“Морин цаг” шатахууны үнийг онцолжээ
УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүрийн лхагва гарагт нийгэм, эдийн засгийн салбарын анхаарал татсан асуудлаар мэдээлэл хийж, мөн УИХ-аар баталсан бодлого шийдвэр амьдралд хэр оновчтой тус байгаа талаар мэдээлэл хийдэг уламжлал тогтсон билээ.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь жижиг дунд үйлдвэрийн салбарын хөгжил болон эдийн засгийн хямралт байдлаас гарах нөхцөл боломжийн талаар мэдээлэл хийсэн бол өнөөдөр “Морин цаг”-т УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцож, бензин шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
Мэдээлэл чуулганы танхимын үүдний дэргэдэх индэрт 11.00 цагаас болно. УИХ-аас өнгөрсөн сард 2015 оны төсвийн тодотголыг батлахдаа шатахууны онцгой албан татвар болон гаалийн албан татварыг бөөний үнэд нэмж, улмаар он гараад нефть импортлогчид бөөний үнэд нэмэгдсэн өртгөө жижиглэнгийн үнэд шингээж үнээ нэмэхээр болсон гэх мэдээлэл байгаа юм.
Харин өнгөрсөн долоо хоногт “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Газрын тосны газрын удирдлагууд болон Уул уурхайн сайдтай уулзаж шатахууны жижиглэнгийн үнийг нэг төвшинд буюу өсгөхгүй барих чиглэл өгсөн юм.