Одоогийн УИХ олон жилийн дараа онигоо болно
Шинэ оны өмнөхөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг удаан гацаасан санхүүжилтийг шийдвэрлэж чадлаа. Ингэснээр манай улсын гурав дахь далд уурхай 5-7 жилийн дараа ашиглалтад орох нь. Оюутолгойн далд уурхайн үр нөлөө болон энэ онд хэрэгжих уул уурхайн бусад төслийн талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаатай ярилцав.
-Энэ онд хэрэгжих уул уурхайн ямар томоохон төслүүд байгаа вэ. Өнгөрсөн оны уул уурхайн үнийн уналт энэ онд ч мөн үргэлжлэх болов уу?
-2014 оноос эхлэн эрх баригчид урагшгүй бодлогын алдаагаа залруулж эхэллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлах зэргээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх алхмууд авч эхэлсэн. Ингэж дотоод дахь тээг, хаалтаа арилгатал гадаад орчин өөрчлөгдөж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихлаа.
Үнийн уналт дан ганц Монголд нөлөөлөөгүй. Дэлхий даяар хайгуулын ажлууд зогсчихлоо. Энэ онд Гацууртын төсөл шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байна. Энэ төслийг Засгийн газар гурван удаа УИХ-д орууллаа. Уг нь энэ дунд хэмжээний төсөл. Гэтэл УИХ гурван удаа хэлэлцэн, шог байдалд орлоо. Засгийн газар өөрөө мэдээд л явуулах төсөл байгаа юм. Олон жилийн дараа одоогийн УИХ онигоонд орно шүү. Тоглоом биш шүү дээ, ийм байж болохгүй. Нэг жижиг компанийн асуудлыг 76 гишүүн шийдэж байна. Энэ мэтээр гацаасан Цагаан суварга, Мон эко гээд төслүүд байна. Цагаан суварга бол барилга байгууламжид нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн, тоног төхөөрөмжөө оруулаад ирчихсэн төсөл. Монгол компани Европоос зээл авах нь амаргүй. Хувийн компани өөрөө хөрөнгө оруулалтаа шийдэж байхад засгаас дундуур нь ордог. МАК одоо энэ зээлээ нүүрсээрээ хаах гэж зовж байна.
Мон экогийн хувьд 300 км урт хар замаа тавьчихсан байтал стратегийн ангилалд оруулна гээд л таг. Хэрэв эхлүүлсэн бол өдийд борлуулалтаа хийж байхгүй юу. Урт нэртэй хууль батлаад л зогсоочихсон.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил маш удаан байна. Хуулиа батлаад бараг жилийн дараа тусгай зөвшөөрлөө олгож эхэлсэн. Долоо хоногт ганц л өдөр, хэдхэн минутын дотор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ААН-үүдэд бүртгэлийн дугаар олгож байна. Ингээд арай гэж шийдвэр нь гарсан компаниуд орон нутагт очихоор 60 хувь нь татгалзсан хариу сонсдог. Ийм л байдалтай байна.
Гоожуураар бол зөвхөн дусал төдийхнөөр дусалж байна гэсэн үг. Яагаад ажлын таван өдөр өглөөнөөс орой хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлээ явуулж болохгүй гэж? Долоо хоногт 120 л өргөдөл авч байгаа нь маш бага тоо. Ийм боломжийг онлайнаар олгох ёстой. Гэтэл 120-оос дээш авч чадахгүй ээ гэдэг.
-Уг нь тэр програм хангамж, аюулгүй ажиллагааг хангана гэж их хүлээлгэсэн.
-Тэгсэн. Гэтэл тэр програм нь 7 хоногт 120 өргөдөл л авах хүчин чадалтай гэнэ. Ганцхан өдөрт өглөө 08-аас 11 цаг хүртэл л бүртгэлийн дугаар олгоод, хаачихдаг.
-Та орон нутгаар яваад, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулаад ирсэн. Иргэдтэй уулзахад уул уурхайн талаар ямар бодолтой байна. Яагаад хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн 60 хувь нь үгүй гэсэн хариу аваад буцаж байна вэ?
