“Монгол төрийн түшээ” хэлэлцүүлэг өрнүүлж байна
"vip76.mn" цахим хуудаснаас "Монгол төрийн түшээ" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж байгаатай холбогдуулан хэлэлцүүлгийн агуулга, зорилго, ач холбогдлын талаар ярилцлаа.
“vip76.mn” цахим хуудас тодорхой сэдвүүдээр экспертүүдийн дунд онлайн хэлэлцүүлэг өрнүүлдэг гэж сонссон. Одоо ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна?
Яг одоо манай редакцийн санаачилгаар “Монгол төрийн түшээ” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж байна. “Монгол Улсыг зөв бодлогоор удирдах төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ” гэсэн ерөнхий сэдэв, түүнд хамаарах хууль эрх зүйн орчин, засаглалын тогтолцоо, улс төрийн нам зэрэг өргөн хүрээг хамруулан улс төр судлаачид, үе үеийн улс төрийн зүтгэлнүүд, салбарын мэргэшсэн экспертүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг юм.
Яагаад “Монгол төрийн түшээ” гэж? Хэлэлцүүлгийг хэнд зориулж байна?
Бид сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын ихэнх тойргийн сонгогчдын дунд түүвэрчилсэн, анкет, телемаркетинг, онлайн аргаар судалгаа хийсэн.
Судалгааны явцад УИХ, Засгийн газарт олон нийт шүүмжлэлтэй хандаж, улс төрчдөд үл итгэх хандлага давамгайлж байна. Үе, үеийн төрийн түшээд Монгол улсын түүхэнд тодорхой хувь нэмрээ оруулж, улс эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж ирсэн.
Тэгвэл одоогийн төрийн түшээдэд Монгол Улсын хөгжлийг зөв голдрилд оруулах, урт хугацааны тогтвортой бодлого авч хэрэгжүүлэх үүрэг ногдож байна. Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чадах төрийн түшээг сонгох цаг айсуй.
Маш зөв, ухаалаг сонголт хийх эрх сонгогчдын гарт байна. Сонгогчдод улс төрийн тодорхой мэдлэг олгох, сонголт хийхэд нь туслах зорилгоор экспертүүдийн маш үнэ цэнэтэй санал, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ бүхий олон талт байр суурь, үзэл бодлыг нэг цэгт төвлөрүүлж, цэгцтэй мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой ажиллаж байна.
Бидэнд экспертийн байр суурь маш үнэ цэнэтэй.
Улс төр судлаачид Монголд ямар төрийн түшээ хэрэгтэй гэж дүгнэж байна?
Тэд “Монгол төрийн түшээ” нь ёс зүйтэй, хуулиа мэдэж биелүүлдэг, эрүүл сэтгэлгээтэй, ард түмнээ төлөөлж чадах, аливаа ашиг сонирхлоос ангид, мэдлэг боловсролтой, эх оронч байх гэх зэргээр улс төрчид зайлшгүй байх шинжүүдийг нэрлэж байна.
Эдгээр шинжид тохирох хүн төрд гарахад өнөөгийн улс төрийн нам, сонгуулийн тогтолцоог сайжруулах, УИХ, Засгийн газрын гишүүдийг ажиллах боломжоор хангасан хууль, эрх зүйн орчин шаардлагатай байгааг хэлж байна.
"Судлаачид муу улс төрч гэж байхгүй, Монголын улс төрд супермен хэрэггүй гагцхүү хүний төрөлх авирийг дарах тийм хууль, эрх зүйн орчинг бий болсон тохиолдолд Монгол төрийн түшээд улс орныхоо хөгжлийн асуудлаар зөв бодлого явуулж чадна гэж тодорхойлж байна."
Хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын эхээр эхэлсэн. Одоогоор эрдэмтэн, судлаачдын байр суурийг өдөр тутам “vip76.mn” цахим хуудсандаа нийтэлж байна.
Цаашид сошиал сүлжээ, өдөр тутмын томоохон хэвлэлээр дамжуулан хэлэлцүүлгийн үр дүнг цувралаар нийтлэх болно.
Мөн манай редакциас эрхлэн гаргадаг, улирал тутмын “Vip Expert” сэтгүүлийн нэг дугаар болж, 20 000 хувиар хэвлэн, олон нийтэд хүргэх болно. Сонгогчдын боловсролд зориулсан гэдэг утгаараа он гараад телевизийн нэвтрүүлэг хэлбэрээр цацаж, хэлэлцүүлгийн ач холбогдол, хамрах хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Ер нь яагаад цахим сэтгүүл зүйн салбарыг сонгож, хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэв? Редакцийн бодлогоо энэ хугацаанд хэр өөрчилсөн бэ?
