Эрчим хүч хямд үйлдвэрлэж чадахгүй л бол ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихгүй
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.
Ж.Энхбаяр: Эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг ярилаа. Салбарыг алдагдалгүй болгоход анхаарлаа гэлээ. Үүний үр дүнд эрчим хүчний үнэ өслөө. Аж ахуйн нэгжийн цахилгаан дулааны үнэ өслөө. Өртөг өсч байгаа суурь үнэ нь өсчихөөр амьдрал ахуйд нөлөөлж байна л даа. Монгол Улсын бүхий л салбар үүнээс болоод өрсөлдөх чадвараа алдаж байна. Засгийн газар нэг талаараа жижиг, дунд үйлдвэрээ дэмжинэ гэдэг. Нөгөө талаараа өртөг нэмэх суурь үнийг нь өсгөөд байдаг. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй эрчим хүчтэй, дэлхийд байхгүй өндөр үнээр шатах тослох материал зарж байж яаж аж ахуйн нэгжүүд томрох юм бэ. Нүүрс чинь зарагдахгүй байна. Та нар цалин нэмсэнгүй. Тэтгэвэр нэмсэнгүй. Монголын бүх ард түмэнд хүнд байна. Ажил явахаа болилоо шүү дээ. Ажил бий болгодоггүй баахан байшин барьчихлаа. Уул уурхай чинь гацчихлаа. Монголын эдийн засагт байгаа мөнгө барилга болоод гацчихлаа. Гаднаас зээл авч чадахаа больсон. Тэгээд л шатахуун дулаан цахилгаанаа нэмээд бид хэр тэсэх вэ. Нийтээрээ монголчууд дэлхийн зах зээлээс шахагдлаа шүү дээ.
Ж.Батсуурь: Манай эрчим хүчний салбарынхан хэмнэлтийн хууль гээд олон талын арга хэмжээ авч байгаа гэнэ. Хоёр хөрш маань хамгийн хямд аргаар эрчим хүч үйлдвэрлэх арга хайж байна шүү дээ. Эрчим хүч хямд үйлдвэрлэж чадахгүй л бол ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихгүй. Нүүрсний цахилгаан станц бариад түүнийгээ гадагшаа худалдана гэдэг бол хэтэрхий өрөөсгөл ойлголт. Дэлхий даяар хамгийн хямд аргаар эрчим хүч үйлдвэрлэх асуудал л онцгой байр суурь эзэлж байна. Тиймээс бид эрчим хүчний салбарын үнээ онцгой бууруулж чадахгүйгээр ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулах тухай ярих боломжгүй.