Улсын хэмжээд шатахууны үнийг ижил тогтоох боломжтой
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.10.30

Улсын хэмжээд шатахууны үнийг ижил тогтоох боломжтой

АИ 92 шатахууны үнэ ОХУ-д 1100 төгрөгийн үнэтэй байхад, Улаанбаатар хотод 1660 төгрөгийн үнэтэй байна. Харин төвөөс алслагдах тусам үнэ улам өсч Дорнод 1880, Ховд аймагт 2100 төгрөгийн үнэтэй байна.

Сүүлийн нэг жилд 1 тн шатахууны хилийн үнэ 1380 ам.доллараас- 580 ам.доллар болтол хямдарсан. Нефть импортлогч компаниуд 5-8 хувийн ашигтай ажиллаж ирсэн бол өнөөдөр 13 хувийн ашигтай ажиллаж байгаа ажээ.

Тэгвэл шатахууны үнийг улс даяар ижил түвшинд тогтоох талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын нэгдсэн чуулганы хурал дээр "Засгийн газар онцгой албан татвар нэмэхийн оронд, шатахууны компаниудтайгаа тохирч 13 хувийн ашгийг 6.5 хувь болгож бууруулаад литр тутамд 200 төгрөг хямдруулж тэр зөрүүгээр алслагдсан бүсийн шатахууны үнийг Улаанбаатар хоттой ижил түвшинд тогтоох боломж байна.

Ингэж эдийн засгийн хямралтай үед ард иргэддээ суурь үнийг нь хямдруулах замаар боломж олгоё. Үүнийг судлаач" гэж байр сууриа илэрхийллээ.

Энэ саналыг Засгийн газар холбогдох яам, нефть импортлогч компаниуд нааштай хүлээн авч байгаа бөгөөд улсын хэмжээнд шатахууны үнийг ижил түвшинд тогтоох боломжтой гэж үзэж байгаа ажээ. 

Тэрээр дэлхий дахинд хямдарч байгаа шатахууны үнийг буулгах талаар Уул уурхайн сайдад асуулга хүргүүлээд байсан. Харин Засгийн газар шатахууны онцгой албан татварыг нэмэх замаар хямдарч болох үнийн зөрүүг төсвийн алдагдлыг нөхөхөд татах саналтай байгаа юм.