Хамгийн нөлөө бүхий прагматик улс төрч
Түүний эзэмшсэн мэргэжил мэдлэг, ажлын үр дүн, амьдралын туршлага нь хүнд хэцүү цаг үеийн Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллахад ач тусаа өгч, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1999 оны долдугаар сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдож, 2000 оны долдугаар сарын 26 хүртэлх богино хугацаанд тухайн үеийн банк, санхүүийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амжиргааны доод түвшинг дээшлүүлэх зэргээр дорвитой ажил хийсэн гэдгээрээ ард түмэнд үнэлэгддэг.
Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс ажлын гараагаа эхэлсэн ч удалгүй цэргийн албанд мордож, байлдагчаас ахмад офицер болсон байна. Цэргийн нэгдсэн дээд сургууль, Техникийн их сургуульд эдийн засагч мэргэжлээрээ багшилж байгаад Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллах болж, одоогийн Санхүү, эдийн засгийн дээд сургууль байгуулагдах үндсийг тавьжээ. Энэ мэтчилэн түүний ажил, амьдралын замнал арвин, бүтээлч он жилүүдээр дүүрэн.
1996 оноос УИХ-д орж ажиллан, 4 дэх удаагийн парламентдаа ажиллаж байгаа түүний хувьд тод мөртэй, том бодлого ажлуудыг нь үнэлэн "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас Монгол төрийн түшээ хүнд байх эрхэм шинжүүдийг хадгалсан хүн гэж онцолж байна. Экспертүүдэд ч үүнтэй санал нэг байна.
- Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын үзэл баримтлал, шинэчлэлийн баримт бичиг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн.
- Улс орны санхүү, эдийн засаг, нийгэмд шинэчлэл болохуйц, бизнес эрхлэгч, иргэдийн амьдралд тодорхой ахиц гарах багц хуулиудыг санаачилж, боловсруулахад анхаарч ажилладаг.
- Төрийн үйл хэргийн төлөө өөрийгөө золиослож чаддаг.
Том агуулгатай бодлогуудад оролцдог
Том харж чаддаг нэгэн.
УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй түүний бүтээсэн ажил, санаачилж, оролцсон хуулиуд гэвэл маш олон.
Монгол Улсын нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг тодорхойлоход чиглэсэн чухал баримт бичгүүдийг санаачлан, боловсруулдаг.
Р.Амаржаргал парламентын гишүүн болсон цагаасаа санаа тавьж, ажил хэрэг болгосон чухал ажлуудын томд тооцогдох асуудал нь цөмийн зэвсгээс ангид Монгол улс. Тэрээр хамгийн сүүлд 2015 онд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоолын төслийг санаачлан, боловсруулсан явдал юм.
Тогтоолын төслийг НҮБ баталж, цөмийн зэвсэгтэй 5 гүрэн Монгол Улсад төрийн баталгаа олгосон байна. Ингэснээр Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй орон мөн гэдэг нь баталгаажсан.
...Түүний нөр их хөдөлмөр, оюунаа шингээсэн бодлого ажил хэрэг болж, Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг гэж гадаад харилцаагаар мэргэшсэн эрдэмтэн судлаачид үздэг...
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал улс орны халдашгүй дархан байдал, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилготой батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичгүүдэд түүний үзэг хүрч, шинэчлэлийн ажлуудад сэтгэл, оюун нь шингэжээ.
Эдийн засгийг анагаагч
Монгол Улсын 21 дэх Ерөнхий Сайд
Түүний үндсэн мэргэжил нь эдийн засагч.
Р.Амаржаргалын эдийн засгийн салбарт санаачилсан хуулиуд нь системийн чанартай суурь өөрчлөлтүүд хийхэд чиглэсэн байдаг.
2014 оноос эхлэн татварын бодлогын шинэчлэлийн хүрээнд Татварын багц хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
Багц хуулийн хүрээнд боловсруулж, бэлэн болгосон хуулиа эхнээс нь өргөн барьж, батлуулж байгаагийн нэг нь ирэх жилээс хэрэгжих НӨАТ-ын тухай хууль.
...Өөр нэг суурь шинэчлэл нь “Үнэт цаасны тухай” багц хуулийг батлуулсаныг дурдаж болно. Санхүүгийн зах зээлийг тэлэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход ахиц дэвшил авчрах хууль болсон гэж мэргэжилтнүүд үнэлж байна...
Тухайлбал, энэ хүрээнд төр, хувийн өмчийн үр дүнтэй хамтын ажиллагаа болох Концессийн гэрээг хуульчилсан нь ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх томоохон эх үүсвэр болоод байна. Өнөөдөр бид өмчлөх эрхтэй мэт боловч эрхээ эдлэх механизм нь тодорхой бус байсаар ирсэн.
Олон улсын эрсдлийн үнэлгээний байгууллагын судалгааны дүнгээс харахад Монголд гэрээний эрсдэл, хөрөнгө хураах эрсдэл хамгийн өндөр байна.
Энэхүү хууль, эрх зүйн зохицуулалтын хоосон орон зайг Р.Амаржаргал соргогоор харж, зах зээлийн эдийн засгийн нэгэн суурь болсон өмчийн эрхийн асуудлыг зохицуулах хуулиуд, түүний дотор "Хэлцлийн тухай" хууль санаачлан, боловсруулахад оюун ухаанаа чилээж байна.
Төрийн ажил нэгд, гэр бүл хоёрт
..Гэр бүлээ хоёрдугаарт тавьж улс төрд орсон ганцхан...
Тэрээр чигч, шулуун шударга байхаас гадна суут богд Чингис хааны “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн сургаалийг дагаж, төрийн түшээ хүн төрийн үйл хэргийн төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх хэрэгтэй гэж үздэг.
Тэр нэг л өөр ертөнц.
Багахан бууралтсан, хөлөө ачин сууж, ярих үедээ нүдний шилнийхээ дээгүүр харж ярихдаа “манай гэрт гэр бүлээ хоёрдугаарт тавьж улс төрд орсон ганцхан “дурак” байгаа нь хангалттай. Тэр нь би” гэж хошигнож байлаа.
...Аливаад барьц үл алдах нь түүний мөн чанар, төрийн түшээ хүнд байх эрхэм чанар гэлтэй. Түүнийг хөндлөнгийн “нүднүүд” асуудлыг ончтой тодорхойлох чадвартай, хэн нэгэн, аливаа бодлогод нөлөөлөх чадалтай улс төрч гэж үнэлдэг...
Парламентад аль нэг фракцид тал засдаггүй, ард түмнээрээ хань хийж, 16 дахь жилдээ Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлцож явна.
Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.
"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он