-Өнгөрсөн зун би баруун таван аймгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон юм. Хөвсгөл, Говь-Алтайгаас бусад аймгийн төлөөллүүд ирсэн. Оролцогчид өөр өөр зүйл ярьж байна. Увсынхан болохоор өгнөө гээд ирсэн болгонд нь зөвшөөрөл олгожээ. Харин Завханыхан үгүй гэсэн байна. Ховд аймгийн удирдлага бол тодорхой шүүлтүүр тавин, бодлоготойгоор олгож байгаа юм байна. Зарим иргэд бол одоо харамсаж байна. 2012 онд Увсад уул уурхайн төслүүдийг зогсоосон.
Тэнд ажиллаж байсан хүмүүс одоо ажилгүй болоод харамсаж байна. 500 мянган төгрөгийн цалин авч байсан юм байна. 2012 оны сонгуулийн өмнө дуучин С.Жавхлан очоод, баахан шоу хийсэн шүү дээ. Тэгсэн атлаа өөрөө тэнд амьдардаггүй, хотод л амьдарч байгаа шүү дээ. Сонгууль дөхөнгүүт л очоод бужигнуулчихдаг. Ийм УИХ-ын гишүүд ч бий.
Нөгөө компани нь болохоор нэг айлд дөрвөн удаа орж, төслөө танилцуулсан байгаа юм. Гэвч иргэд багийн хурлаараа зөвшөөрөхгүй гээд шийдчихсэн учир хөрөнгө оруулагч тал гараад явчихсан. Ийм жишээ, сургамжууд байна.
-Хайгуул хийх, олборлох нь асар их зөрүүтэй гэдгийг нутгийн иргэд ухаж ялгахгүй байх шиг?
-Тийм. Угаасаа иргэдийн уул уурхайн боловсролыг төр засгаас огт анхааралгүй, орхичихсон. Салбар нь ч хаячихсан. Болдог юм байх гэж явсаар өнөөг хүрлээ. Энэ хоосон орон зайг популистууд, ашиг хонжоо хайсан нөхөд овжноор эзэлчихсэн. Нүүдлийн соёл иргэншилтэй уул уурхай зөрчилдөлгүй яахав. Газар хөндөж байгаа нь хэн ч харсан сайхан биш л дээ. Одоо харин сайхан болж. Дээр үеийн уурхайнууд ажиллаж байсан газраар бол шөнө явалтгүй байсан. Учир нь мал хүнгүй нүхэнд унах эрсдэлтэй. Ийм гашуун түүх бий ч бид үүнээс сургамж аваад, цааш явах ёстой.
Засгийн газар, УИХ ч гаргасан шийдвэр, хуулиа сурталчлах, хамгаалах ажлыг орхигдуулсаар ирсэн. Иймд команиуд өөрсдөө арга буюу орон нутгийн иргэдийн боловсролд анхаарч эхэллээ.
-Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй вэ?
-Одоогоор сөрөг нөлөө үзүүлэхгүй. 1300 метрийн гүнд ажиллана. Доошоо сууна гэх аюул байхгүй. Харин тэнд ажиллах хүмүүсийн аюулгүй байдалд илүүтэй анхаарах ёстой. Оюутолгойн төсөл анх эхлэх үед зарим нь төвийн эрчим хүчний системтэй холбоно, Хятадаас цахилгаан авахгүй гэж байсан даа. Одоо далд уурхайг барих, цаашид ашиглахад маш их цахилгаан хэрэглэнэ. Эрчим хүчний хэрэглээ нь хэд дахин өсөхөөс гадна хамгийн гол нь эрчим хүч тасалдвал яана? Тээр дор байгаа ажилчид эрчим хүчгүй, агааргүй гацвал яах вэ? Тэгэхээр найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй байх ёстой. Цахилгаан огт зогсож болохгүй. Манайхан их хийсвэр л бодоод байна. 1300 метрийн гүнд, 16 км урт хонгилд хүний амьсгалах агаарыг яаж нэвтрүүлэх вэ?
