Дунд хугацаанд экспортыг эрс нэмэгдүүлэх боломжтой
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.12.14

Дунд хугацаанд экспортыг эрс нэмэгдүүлэх боломжтой

2015 оны 12-р сарын 10-ний өдөр АХХ-ны удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн Төрийн оронд зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тавьсан "Дунд хугацаанд экспортыг эрс нэмэгдүүлэх боломжтой" сэдэвт илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Дунд хугацаанд экспортыг эрс нэмэгдүүлэх боломжтой

(Бүтээлч Монгол улс хөгжих нь дамжиггүй)

Монгол улсын сүүлийн 10-аад жилийн гадаад худалдааны статистикаас авч үзэхэд, 2006 болон 2014 оноос бусад онуудад импортын хэмжээ нь экспортоос давж гадаад худалдаа алдагдалтай явж иржээ. Гадаад худалдааны нийт эргэлт 2014 онд 2008 оныхоос 2 дахин өссөн бол, үүнээс экспорт 2.4 дахин, импорт 1.6 дахин өссөн байна. Энэ бол олон улсын хэмжээнд маш өндөр, түүнчлэн хурдацтай өсөлт гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас экспортыг нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна.

Хүснэгт. Гадаад худалдааны нийт эргэлт, экспорт, импортын хэмжээ сая.ам доллар

 Онууд

2008

2009

2010

2011

2012

2013

2014

 2015

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт

5779.0

4023.1

6177.1

11307.2

11123.0

10626.9

11011.2

 

эргэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Экспорт

2534.5

1885.4

2899.2

4780.4

4384.7

4269.1

5774.6

 

 

 

 

 

 

 

 

 

 

Импорт

3244.5

2137.7

3277.9

6526.9

6738.4

6357.8

5236.6

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэнцэл

-710

-252.3

-378.7

-1746.5

2353.7

2088.8

537.9

 

                 
                 

Сүүлийн 10-аад жилийн гадаад худалдааны статистикаас харахад нийт эргэлтийн 55-70 орчим хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж ирсний дотор, экспортын 70-90 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлсэн дүнтэй байна. Монгол Улс 2014 онд дэлхийн 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.0 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.8 тэрбум ам.доллар, импорт 5.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн 2015 оны 3-р улирлын байдлаар нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх хувь багасч 78 хувьд хүрсэн нь олон улсын зах зээл дээр эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасанаас, энэ салбарын орлого, ашиг буурч, улмаар уг салбар дэх хөрөнгө оруулалт буурсаныг харуулж байна. Нөгөө талдаа уул уурхайн бус салбарын хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, бүтэцжүүлэх боломж байгааг харуулж байна.

 Дээр дурьдсанаар 6 жилийн хугацаанд нийт экспорт 2.4 дахин нэмэгдсэн тул, дараагийн 5 жилд дунд хугацаанд экспортыг багадаа 3 дахин нэмэгдүүлэх даруухан зорилтыг дэвшүүлж, энэ зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг маш ойлгомжтой тодорхойлж, энэ зорилтын төлөө Монголчууд бүгдээрээ бүтээлчээр хамтарч ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

Ирэх 5 жилийн хугацаанд экспортыг 3-аас доошгүй дахин нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах хэдхэн санааг энд хэлэхийг хүсч байна. Ер нь энэ зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хэрэгжүүлэх стратегийг төр, засаг хувийн хэвшил, судалгаа, шинжилгээний байгууллага хамтран гаргах учиртайг тэмдэглэх байна. 

 Бодлогын чанартай арга хэмжээ:

-Эдийн засгийг тэргүүлэх чиглэлийг тодорхойлох. 2011 оны байдлаар судалгаагаар Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд уул уурхай, ХАА, эрчим хүч ба дэд бүтцийн салбар, үйлчилгээний салбар энэ дотроо аялал жуулчны салбар гэсэн дүгнэлт гарсан байдаг.

-Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг оновчтой тодорхойлж, урт хугацаанд бодлогын тогтвортой байдлыг хангаж, бодлого, арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх,тогтмол хугацаанд хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх,түүнчлэн өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудын жишгээр эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамыг байгуулж урт хугацаанд тогтвортой ажиллуулах.Тухайлбал энэ жил УИХ-с баталсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, урт хугацааны бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хурдасгаж, хэрэгжилтэнд тогтмол хугацаанд үнэлгээ өгснөөр аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь хэмжээг жил тутамд нэмэгдүүлэх боломж байгаад анхаарах.

