Тогтвортой бодлого хэрэгтэйг сануулав
“Мөнгө дангаараа бус, харин сайн бодлоготой хосолж байж хөгжлийг бүтээдэг” хэмээн УИХ-ын гишүүн Сү.Батболд “Бид хамтдаа” үндэсний форумын хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд” нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Уг хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал сэдэвт салбар хуралдаан болж УИХ-ын гишүүн Я.Содбаатар илтгэл тавьсан юм. Тэрбээр, Монгол Улсын нийт газар нутгийн 8.6 хувьд тусгай зөвшөөрөл олгосон байгааг онцолсон. Мөн геологи, хайгуулын салбар уналтад орсныг дурдаж байв. Учир нь 2010 онд уул уурхайн салбар манай улсын төсвийн нийт орлогын 28 хувийг бүрдүүлдэг байсан бол 2015 онд энэ үзүүлэлт 13 хувь хүртлээ буурчээ.
Хэдийгээр дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ уруудсаар байгаа нь үүнд нөлөөлсөн ч, хамгийн чухал нь Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилиин хугацаанд 11 мянган хувийн аж ахуйн нэгжийг хүчний байгууллагаас ямар нэгэн байдлаар шалгасан байна. Иймд хөрөнгө оруулагч, төр, нутгийн өөрөө удирдах байгууллага хоорондын зохистой харьцааг хуульчлах хэрэгтэйг сануулж байлаа.
Мөн эрх зүйн болон бодлогын тогтвортой байдлыг бий болгох нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чухал гэдгийг онцоллоо.
Үүнээс гадна өмчийн болон эрхийн хамгаалалтыг тодорхой болгох ёстой аж. Учир нь хэн нэгэн албан тушаалтан өөрийн эрх мэдлийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Гэвч түүний цаана их хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулагдаж байдаг. Тиймээс хуульд заагаагүй үндэслэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага хувийн компанийн үйл ажиллагааг зогсоодог байдлыг өөрчлөх ёстой гэлээ.
Харин Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Алгаа “Энэ салбарт оруулсан нэг төгрөгийн хөрөнгө оруулалт эдийн засгийн бусад салбарт 2-3 төг-рөгийн нэмэлт эрэлт хэрэгцээг бий болгодог. Харин нэг ажлын байр нь 3-4 өөр ажлын байрыг бий болгодог” хэмээсэн юм.
Уул уурхайн салбар өндөр эрсдэлтэй бөгөөд мянган оролдлого тутамд нэг орд нээх магадлалтай байдаг аж. Мөн хөнгөн үйлдвэрийн салбарт нэг ажлын байр бий болгох хөрөнгө оруулалтаас 3-4 дахин их хөрөнгө шаарддагийг Д.Алгаа онцолж байлаа.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилт хангалтгүй байгааг тэрбээр шүүмжилж, амжилтгүй болсон шалтгааныг оношлох шаардлагатай гэв. Үүнийг оношлохын тулд мэргэжлийн судалгааны байгууллага байгуулах шаардлага байгааг дурдсан юм.
Хамгийн чухал нь том төслүүдийн хэрэгжилгэд учирч буй саадыг (Оюутолгой, Тавантолгой, Гацуурт) даруй арилгах талаар тэрбээр сануулсан юм. Мөн эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, хүнд суртлыг арилгах, татварын хувь хэмжээ, татвар оногдуулдаг аргачлал, нэр томъёог олон улсын жишигт нийцүүлэх замаар татварын орчныг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох зэрэг саналыг гаргалаа.
Харин эдийн засагч Ч.Хаш-чулуун “Монголын эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө, түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр, сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлттэй байсан манай улсын эдийн засаг саарсан шалтгааныг тодорхойлов. Хамгийн эхнийх нь Монголын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт болон үнэ унах шалтгаан болсон. Харин хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус байгаагаас гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсантай холбон тайлбарлаж байсан юм.
Мөн Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дэлхиин зах зээлээс гадна БНХАУ-д анхаарал хандуулах ёстойг онцолж байв. Учир нь сүүлийн жилүүдэд Хятадын зах зээлд байр сууриа бататгах гэсэн улс орнуудын өрсөлдөөн ширүүсч эхэлсэн. Тус улсын зах зээлд нүүрс нийлүүлэлтийнхээ хэмжээгээр нэгдүгээрт АНУ, хоёрдугаарт ОХУ орж байна. Мөн Австрали, Индонез, Вьетнам, Казахстан зэргээр Монголын өрсөлдөгчийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Иймд хөрөнгө оруулалтын шинэ загвар, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ёстой гэв. Тэрбээр уул уурхай бол Монгол Улсын хамгийн өрсөлдөх чадвартай салбар хэвээрээ байгааг илтгэлийнхээ төгсгөлд онцолсон юм.