2015.12.25

Монгол төрийн ажилсаг “эзэгтэй”

Тэр  Монголын төрд хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн. Цаашид ч түүнд Монголынхоо хүн ардад зориулж хийх ажил их бий. Д.Оюунхоролыг экспертүүд туршлагатай, нөлөө бүхий эмэгтэй улс төрч гэж үнэлсэн учир  "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлээс онцлох улс төрчөөр нэрлэж байна. 

Эмэгтэй хүнийхээ хувьд нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлого боловсруулахад гар бие оролцож, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хичээн ажилладаг

ЮУН ТҮРҮҮНД ХҮНДЭЭ САНАА ТАВЬДАГ
... УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллахдаа олон арван хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, гишүүнээр нь ажилласнаас гадна өөрөө санаачлан өргөн барьсан хуулиуд олон байдаг ...

Тэр дундаас Гэр бүлийн тухай хууль, Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай, Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай, Өрх толгойлсон эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хууль, Дээд боловсролын санхүүжилтын тухай хууль зэргийг онцлох хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд ядуурал, ажилгүйдлийн түвшин өссөнөөс үүдэн 1000 эхэд ногдох төрөлтийн тоо эрс багасч, хөдөлмөрийн насны залуусын тоо цөөрөх хандлага ажиглагдаж байна. Иймээс хүн ам зүйн бодлогод томоохон дэмжлэг болох “Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Ингэснээр эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ төлөө тэтгэмж авах боломжтой болсоноос гадна алдарт эхийн нэг, хоёрдугаар одонг 5-8 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгодог байсныг өөрчилж 4-6 хүүхэд төрүүлсэн эхчүүд алдарт эхийн нэг, хоёрдугаар одон, жил бүр 50, 100 мянган төгрөгийн тэтгэмж авдаг болсон билээ.

Хөгжлийн үндэс нь байгалийн баялаг биш эрүүл, чинээлэг монгол хүн гэж тэр үздэг

Мөн олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эх (эцэг) хөдөлмөр эрхэлж байгаа ч ядууралд өртөж байгаагийн гол шалтгаан нь тэдний орлогын хэмжээ өрхийн ам бүлийн тоонд харьцуулахад харьцангуй бага байдагтай холбоотой гэсэн судалгааны байгууллагын дүгнэлт бий. Тэднийг төрөөс дэмжиж, туслах замаар амьжиргааны түвшинг нь дээшлүүлж ядуурлаас гаргах, ядууралд өртөхөөс хамгаалах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Тиймээс Монгол Улсын эдийн засаг харьцангуй өндөр хурдацтай өсч байгаа ч хүн амын ядуурлын түвшин төдийлөн буурахгүй байгаа бодит байдлыг харгалзан “Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай” болон “Өрх толгойлсон эцэг эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай” хуулийн төслүүдийг өргөн бариад байна.

Эдгээр хуулиуд батлагдсанаар нийгмийн халамж эзэндээ хүрч хүүхэд, залуус гэр орноосоо дайжих, гэмт хэрэгт холбогдох нь багасч, ядуурал, ялангуяа үе дамжсан урт хугацааны ядуурал буурах боломж бүрдэнэ.

Д.Оюунхорол бол магтаал, зэмлэл, гүтгэлэгийн шуурган дундуур ард түмнийхээ төлөө ухаалаг, тэвчээртэй хүчин зүтгэж буй Монгол төрийн ажилсаг эзэгтэй юм. 

Д.Оюунхорол гишүүний санаачилсан “Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль нь нийгмийн харилцааг зохицуулах чухал хууль юм. Үүний гол зорилго нь гэр бүлийн хөгжил, хүүхдийн талаарх төрийн бодлогыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагатай болох, гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн эрх ашиг, өмчлөх эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эдийн болон эдийн бус хөрөнгийн харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Түүний гар бие оролцсон бас нэгэн шинэ хууль бол Жэндерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль юм. Тэрээр эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхийн тулд уг хуулийг батлуулж, УИХ- ын сонгуулийн тухай хуульд нам эвслээс нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар тусгуулж чаджээ.  

МАЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛД АНХААРДАГ

Монголын малчид байгалийн хүнд нөхцөлд цаг наргүй хөдөлмөрлөдөг. Тиймээс тэдний хөдөлмөрийг үнэлж, тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлуулах, тэтгэврийн даатгалын шимтгэлийн өнгөрсөн 20 жилийг нь нөхөн төлүүлэх, малчин иргэний малчнаар ажилласан нэг жилийг нь 1.6 жилээр тооцох, сайн дураар даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр нь төлж болох уян хатан нөхцөл бүрдүүлэх хуулийн төслүүдийг өргөн барьсан нь хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Мөн хөдөө орон нутгаас сонгогдсон, малчдын амьдралыг илүү мэдэх хүний хувьд малчид, малчин өрхийг жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн нэрлэх асуудлыг хуульчилж өгөх тухай хуулийн төсөл санаачилсан юм. 

