачихвал зөрүү гарна. Энэ зөрүүг л хаанаас олох вэ гэдэг нь толгойны өвчин. Үүнийг хаа нэгэн газраас босгох хэрэгтэй. Эдийн засгийн өсөлттэй уялдсан л байх ёстой.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг 30 биш 20 хувь болгох боломжтой юм билээ. Гэтэл Д.Цогтбаатар сайдаар ажиллаж байхдаа 10 хувь болгоно гээд шоудчихсан юм биш үү?
-Буулгах боломжтой гэдгийг нь хэлчихсэн юм байна лээ. Гэхдээ Д.Цогтбаатар хэлчихсэн болохоор 10 болгож буулгах боломжгүй гэж болохгүй. Урьдчилгаа 10, 11, 20 хувь байх уу гэдгийг З.Энхболд дарга хэлж чадахгүй. Үүнийг эдийн засагчид тооцох ёстой. Иргэдийн хоолтой холбоотой, өрхийн амьжиргаатай холбоотой зүйл дээр улстөржилт хийх юм бол сөрөг үр дагавар нь иргэдэд тусчихаад байгаа юм. Тиймээс иймэрхүү зүйлээр улс төр хийхээ больё.