“Шонхор” фракцийн зарим хүмүүсийн асуудлыг АТГ-т өгсөн
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.01.15

“Шонхор” фракцийн зарим хүмүүсийн асуудлыг АТГ-т өгсөн

Өнөө өглөө УИХ-ын нэгдсэн хуралдааны хамгийн эхэнд байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай асуудал хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Өргөдлийн байнгын хорооны даргаас О.Баасанхүүг чөлөөлж, Ж.Батзанданг томилсон.

Үүний дараа Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр О.Баасанхүү гишүүн үг хэлэхэд Их хурлын дарга түүнд хандаж “Алдаа гаргаж чөлөөлөгдчихөөд үндэслэлгүй, логикгүй юм битгий яриад бай” гэх агуулгатай үг хэлж дуулдсан.

Бид О.Баасанхүү гишүүнтэй утсаар холбогдож Өргөдлийн байнгын хорооны даргын албан тушаалаас ямар үндэслэлээр чөлөөлөгдсөнийг асуухад дараах хариултыг өглөө.

-Таныг ямар үндэслэлээр чөлөөлсөн бэ?

-“Шударга ёс” эвсэл АН-тай хамтраад засаг барьж байгаа. Миний хувьд хугацаа дуусаагүй байсан. Өнгөрсөн тав дах өдөр З.Энхболд даргаас албан ёсны чөлөө аваад даргын зөвлөлийн хуралд суугаагүй. Улсын чанартай ажилд оролцохын тулд томилолтоор ажилласан. Тэр хооронд даргыг чөлөөлөх тухай асуудал хуваарьт орж ирсэн байна билээ. Тэгээд хэлэлцээд явсан.

-Алдаа гаргасан учраас чөлөөлсөн гэж ойлгогдохоор үгийг Их хурлын дарга нэгдсэн хуралдааны үеэр хэллээ?

-Янз бүрийн алдаа дутагдал, тийм юм байхгүй. Алдаа гаргасан гээд амаараа хэлээд сууж болохгүй. Баримтаар нотлох асуудал. Хуулийн байгууллага тогтоодог асуудал. Өөгүй хүн байхгүй, ажил хийж байгаа хүн алддаг, онодог. Эцсийн дүнд үр дүн чухал гэж би хэлэх гээд байна.

Өргөдлийн байнгын хороонд 60 мянган хүний өргөдөл ирсэн. Шийдвэрлэх асуудлыг 95 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн. Олон ээж, аавуудын хүсэлтийг  шийдсэн.  Тэр дунд мэдээж олигархуудын дургүйг хүргэсэн асуудал олон байсан. Ноён уул, Тавантолгой, Халх гол, 75 дугаар тогтоол, Петро чайна дачин тамсагийн асуудал гэхчлэн. Энэ бүх асуудлыг шийдэхэд олигархууд дургүйцээд, зарим нь бүр санаатайгаар саад хийгээд, зарим нь шахалт хийдэг байсан.

Байнгын хорооны даргаар ажилласнаар Ноён уулын асуудал өнөөдрийн түвшинд гарч ирсэн. Таван толгойн 200 ажилчин зарагдахаа болиод, дээрээс нь 1072 хувьцааны асуудал шийдэгдсэн. 75 дугаар тогтоолоор хоёр гишүүнийг шахаж шаардаж байж тогтоолын төслийг өргөн бариулсан.

Боловсролын асуудлаар хүүхдүүдэд 25 мянган компьютер олгохоор Хятадын Элчин сайдын яамтай яриад санхүүжилт хийхгүй гэж байсан асуудлыг хийлгүүлсэн.

Төрийн албан хаагчдыг дураар халдгийг болиулахаар нээлттэй сонсгол хийсэн.  Хамгийн сүүлд төрийн албан хаагчдын нээлттэй сонсголын хоёр дахь хувилбар болох эрүүл мэндийн нээлттэй сонсгол хийх гэж байсан. Тэр нь өнөөдөр траншейнд очихдоо тулчихаад байгаа 20 мянган хүний асуудал.

Эцсийн эцэст  Баасанхүү гэдэг хүн дарга байх уу, үгүй юу гэдэг асуудал биш. Хамгийн гол нь ард иргэдийн хүсэлт, гомдлыг үнэн зөв, шударга шийдэх л асуудал юм.

Миний хувьд 60 мянган өргөдөл ард түмний хүсэлт, шаардлага байснаас тултал ажиллахын төлөө хичээснээс ялангуяа “Шонхор” фракцид хамгийн том гай учирчихаад байгаа. Өөрөөр хэлбэл “Шонхор” фракцийн зарим хүмүүсийн асуудлыг би Авлигатай тэмцэх газарт өгсөн. Зарим асуудлыг прокурор луу өгсөн. Манай 76 хүний бүгдэд гэхэд хаашаа юм, нэлээн хэдэн "хүнд гарууд"-тай холбоотой гомдол ирсэн. Тэр хүмүүс надаас гуйсан, битгий явуулаач, наадхаа царцаагаач, хаагаач гээд.

Зөвшөөрөхгүй, шалгуулна гэхэд “Чи өөртөө дайсан хураалаа, чи өөрөө мэдээрэй”  гэсэн. Бушуухан шиг даргаас чөлөөлж байх шиг байна.  

Миний найз Ж.Батзандан “Шонхор” фракцийн гишүүн ч энэ хорооны даргын ажлыг авсан болохоор найдвараа Ж.Батзандандаа тавиад харж байя даа.

Эцэст нь хэлэхэд, би байнгын хорооны дарга гээд ганцаараа ажиллаж байсан юм биш. 15 гишүүнтэй, тэр дунд Ж.Батзандан ч байсан. Тэднийхээ туслалцаа дэмжлэгтэйгээр ажилласан.

-Ямар хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллав?

-Жил хүрэхгүй хугацаанд л хийлээ. Намайг дарга болгох гэж гурван удаа унагасан. Болиулахын тулд гэрлийн хурдаар л шийдэж байна.

Манай “Шударга ёс” эвслийн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын хурлыг одоо хүртэл хийж өгөхгүй л байна. Ийм хамтрагч нар байдаг ч юмуу. Хамтарч байгаа намын дарга болох М.Энхсайханыг АН-ын дарга Их хурлын даргын индэр дээрээс хөөгөөд сууж байна, хэвлэлд ярицлага өгсний төлөө. Ингэж болох юмуу.