Босоо амыг дагасан маш том шахуурга хэрэгтэй. Хүн алхаад 30 минутад хүрэх цэг тутамд ослын үед хоргодох байрыг 5 метрийн урт, өргөнтэй хонгил дотор барьж байна. Тэнд 10-аад хүн багтана, 36 цаг байж болно. Дотроо байнгын хүчилтөрөгчтэй. Мөн ажилчин бүр өөрийн хувийн хэрэгцээнд зориулан 30 минут үйлчлэх хүчилтөрөгчөө үүрээд явна. 1300 метрийн гүнд газрын гадарга дээрээс 5-6 хэм илүү халуун байдаг. Цөм рүү ойртож байгаа учраас оронгуут халуун нь шууд мэдэгдэнэ. Энэ мэт нарийн асуудлууд бий. Гэтэл манайхан бид өөрсдөө ухна, 80 жилийн уул уурхайн түүхтэй л гээд байсан. Яагаад ч чадахгүй шүү дээ. Тавантолгойгоо ч ухаж чадахгүй л байна. Ухах нэг хэрэг. Иргэд их энгийнээр ойлгоод байна. Энэ бол Шарын гол, Шивээ-Овоо, том Тавантолгой биш. Ухахын сацуу өндөр чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүй борлуулах ёстой. Үүнд өөр менежмент шаардлагатай.
-Оюутолгойн удирдлагууд 5-7 жилийн дараа далд уурхайг барьж дуусахад дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ч эргээд сэргэнэ. Яг энэ үетэй уурхайн нээлт давхцана гэсэн эерэг хүлээлттэй. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хүн өөр өөрсдийнхөөрөө л таамаглана. Уул уурхайн салбарын хамгийн том эрсдэл нь мөчлөг. Хэзээ эхэлж, хэзээ дуусахыг хэн ч таадаггүй. Энэ бол боломжгүй зүйл. Учир нь маш олон хүчин зүйл нөлөөлнө.
Гэхдээ ерөнхий зарчим нь их энгийн. Эрэлт багассанаар нийлүүлэлт буурсан. Энэ нь дайн байлдаан, том эдийн засгуудын хямралтай холбоотой. Дайн, хямралыг урьдчилан харж чадахгүй. Эрэлт, нийлүүлэлтийг удирдах хэцүү. Явсаар явсаар хугарлын цэг дээр буюу үнийн уналт дээр ирдэг. Үүнийг дагаад нийлүүлэлт буурангуут эрэлт эргээд л өснө. Хэт доошоо унаагүй ч одоогийн нам үнийн түвшин дахин 5-7 жил үргэлжилнэ. Үүнд шинээр үүдээ нээх уурхайнууд ч нөлөөлнө. Эрэлт өсөөд, үнэ ч өсөнгүүт хойноос нь бүгд дахиад л уралдана. Хайгуулын ажлууд хай сайгүй зогссон болохоор шинэ орд ойрын мөддөө илрэхгүй. Оюутолгой эхлэх гэж л 10-аад жилийг авсан биз дээ. Шинэ орд илрүүлсэн ч тусгай зөвшөөрлөө авна энэ тэр гэсээр дунд нь олон жил алддаг.
-Далд уурхайг ажиллуулахад зарим мэргэжилтнээ гаднаас авахаас өөр аргагүй юм билээ. Манай уул уурхайн хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжилтнүүд хомсдолтой байна вэ?
-Инженерүүд, мастерууд дутагдалтай. Далд уурхайд ажиллах нэг ээлжийнхэн 8 цаг ажиллалаа гэхэд тэдгээр ажилчдыг хянах, өндөр мэргэжлийн цехийн дарга, ээлжийн дарга нар хомс. Мөн өнгөрсөн хугацаанд Оюутолгой, Бороо Гоулд олон ажилтнаа халлаа. Тэдний ихэнх нь мэргэжлээрээ ажиллаагүй. Салбарын боловсон хүчний бодлого алдагдсан гэхэд болно.
-Ярилцсанд баярлалаа.