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ДЭМЖДЭГ

... Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар боловсролын байгууллагад ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсний ялгааг багасгах зэрэг асуудлыг багцаар нь шийдэж өгчээ ...

Энэ хуулийн нэгэн ач тус бол багшийн хамт сурагчдын хөгжил, боловсролд чухал үүрэгтэй оролцдог сургуулийн нярав, нягтлан, засварчин, тогооч, манаач, үйлчлэгч гээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангадаг бүх хүмүүсийг “боловсролын туслах ажилтан” гэсэн ангилалд оруулж 25 жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэвэртээ гарахад нь 36 сарын хөдөлмөрийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог байхаар шийдсэн юм

Хэдийгээр богинохон хугацаа ч 2015 онд БОНХАЖ-ын сайдаар ажиллахдаа олон жил шийдлээ хүлээж байсан хэд хэдэн асуудлыг эцэслэн шийдсэн. Сайд болонгуутаа нэг асуудал нь сүүлийн 10-аад жил олны анхаарлын төвд байсан Богд уулын Зайсан, Арцатын амыг тойрсон газрын маргаан байв. Энд 1960-аад оноос амьдарсан ч өөрийн газаргүй байсан 302 айлын нийгмийн асуудлыг шийдвэрлэж газрынх нь гэрчилгээг олгосон нь олны талархлыг хүлээсэн алхам болов.

Багшаас төрийн түшээ хүртэл амаргүй замыг туулсан эмэгтэй

САЙДААР АЖИЛЛАСАН БҮТЭЭЛЧ ДОЛООН САР

Нүдэнд харагддагаар нь хүмүүс нийслэлийн агаарын бохирдлын тухай ярих нь элбэг. Гэтэл хөрсний бохирдол нийслэлд төдийгүй, аймгийн төвүүдэд ч утааны адил тулгамдсан асуудал болж хүн амын эрүүл мэндэд заналхийлж буйг анх удаа төрийн анхааралд оруулж хөрсний бохирдлын мэдээллийн санг байгуулж экологичдыг баярлуулав Ингээд зогсолгүй Хөрсний бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох санал гаргаж, УИХ-ын холбогдох байнгын хороогоор дэмжүүлжээ.

Түүнийг сайдаар ажилласан хэдхэн сард аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох төрийн бодлого шинэ шатанд гарсан.

Засгийн газар харамгүй хөрөнгө зарж Монгол улс анх удаа “Ай Ти Би-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “түнш” орноор оролцож дэлхийн 180 оронд улс орноо сурталчилсан нь Монголыг зорих жуулчдын урсгалыг нэмэв. Хууль эрх зүйн хувьд энэ салбар эрс шинэчлэгдэж 60 жилийн түүхэнд анх удаа Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт батлагдав. Харин одоо хөтөлбөрт тусгасны дагуу Аялал жуулчлалыг өөрийн гэсэн хуультай болгохоор ажиллаж байна. 

... Энэ бол түүний сайд байхдаа хийсэн ажлын зөвхөн нэг хэсэг. Нийтдээ 7-хон сарын хугацаанд УИХ-д нийт 11 асуудал, Засгийн газарт 10 асуудал оруулж шийдвэрлүүлжээ ...

Тэр урвалт гэдгийг мэддэггүй

ЦАГ ҮЕИЙН ШАЛГУУРЫГ ДАВСАН УЛС ТӨРЧ

Тэр бол Монголын парламентын хүчирхэг, дайчин эмэгтэйчүүдийн нэг. 1990-иэд оны эхэнд толгойтой бүхэн ганзагын наймаа хийж эхлэхэд тэр Монголын боловсролын түүхэнд анх удаа хувийн их сургууль байгуулсан нь эдүгээ улсын тэргүүлэгч хувийн их сургуулиудын нэг болжээ.

Улс төрийн амьдралд эмэгтэй хүн эрчүүдтэй энэ тэнцүү өрсөлдөж, ажиллана гэдэг мэдээж хялбар биш

... 2000 онд улс төрд орж Завхан нутгаас 4 удаа нэр дэвшин гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо улс төрч хүний туулж болох бүх л хүнд бэрхийг туулж өнөөдрийн өндөрлөгт хүрчээ ...

Хэцүү үед нь элсэж байсан намаасаа гадуурхагдаж явсан ч үзэл бодол, итгэл үнэмшлээсээ ухралгүй намынхаа шилдэг боловсон хүчин хэвээр үлдсэн.

Д.Оюунхорол бол магтаал, зэмлэл, гүтгэлэгийн шуурган дундуур ард түмнийхээ төлөө ухаалаг, тэвчээртэй хүчин зүтгэж буй Монгол төрийн ажилсаг эзэгтэй юм. 

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он