 -Төсвийг алдагдалгүй баталж хувийн хэвшлийг бодитой дэмжих, хуримтлалыг нэмэгдүүлэх.

 -Хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны болон төлбөрийн эерэг тэнцлийг тогтворжуулах, арилжааны банкны зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх.

 -Санхүү болон Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх,

 -Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход голлох нөлөөтэй бүтээмжийн бүх хүчин зүйл "total factor productivity-TFP", тодруулбал хуримтлалыг нэмэгдүүлэх, текник, технологийн боловсролтой ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх, технологийн хөгжлийн түвшинг дээшлүүлэхтэй холбогдсон бодлогыг оновчтой тодорхойлж, арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх.

 -Нийт газар нутгийн хэмжээнд эдийн засгийн идэвхтэй бүс нутгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хэт төвлөрлийг сааруулах,

 -Гадаадад зах зээл нээх, гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий төр, хувийн хэвшлийн хамтарсан бүтцийг бий болгох. Гадаад худалдаан дахь саад тотгорыг дэс дараалан арилгаж эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

 -Гадаадын зах зээлд өөрийн орны бараа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Монгол-брендийн тоог нэмэгдүүлэхэд үндэсний нөөц бололцоог дайчлан ажиллах.

 -Өндөр технологи, дэвшилтэд технологийг боломжтой бүх салбарт нэвтрүүлэх, нутагшуулахад онцгойлон анхаарах.

 -Инновацийг эдийн засгийн бүх үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг дэмжиж, аж үйлдвэрийн салбаруудыг кластерийн зарчмаар хөгжүүлэх. Аж үйлдвэрийн парк, кластерийг хөгжүүлэхэд хөгжлийн судалгаа хамгийн чухал үүрэгтэй. Хөгжлийн судалгаанд зарцуулах хөрөнгийг олон дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Хөгжилтэй орнуудын стастикаас харахад хөгжлийн судалгаанд зориулсан хөрөнгийн өгөөж хамгийн өндөр түвшинд байгаад анхаарах.

 -Төр, засгийн бодлогын шийдвэр гаргах чадавхийг сайжруулах, төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцогч улс төрийн намуудад зөвхөн улс төрийн оноо цуглуулах зорилго бүхий утга, агуулгаар маруухан маргаанаас зайлсхийж, улс орны хөгжлийн талаар судалгаанд үндэслэсэн бодлого өрсөлдүүлэх, оновчтой бодлого тодорхойлох чадамжаа дээшлүүлэхийг уриалах.

 -Европын Холбоо, АНУ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд худалдааны хөнгөлөлтийг сайтар ашиглахад онцгой анхаарах. Мөн Япон улстай ЭЗТХ байгуулж дуусгах явцыг хурдасгаж, хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх. ДХБ-ын гишүүн орны хувьд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, боломжуудын ашиглалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх. Бусад орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх.

 -Эдийн засгийн давхаргажилт бүтэцжилтэнд онцгой ач холбогдол өгөх. Засгийн газарт мэдээлэл боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хариуцах бүтцийг бий болгох. Бодлогын шийдвэр гаргах явцад мэдээлэлийн сан, түүний өгөгдөлийг ашиглахад анхаарах "big data industry".Түүнчлэн Соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих бодлогыг тодорхой болгох.

 -Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад өр, зээл тавихыг урьтал болгохгүй хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих, дотоод нөөц бололцоогоо дайчлах зэрэгт онцгойлон анхаарах.

 -Төр засгийн бүх түвшинд засаглал, засаглалын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, гүйцэтгэх засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх.

 Эдийн засгийн бодит салбарт олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил ч байгаа. Гэхдээ дараахь хэдхэн арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

 -Дунд хугацаанд гадаад худалдаа болон тээвэр ложистикийн салбарт агаарын тээвэр, агаараар тээвэрлэгдэх худалдааны эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээг тодорхой болгох. Тухайлбал олон улсын онгоцны буудлын дэргэд Худалдаа, Үйлчилгээний эдийн засгийн тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн манлайлалын дор байгуулах.

 -Таван толгойн ордын хөрөнгө оруулагчийг сонгох, Таван толгойн ордоос өмнөд хөршийн хил, Сайншанд хүртэл төмөр зам барих асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх.

 -Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх ажлыг 2015 онд багтаан зохион байгуулах.

 -Хаан ресурстэй адилхан олон улсын арбитрын шүүхэд дуудагдахгүйн тулд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг 2015 онд багтаан шийдвэрлэх.

