2015.12.31

Тэд ингэж хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

“...Улс төрчид алдаж, буруу шийдвэр гаргавал алдааг нь ард түмэн төлдөг хандлага бий. Улсаа бодож байгаа хүн ажлаа сайн хийдэг. Түүнээс биш уриа, лоозон барьж, ганцаараа тодрох гэж гүйдэггүй. Ер нь ганцаараа тодрох гэсэн хандлагаас хүмүүс залхаж байна. УИХ дээр асуудал шийдүүлэхэд наад зах нь хорин гишүүний дэмжлэг хэрэгтэй. Тийм учраас Монголчууд нэгдэж, хамтарч ажиллахаас өөр аргагүй. Ганц нэгээрээ, хоёр гурваараа Монголын асуудлыг шийднэ гэж байхгүй. Энэ бол Монголын хөгжлийн зам биш. Монголчууд олуулаа ярьж байж асуудлаа шийддэг...“

www.president.mn,

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди

“...Сонгуулийн амлалтыг эрх баригчид л мартахаас ард түмэн хэзээ ч мартдаггүй. Ард түмнийг заримдаа хуурч дөнгөдөг ч худалдан авч болдоггүй... Ард түмний ой тоонд шингэтэл сурталчилсан тоон амлалтыг тэд өөрсдийнхөө нас шиг тод санан хүлээж суугаа гэдгийг дахин нэг анхааруулах нь миний үүрэг, шаардах нь сонгогчдын эрх. Амлалтуудыг хэрэгжүүлэхдээ санхүү, эдийн засгийн бодит боломжоо түшиглэх нь зүй ёсны хэрэг ч ард түмний хэлдэгчлэн “Ам алдвал барьж болдоггүй юм”. Амлалтаа хэрэгжүүлэх нь та бүхний хэнтэй ч хуваалцашгүй үүрэг...”

Н.Багабанди, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлсэн үг, 2004

МАХН-ын дарга Н.Энхбаяр

“...Албан тушаал, ашиг хонжоо хайж улс орныхоо эрх ашгийг худалдах, ард түмнийхээ хүсэл сонирхлоос урвахад бэлэн байж болохгүй. Хамгийн энгийн ийм ёс суртахуунтай болж чадаагүй бол төр, засгийн өндөр албан тушаалд ажиллаж, эрх ямба эдлээд ч яах юм. Ер нь бидэн шиг төрд өндөр алба хашиж байсан улсууд яг хэлж байгаагаараа амьдрах хэрэгтэй гэж боддог. Тэрнээс биш гоё үг хэлж, түүнийгээ бусдыг хуурах хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. “Ам, ажил хоёр зөрнө” гэдэг амьдралын хамгийн том алдаа. Хэн өндөр хариуцлагатай албан тушаалтай байна тэр хамгийн ихээр амласнаа, хэлсэн ярьснаа биелүүлдэг байх ёстой..”

www.baabar.mn, 2011 он

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

“...Төрийн бодлогод ард түмний сэтгэл санаа, хүсэл эрмэлзлийг хамгийн энгийнээр суулгаж өгмөөр байна. Түүнээс биш уриа лоозон шиг, худлаа амлалтуудаа болих хэрэгтэй...Төрийнхөн ард түмнийхээ төлөө байгаа бүхнээ зориулах бус өөртөө юм унагах, өөрийнхөө төлөө гэсэн сэтгэл нь зарим үед давчих гээд байгаа юм шиг харагддаг. Муу ард түмэн гэж байдаггүй харин муу удирдагч гэж байна. Нэг битгий хэл нэг хэсэг байна..."

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хэсгээс, 2015 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном

“....Бүх шатны төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч тогтвортой, ухаалаг ажиллавал Монгол Улсын төр тогтвортой, бодлого үйл ажил нь уламжлагдаж байх болно... Төр хөгжлийн бодлогогүй, төрийн бүх шатны албан хаагчид тогтвортой ажилладаггүй. Түүнээс болж нийгэм, эдийн засгийн хямрал нүүрэлж байна. Ухамсар өндөртэй буюу улсыг зөв авч явах ухаантай, улс нийгмийн хөгжлийн цэгцтэй бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх сэтгэл ба чадвартай, намын ба хувийн ашиг сонирхлоо хоёрдугаарт тавьж, авлига, ашиг сонирхлоос хол байж чаддаг удирдагчид, улс төрийн цэвэр намтай болох хэрэгтэй...”

АН-ын дарга З.Энхболд 

“...Сүүлийн үед ах дүү, хамаатан саднаараа төрд орж, төрийг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг хүмүүс олон болсон. Би үүний эсрэг байдаг. Төрд орно гэдэг нь өөрөөр сайхан амьдрах боломжуудаа алдаж байна гэсэн үг. Тиймээс манай гэр бүлээс нэг л хүн төрд байхад хангалттай. Ард иргэд төргүйгээр амьдарч, ажиллаж сурах хэрэгтэй. Монголын төрд би орсон нь миний гэр бүлийн төрд оролцож буй оролцоо, хувь нэмэр...”

МҮОНТР-ын нэвтрүүлгийн хэсгээс, 2015 он

“Улс төрийн тойм”, 2015 он

МАН-ын дарга М.Энхболд

“...Улс орон хөгжихөд улс төрч хүний тууштай, шударга чанар эрхэм бөгөөд мөнгөнөөс ч үнэтэй. Шинэ, нэр цэвэр, улс төрийн тур­шлагатай хүн улс оронд хэрэгтэй. Туршлагатай нь шинийгээ чирч, үлгэрлэж, бие биеэ нөхөж явах ёстой...Өнөөдөр төрийг улс төрийн намаар дамжуулан байгуулж, Засгийн эрхийг намуудаар дамжуулж барьж байна. Тиймээс засгийн эрх барьсан үедээ ч, бариагүй үедээ ч төрийн хүнийг бэлтгэх нь намуудын үүрэг...”

www.itoim.mn, 2015

ИЗНН-ын дарга С.Оюун

“...Улс төрчийн хувьд парламентад орж ажилласан байдлаасаа лидер мөн биш нь мэдэгддэг. Харин салбар бүртээ амжилттай ажиллаж, амьдарч буй олон хүн нийгэмд бий. УИХ-д орвол одоогийн улс төрийн лидерүүдээс огт ч дутахгүй ажиллах боломжтой залуус олон байна. Гол нь явцуу эрх ашгийн төлөө явдаггүй, зөв хүмүүс л байх ёстой. УИХ-д одоо нормальний, улс орноо л гэсэн сэтгэлтэй хүн дутагдаад байгаа юм шиг санагддаг...”

www.time.mn, 2012 он