“МАН-ынхан худлаа улстөржиж байна”
АН-ын бүлгийн хурал
2015.11.30

“МАН-ынхан худлаа улстөржиж байна”

АН-ын бүлгийн хурал өнөөдөр болж хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралд уламжлал ёсоор Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээлэл хийсэн. Мөн Хөгжлийн банктай холбоотой мэдээллийг сонссон байна. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуультай холбоотой ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Дөрөвдүгээрт, гааль, татварын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой асуудал болон бусад холбогдох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгджээ. Тавдугаарт, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ярилцаж ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийн ахлагчаар С.Баярцогт томилогдсон байна.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хөгжлийн банкнаас гаргасан бонд хэрхэн үр ашигтай зарцуулагдсан гэж үзэж байна вэ?

-УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай намын бүлгийн хурлаар Хөгжлийн банктай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл сонссон. Бүлгийн гишүүдэд материал тараасан. Энэ материалтай гишүүд нэг бүрчлэн танилцах байх. Хамгийн ноцтой асуудал юу вэ гэвэл Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдуулж УИХ-аас ажлын хэсэг гарсан байдаг. Гэтэл ажлын хэсгийн санал дүгнэлт эцэслэн гараагүй, баталгаажуулаагүй байхад зарим гишүүд хоосон улс төржүүлсэн байна. Хамгийн гол нь 5,4 сая ам.доллар дутсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнийг ажлын хэсгийн гишүүд нэг бүрийн тооцоог өгсөн. Энэ 5,4 сая ам.доллар бол бонд босгохтой холбоотойгоор гардаг зардал.  Монгол Улсад өмнө нь гарч байсан бондууд мөн л адил зардал шаардаж байсан.

-УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй, худал мэдээлэл гэж АН-ын бүлэг дүгнэж байна. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ажлын дэд хэсгийн гишүүдээс асууж тодруулна. 

-Бонд босгоход хэдэн төгрөгийн зардал гардаг вэ? Энэ зардлыг ямар үйл ажиллагаанд зарцуулдаг вэ?

-Монгол Улс бонд гаргахдаа үйл ажиллагааны зардал гэж өгдөг. Ингэхдээ бонд гаргаад шууд төлсөн юм байна лээ.

УИХ-ын С.Одонтуяа: 2012 оны гуравдугаар сард Монгол Улс 580 сая ам.долларын бонд босгосон. Үүний зардал 0,58 хувь буюу 3,3 сая ам.доллар зардалд гарсан. Үүний 379 мянган ам.доллар ашиглагдаагүй үлдсэн. Тиймээс Сангийн яаман дээр Аудитын газраас акт тавьж, буцаан төсөвт шилжүүлсэн. Ер нь ажлын хэсэг дүгнэлтээ эцэслэж баталсны дараа байнгын хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Хөгжлийн банктай асуудал анхаарал татаад байгаа учраас бид нэлээд сайн тодруулж, тайлбарлахыг оролдож байна. Өнөөдөр бүлгийн хуралд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт оролцсон. Сангийн яамнаас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт оруулсан юм байна. Гэхдээ тэд шалгасан материал дүгнэлтээ албан ёсных болгоогүй. Сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй, албан ёсоор санал дүгнэлтээ боловсруулаагүй, өнөөдрийг хүртэл газар хэлтсийн хурлаар оруулаагүй тийм материалыг МАН-ын гишүүд өөрсдөө хувийн журмаар олж авсан байна лээ. Тэгээд ажлын хэсгийн дүгнэлт болгож, Сангийн яамнаас албан ёсоор шалгаад, дүгнэлт гаргасан юм шигээр тайлбарлаж олон нийтийн тархийг угаах ажил явуулсан. Бид энэ асуудлыг ярилцаад Сангийн яам албан ёсны мэдэгдэл гаргах ёстой гэж шийдлээ. Аудитын газар бол хоёр дүгнэлт гаргасан гэж Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ярьсан. Гэтэл Аудитын ерөнхий газрын ерөнхий аудитор А.Зангадыг бүлгийн хуралд урьж оролцуулаад энэ тухай асуулаа. Аудитор нэг л дүгнэлт гаргадаг. Хэзээ ч хоёр дүгнэлт гаргадаггүй гэж албан ёсоор хэлсэн.

-Сонгуулийн тухай хууль дээр ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа. Эцсийн хувилбарыг хэзээ гаргаж дуусгах вэ?

-Сонгуулийн хуулийн хэлэлцэх хугацаа маш бага байгаа. Тиймээс намуудын төлөөлөл оролцсон зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс эхлэн уулзана. Тиймээс энэ асуудал хэдий хурдан хугацаанд зөвшилцөлд хүрч чадна төдий чинээ хурдан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг юм. АН-ын зүгээс Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төслийг дэмжинэ гэдгийг хэлмээр байна.

-Таныг “Монроуд” компанитай холбож яриад байна. Гурван тэрбум төгрөгийн  замын төсвийг 10 тэрбум болгож өсгөсөн гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-Гурван тэрбум төгрөгийн замын ажил яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл байна. Миний үүсгэн байгуулсан “Монроуд” гэж компани 2012 оны сонгуулийн өмнө зарласан тендерт оролцож Архангай аймгийн нутагт 100 км зам барих ажил авсан. Тэр үед энэ ажил эхлээгүй. Учир нь үнийн маргаантай асуудал байсан учир хойшлогдсоор байгаад сонгуулийн дараа холбогдох яамдтай гэрээ хэлэлцээр хийж ажлаа эхлүүлсэн. Өнөөдөр зарим хэвлэлээр нэг км зам бариагүй байж 40 гаруй тэрбум төгрөг шилжүүлж авсан гэж мэдээлсэн байна лээ. Гэтэл ажил нь бүрэн дуусчихсан санхүүжилт нь харин гүйцэд шилжиж очоогүйг Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан мэдэгдсэн. Надтай холбоотой буруу зөрүү асуудал цацаж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

-Архи, дарсны онцгой албан татварыг бууруулах тухай хуулийн төсөл оруулж ирсэн гэж байсан. Хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нь юу вэ?

-Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар дэмжээгүй. Одоо дахин оруулах гэж байгаа нь Япон Монголын хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой заалт явж байгаа. Түүнээс ямар нэгэн онцгой албан татвартай холбоотой өөрчлөлт хийх гээд байгаа юм биш. Зөвхөн хоёр улсын байгуулсан аливаа улсын гэрээ хэлэлцээр, тодорхой хүлээсэн үүргийн дагуу асуудлаа шийдэх гэж оруулж ирж байгаа юм.

-Бүх нийтийн санал асуулга явуулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал юу болсон бэ?

-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг энэ долоо хоногийн байнгын хороодоор хэлэлцэнэ. Гэхдээ Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн өөрчлөлтийг ажлын хэсэг ажиллах шаардлагатай байна гэсэн шийдвэр гарсан. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ асуудлаар бүгд ажиллах байх. 

-ЭМС-ын сайдад МАХН-аас нэр дэвшүүлсэн. Гэтэл АН өөрийн хүнээ суулгах хүсэлтэй байна гэдэг мэдээлэл тараад байна. Энэ асуудлаар хариулт өгөхгүй юу? 

-ЭМС-ын сайдын асуудлыг бүлэг ярилцаагүй. Өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ “Шударга ёс” эвсэл нэр дэвшүүлсэн, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Үүнээс өөр мэдээлэл бидэнд байхгүй.