 -5-р цахилгаан станцыг барих гэрээ хэлэлцээрийг энэ онд багтаан эцэслэх. Мөн томоохон нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станцыг байгуулж, эрчим хүч экспортлох ажлыг 2016 онд багтаан эхлүүлэх. 

-Нийслэлийн утааны асуудлыг шийдвэрлэхэд дунд хугацааны бодлого, холбогдох арга хэмжээг тодорхой болгох. Олон улсын жишгээс хазайлгүйгээр гэр хороололыг дэд бүтэцжүүлэх, орон даяар иргэдээ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийн бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх. Гадны орнуудын туршлагаар хот, суурин газрын дулааны асуудлыг байгалийн болон синтетик хийг ашиглаж шийдвэрлэхтэй холбогдсон төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.

-Алтанбулаг, ялангуяа Замын Үүдийн чөлөөт бүсийг ашиглан экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах ажлыг эрчимжүүлэх.

 Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлого нэн чухал хэрэгтэй үе дээр байна. Хөгжлийн бодлого дотроо экспортыг эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээгээ тодорхой болгох шаардлагатай гэдгийг Та бүхэн сайтар ойлгож байгаа.Үүний гол шалтгаан нь манай улс хүн ам цөөтэй, түүнчлэн зах зээл багатай орон. Иймээс өөрийн орны бүх хэрэглээний бараа, үйлчилгээгээ эх орондоо үйлдвэрлэх боломж хомс учир импортыг орлох гэсэн үйлдэл, үйл ажиллагаанд судалгаатай, хянамгай хандах шаардлагатай байна.

 Монгол улсын хөгжил бол Монгол хүний хөгжил юм. Тухайн орны хөгжлийн түвшин нь тэр орны олон улсын зах зээл дээрх бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар,түүнчлэн энэ зах зээлд эзэлж буй хувь, хэмжээтэй нягт холбоотой байгааг харуулсан олон төрлийн судалгаа байдаг. Иймд төр, засгийн бодлого бол Монгол хүнээ дэлхийн тавцанд үнэлэгдэх мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай болоход бүрэн чиглэх учиртай. Ялангуяа улс төр нь аливаа шинэчлэлээс хойш татагч биш, дэмжигч, манлайлагч байх нь улс орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой.

 Тиймээс Монголчууд бидний туйлын зорилт бол иргэдийн амьжиргааны түвшин болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, түүн дотроо экспортыг жил тутамд бүх боломжоороо нэмэгдүүлэх явдал юм. Гэхдээ энэ нь хэрэгжүүлэхэд тийм хялбар зорилт биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. "Том зорилт л том амжилтыг дагуулдаг"

 Цаашилбал Япон, Герман, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнууд эцсийн бүтээгдэхүүний боловсруулах аж үйлдвэрийн салбартаа кластерийн системийг амжилттай нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал дэлхийд алдартай Тоёота корпораци кластерийн бүтцэд шилжин, Засгийн газартайгаа хамтран хэдэн зуун мянган компани, ханган нийлүүлэгчдийн нэгтгэсэн кластер байгуулан ажилладаг. Монгол улсад энэ кластерийн тогтолцоог мал аж ахуй, газар тариалан, зэс, нүүрс, төмөрлөг зэрэг салбарт нэвтрүүлэх боломж байгаа талаар судалгаанууд гарсан байна.

Энд дурьдагдсан саналууд бол Монгол улсад болж буй олон хурал, семинар, түүнчлэн АХХ-ны энэ оны бүсийн чуулга, уулзалтан дээр гарч байсан саналууд юм.

 Энэ товч илтгэлээс Та бүхэн Монгол улсад дунд хугацаанд экспортыг эрс нэмэгдүүлэх боломж байгаа талаар тодорхой ойлгоцыг авсан болов уу гэж бодож байна.

 Ер нь хөгжилтэй орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход бүх иргэд, айл өрхийн оролцоо, дэмжлэг, бүтээлч хүнээ дэмжсэн бүтээлч хамтын ажиллагаа хамгийн чухал байсан нь нотлогдсон байдаг. Иймд гадны оронтой харьцуулж өөрсдийгөө болон эх орноо муулахаас энэ мөчөөс эхлэн татгалзаж, Монгол улсаа хөгжүүлэхийн тулд байнга, тасралтгүй бүтээлчээр хамтарч ажиллахыг Та бүхэндээ уриалах байна.

 Бүтээлч Монгол улс хөгжих нь дамжиггүй.

 Анхаарал тавьсанд баярлалаа