Сонголтгүй сонгуультай болоод удаж байна
ШУА-н Философийн Хүрээлэнгийн Улс төр судлалын салбарын эрхлэгч, улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D) Д.Баасансүрэн
2015.12.07

Сонголтгүй сонгуультай болоод удаж байна

ШУА-н Философийн Хүрээлэнгийн Улс төр судлалын салбарын эрхлэгч, улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D) Д.Баасансүрэнтэй ярилцлаа.

Сонгууль гэж юу болох, нийгэмд ямар үүрэг ач холбогдолтой зүйл вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

Сонгууль нь ардчилсан төр, засгийн бүтцийг бүрдүүлэх хамгийн оновчтой ардчилсан арга хэрэгсэл болж, улс төрчид,  нам, хүчнийг эрх мэдэлтэй холбогч гол механизм болдог. Нийгэм, улс төрийн цогц үзэгдлийн хувьд төрийн байгууламжийг бүрдүүлэх үндсэн арга, сонгогч олон түмний улс төрийн сонголт, олон нийтийн санаа бодлын илэрхийлэл юм.

Одоогийн сонгуулийн систем зөв хүн гаргах бололцоог бүрдүүлж чадаж байна уу?

Монгол Улсад бүх шатны сонгууль зохион байгуулахад үйлчилж буй сонгуулийн хуулиудад цөөн бие даагчдыг эс тооцвол голчлон улс төрийн намын нэр дэвшигчдэд сонгогдох бололцоо олгодог. Өөрийн болон намынхаа сонгуулийн зардлыг даах чадвартай, хөрөнгө, мөнгөтөй хүн нэр дэвших боломжийг бүрдүүлсэн. Иймээс тэр болгон таны хэлсэнчлэн “зөв” хүн гарах бололцоо үнэндээ хомс. Төр түшилцэхэд бэлтгэгдсэн, хууль боловсруулах дадал чадвартай, мэдлэг боловсролтой цөөнгүй хүн сонгуульд зарцуулах зардалгүйн улмаас сонгуулийн тойргийн гадна үлддэг нь нууц биш.

Сонгуульд нэр дэвшигч нь тойрогтоо “мөнгө цацдаг” хэвшсэн үзэгдлийг яах вэ?  

Болдогсон бол хөрөнгө мөнгөнөөс хараат бус байдлаар явуулбал оюунлаг хүмүүс нэр дэвших, сонгогдох боломж бүрдэнэ. Тэгснээр сонгууль угтаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, сонгуульд оролцож буй хувь хүний ажлын чадвар, хариуцлага, бодлогын өрсөлдөөн болно. Улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүчин, улс төрчдийг ард түмэн сонгох нь сонгууль зохион байгуулж буйн гол утга учир юм.

Сонгуулийн үеийн хэвлэл, мэдээллийг харахад, төр түшилцэх хүн мөн гэж үү хэмээн өөрийн эрхгүй дуу алдмаар цөөнгүй хүн нэр дэвшиж байдаг. Хууль тогтоох байгууллагад ажиллах, төрийн эрх барихад бэлтгэгдсэн хүн бараг алга байна.

Сонгуулиас сонгуулийн хоорондох ерөнхий дүр зураг өөрчлөгдөж байна уу?

Манайд сонгуулийн үеийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн өрсөлдөөн, тэмцэл урьдчилан төсөөлөшгүй хэлбэр, агуулгатай явагддаг. Сонгуульд өрсөлдөгчдөө хэвлэлээр гүтгэн доромжлон намнах нь бол энүүхэнд. Гудамж, талбай, байрны орц, хашаа, айл өрхийг янз бүрийн агуулгатай, эрээн мяраан сурталчилгааны материалаар булна.

Сонгогчдыг “тав, арван төгрөг”-өөр хууран мэхэлнэ. Санал авах өдөр дөхөх тусам гудамж талбайд архи уусан согтуу хүмүүс олширно. Энэ нь нэр дэвшигчид сонгогчидтой “тулж ажиллаж” буй хэрэг. Хэрүүл, зодоон, агсам согтуу,  маргаан, уур уцаар, бухимдал. Санал авах өдөр болно. Сонгогчдоо саналаа өгч дуусна. Сонгуулийн “хар машин” ажиллаж эхэлнэ. Саналын хуудас дутна, илүү гарна, хүчингүй болно, давхар тоолно, дутуу тоолно, зөрчил, маргаан дэгдэнэ. Хэрүүл нь зодоон болно. Саналын хуудас авч зугтана, урна, шатаана. Намын ажиглагчид зөрчлийг протоколдоно, зураг авна, баримтжуулна, тэр нь алга болно. Нэр дэвшигчдийн сонгуулийн штаб, бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн байлдааны бэлэн байдал зарлана. Багахан хэмжээний тулгаралт, тулаан болно. Энэ бол өнөөгийн Монголын сонгуулийн бодит дүр төрх мөн.

Сонгуулийн бохир арга технологи, шударга бус өрсөлдөөн, итгэл хүлээсэн улс төрчид гарч ирдэггүй , сонгуульд нэр дэвшигчдийн тэнцвэргүй байдал, мөнгөний сонгууль, сонгуулийн амлалт, популизм зэргээс болж   иргэдийн сонгуульд үл оролцох явдал өсөн нэмэгдэх хандлагатай болжээ.