Миний хувьд нөхөртэйгээ хамтран 2003 онд програм хангамжийн компани байгуулж, үг үсгийн алдаа шалгах “Ангууч”, англи-монгол хэлний толь бичиг болох “Toli” зэрэг програм зохиож, “Компьютер Таймс” сэтгүүлийг эрхлэн гаргаж, хэд хэдэн УИХ-ын гишүүдийн цахим хуудсыг захиалгаар хийсэн юм.
Тухайн үед Монголд интернэтийн хөгжил сул, хэрэглэгчдийн тоо цөөн, УИХ-ын гишүүд төдийгүй энгийн хэрэглэгчид ч интернэтийн ач холбогдлыг төдийлэн мэддэггүй, интернэтэд суурилсан мэдээллийн үйлчилгээ сайн хөгжөөгүй байлаа.
УИХ-ын гишүүд тус тусдаа 1-2 сая төгрөгөөр цахим хуудастай болж байсан ч урсгал зардал өндөр, өгөөж багатай, вэбийн хөгжүүлэлт муу байсан.
Өнгөрсөн жилүүдэд зах зээл, хэрэглэгчдийн хандлага маш их өөрчлөгдсөн. Үүнтэй уялдуулан редакцийн бодлого, харах өнцгөө өөрчлөн, Монгол Улсын хөгжлийн асуудалд түлхүү анхаарах болсон.
УИХ, Засгийн газрын гишүүдийн хэрэгжүүлж буй бодлого, ажлаа олон нийтэд тайлагнах, уншигчдын мэдээлэл авах гэсэн хоёр талын орон зайг нөхөх хэрэгтэйг олж харсан.
2008 онд “vip76.mn” улс төрийн мэдээллийн цахим хуудас нээж, улмаар 2013 онд “Vip Expert” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.
"Одоогоор Монгол Улсын тэргүүлэх болон бусад салбарын хүрээнд 23 сэдвээр 1500 гаруй экспертийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлээд байна."
Хэлэлцүүлэгт судлаач эрдэмтэд, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага гэсэн 4 түвшний экспертүүдийг хамруулж, тэд тухайн асуудлаар өнөөгийн байдлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг гаргадаг. Нэг хэлэлцүүлэгт салбартаа 5-аас дээш жил ажилласан, 20 гаруй эксперт оролцдог учраас маш үнэ цэнэтэй, олон талт өнцөг, мэдээлэл өгч чаддаг.
УИХ, Засгийн газар, өндөр дээд албан тушаалтнуудтай ойр ажилладгийн хувьд "Vip76.mn" цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакцийн бодлого хэн нэгнээс хараат бус байж чаддаг уу?
Бидний хувьд УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудтай ойр ажилладаг боловч аливаа нэг асуудлаар улстөржих, хэн нэгнийг үндэслэлгүй гүтгэх, доромжлох эсвэл магтан сайшаах, тухайн хүний хувийн амьдрал руу орох шаардлагагүй.
Монгол Улсаа хөгжүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа төвлөрүүлж буй байгууллага, хувь хүн бүрийг дэмжин ажиллах болно.
"Бид аль нэг нам, улс төрчөөс хараат бус ажиллаж чаддаг. Энэ ч үүднээс одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгодог."
Төр, хувийн хэвшил хоорондоо асар том “зайтай”, үл ойлголцсон, харилцан итгэлгүй байдалтай байсаар ирсэн.
Төрийн байгууллагууд бизнесээ дэмжих бодлого боловсруулахыг хичээн, тодорхой ажлуудыг хийдэг бол тухайн салбарын бизнес эрхлэгч нь энэ талаар тодорхой мэдээлэлгүй байдаг.
Нэг талаас УИХ, Засгийн газар, холбогдох газрууд тухайн салбарт тулгарч буй бодит асуудлыг мэддэггүй, бодлого, шийдвэр гаргахдаа салбарынхны санаа бодлыг тусгадаггүйгээс амьдралд нийцэхгүй хууль тогтоомж, бодлого гарсаар байна. Тэднийг хооронд нь “уулзуулах”, улмаар тэдний ажлыг урагшлуулж, амжилт олоход туслах нь манай вэб, сэтгүүлийн гол зорилго.
Цаашид ч төрийн өндөр дээд албан тушаалтнууд тухайн албыг хашиж байх хугацаандаа хэр үр ашигтай бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байгаад хяналт тавих, УИХ-аар батлагдсан аливаа хууль хүртэгсдийн дуу хоолой, төр-хувийн хэвшлийн гүүр болж ажиллана.