Шатахууны үнийг нэг литр тутамд 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой
УИХ дахь МАН-ын бvлгээс долоо хоног бvр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишvvн Я.Содбаатар оролцож, бензин шатахууны vнийг бууруулах боломжийн талаар мэдээлэл хийв.
Дэлхийн зах зээл дээр vнэ нь огцом буурсан нефть бvтээгдэхvvнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн vнийг бууруулах, улсын хэмжээнд ижил vнэтэй болгох шаардлагыг МАН-ын бvлгээс удаа дараа Засгийн газарт тавьсаар ирснийг тэрээр онцолсон юм.
Тэрээр цааш нь "Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр эрх баригчид шатахуун, дизелийн онцгой, гаалийн албан татварыг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн. Ингэснээр 2015 оны аравдугаар сараас бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг тонн тутамд гурав дахин буюу 777 мянга, дизелийнхийг 795 мянган төгрөгөөр тогтоосноор нефть бүтээгдэхүүний үнэ буурах боломж хаагдсан.
Засгийн газар шатахууны онцгой албан татвараас он дуустал 61 тэрбум, ирэх онд 200 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж, энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцоолж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид төсвийн алдагдлыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авах байдлаар нөхөх гэж байгааг МАН-ын бүлэг дэмжээгүй" гэсэн юм.
2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад шатахууны үнийг нэг литр тутамд 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсныг Я.Содбаатар гишүүн онцлов.
Хэрвээ шатахууны үнийг ингэж бууруулсан бол бүх аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурахад нөлөөлөх төдийгүй ард иргэдийн амьдралд дэмжлэг болохуйц нөхцөл бүрдэх байсан. Гэвч эрх баригчид шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсаныг шүүмжлэв. 2013 онд бензиний хилийн үнэ 1200 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 500 гаруй болж хоёр дахин буурсныг ч дурдав. Мөн шатахууны үнийг улсын хэмжээнд ижил болгох МАН-ын санаачилгыг онцолсон юм.
Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсантай холбогдуулж ОХУ дотоодын шатахууныхаа үнийг 49, БНХАУ 41, АНУ 16, Хонконг 43, Вьетнам 28, Швед 29, Герман 30 хувиар тус тус бууруулаад байгааг Я.Содбаатар гишүүн жишээ болгон тайлбарлаж, эрх баригчдыг энэ чиглэлд дорвитой ажиллахыг сануулав.