Сонгуульд оролцох хүсэл буурч байгаа нь иргэдийн УИХ болон Засгийн газарт итгэх найдвар суларч, төрийн албан хаагчдын хүнд суртал, авлигад автсан, эрх мэдлээ хэтрүүлдэг, амласан амлалтаа биелүүлдэггүй, иргэдийн санал гомдлыг үл тоомсорлодог, танил тал хардаг, хариуцлага хүлээдэгггүй зэрэгтэй шууд холбоотой.

Энэ нь сонгогчдын сонгуульд хандах хандлага, сонгуулиас залхах байдал нь тодорхой шалтгааны улмаас улам даамжрахад хүрвэл тэдний цаашдын сонгуульд оролцох оролцооны түвшинд сөрөг нөлөө үзүүлж болохыг үгүйсгэх аргагүй. 

Та сонголтоо хэрхэн хийдэг вэ? Танд сонголт байна уу?

Сүүлийн сонгуулиудад саналаа өгөхөд миний хувьд их хүндрэлтэй болсон. Ганц надад ч биш байх. Олон сонгогчдод санал өгөх бүхээгт ороод сонголт хийх боломжгүй болсон. Өнөөгийн Монголын сонгууль “сонголтгүй сонгууль” болж хувирсан.  Нэр хүнд нь сэвтсэн нөгөө л нэр дэвшигчдийн нэр саналын хуудаст бичигдсэн байдаг.

Өнгөрсөн 25 жилд л бидний саналаа өгч ирсэн, энэ олон жил гавьтай юм хийж бүтээгээгүй хууль тогтоох байгууллагад олон удаа сонгогдсон улиг болсон горилогчид байж байдаг.  Эсвэл хөрөнгөтөй, мөнгөтөй бизнестэй “Шинэ үеийн баячууд”-ыг намууд санал болгосон.  Сүүлийн үед тойрог сольсон нөхдүүд намын жагсаалтын ард нуугдаж орж ирдэг болсон. Болдогсон бол бүгдийх нь эсрэг саналаа өгмөөр байдаг. Даанч саналын хуудас хүчингүй болох гээд. Тиймээс ”нүдээ” аниад нам, хувь хүнийг нь харж байгаад арай дөнгүүрийг нь дугуйлдаг. 

Тэгвэл энэ бүхнийг өөрчлөхөд судлаач хүний зүгээс ямар шийдэл санал болгох вэ?

Сонгуульд ямар ч нэр дэвшигч гарсан ялгаагүй, итгэл хүлээсэн улс төрчид гарч ирдэггүй, санал өгөх нэр дэвшигчгүй сонголтгүй сонгууль болдог нь иргэдийн сонгуулийн ирц, оролцоо буурах нэг үндсэн нөхцөл шалтгаан болж буйг  харгалзан үзэж, дараах байдлаар хуулийн зохицуулалт хийж болох юм. Үүнд:

Нэгд, сонгогчийн хувьд санал өгөх нэр дэвшигчгүй, сонголтгүй ч байсан сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, иргэдэд үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрх эдлэх,  иргэдэд эсэргүүцлийн дуу хоолой, үзэл бодол, байр суурь, саналаа илэрхийлэх боломжийг хуулийн хүрээнд  хангаж  өгөх шаардлагатай. Тухайлбал, саналын хуудсанд нэр дэвшигчдийн жагсаалтыг залгаад “аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй” гэсэн заалт оруулах

Хоёрт, өндөр хөгжилтэй ардчилсан улс орны жишгээр сонгуульд оролцолгүй үндсэн хуулийн болон сонгуулийн эрх төдийгүй үүргээ биелүүлээгүй иргэдэд  мөнгөн торгууль болон бусад төрлийн арга хэмжээ авч хариуцлага тооцдог механизмыг хуулинд шингээж өгөх нь өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлаас урган гарч байна.

 Тухайлбал, Бельгид сонгуульд оролцоогүй иргэнийг эхний удаад 50 еврогийн торгууль ногдуулдаг бол дахин давтвал 125 еврогоор торгодог. Итали, Германи, Австри, Кипр, Люксембург зэрэг улсууд 25-70 еврогоор торгодог. Австрали улс иргэдээ заавал сонгуульд оролцож саналаа өгөхийг хуульчилсан бөгөөд сонгуулиас зайлсхийгчдэд оногдуулах торгуулийн хэмжээг 13 австрали доллараар тогтоосноор тус улсын иргэдийн сонгуулийн ирц нь 90 хувиас буурахаа больжээ.

Аргентин болон Бразилд сонгуульд оролцоогүй иргэдээ 20-200 доллараар торгодгоос гадна мөн гурван жил төрийн алба хашихыг хориглодог.  Хамгийн хатуу чанд хууль Пакистанд үйлчилдэг. “Сонгох ажлаа тасалсан” этгээд  60 долларын торгууль төлөөд зогсохгүй албадан журмаар нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл ногдуулдаг.