Ёс зүйт төрийг төлөвшүүлэх нь хэцүү биш
Нийгмийн ухамсар, ёс зүйн хэв шинж, улс төрийн соёл, улс төрийн намын төлөвшил, засаглалын тогтолцоо, иргэдийн боловсрол, иргэний нийгмийн байгууллагын идэвхи оролцоо, төлөвшил гээд нийгмийн хийгээд улс төрчдийн ёс зүйд шууд болон дам нөлөөлдөг олон хүчин зүйл бий.
Тэрчлэн үүргийг ухамсарладаг дорно дахинд төрт ёсонд хүндэтгэлтэй хандаж, шүтэн захирагддаг бол, хүний эрхийг дээдэлдэг өрнийн нийгэмд төр засгийг хүчээр захирдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг онцлог хэв шинжүүд улс орнуудын Парламентат ёс хийгээд улс төрийн намын төлөвшилт, улс төрчдийн ёс суртахуунд ч нөлөөлдөг талтайг дурдах нь зүйтэй.
МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн ахлах багш Д.Ундрах ёс зүйт төр, улс төрчдийн ёс зүйн асуудлыг сонирхон судалдаг хүний хувьд "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлж байна.
Улс төрийн нам, УИХ-ын гишүүд, улс төрчид ёс зүйтэй байна гэдэг нь угтаа юу гэсэн үг вэ?
Ёс зүйтэй байна гэдэг нь нэн түрүүн эрх мэдэл, албан тушаал хөөх эрмэлзэл, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахын нэр юм. Эрх мэдэл, албан тушаалыг туйлын зорилгоо болгон, олж авсан эрх мэдлээ ашиг хонжоо хайх хувийн сонирхолдоо урвуулан ашиглахгүй байвал төр, түүний албыг шүтэн амьдрах бизнес бүлэглэл, олигархиудаас ангижрах боломжтой.
Ингэвээс төрийн институциуд номоороо ажиллаж, нийгэм улс орны амьдрал жамаараа үргэлжилж, төр нь төр шиг байж, түмэн олон нь хүн шиг амьдрах болно. “Хүн бүр өөрийн ачаагаа дааж явбал, Хүйлэн хөх орчлонд манайх ер алзахгүй” гэдэг найргийн мөр миний санаанд байнга орж ирдэг юм.
Хүн бүр хийж чаддаг зүйлээрээ л оролдох ёстой.
Сайн бизнесмэн үйлдвэр аж ахуйгаа эрхэлж, сайн бөх дэвжээндээ барилдаж, сайхан дуулдаг нь тайзан дээрээ л байг. Төрийн ажлыг мэргэшсэн албан хаагчид явуулдаг байвал зохино.
Тэгвэл манай улс төрчдийн ёс зүй ямар түвшинд байна гэж үздэг вэ?
Улс төрчид ёс суртахуунлаг байна гэдгийг нэг талаас төрийн нуруу төвшин, түмэн олны амьдрал түүртэх бэрхшээлгүй өрнөж буйгаар хэмжинэ. Нөгөө талаас засаглалын институциудийн үйл ажиллагааны уялдаа холбоо, үр дүнтэй байдалд өгөх иргэдийн үнэлгээ, төр засагт итгэл үзүүлэх иргэд сонгогчдын оролцоо, байр суурь “ёс зүйт төр”-ийг хэмжих нэг шалгуур юм.
Сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийн оролцоо, улам бүр буурсаар байгаа бодит баримтыг бид бэлхэнээ мэднэ. 95,6 хувийн ирцтэй байсан 1992 оны Парламентын сонгуулиас хойш энэ үзүүлэлт тасралтгүй буурсаар 2012 оны сонгуульд иргэд 67,2 хувийн ирцтэй оролцсон. Энэ бол яахын аргагүй улс төрийн бодит оролцоог харуулдаг сонгуулийн идэвхи оролцоо буурч буйг харуулах үзүүлэлт. Төрийн нэр хүнд унах, сонгуулийг булхай луйвар гэж үзэх иргэдийн хандлагын нэг илрэл гэж хэлэхээс өөр аргагүй.
Бас нэг жишээ дурдья. “Сант марал” сангаас 2015 оны дөрөвдүгээр сард иргэдийн дунд явуулсан Политбарометрийн судалгаагаар Засгийн газрын үйл ажиллагаа сэтгэлд нийцэж буй талаар судлахад бараг нийцдэггүй 29,3%, огт нийцдэггүй 25,8% буюу нийт иргэдийн 55,1 хувь нь эсрэг саналтай байна.
Төр засгийн удирдлагын зүгээс нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тохиолдлыг асуухад УБ хотоос санал асуулгад оролцсон иргэдийн 56,2% нь байнга, 28,6% нь олон удаа, 9,6% нь заримдаа гэж хариулсныг нэгтгээд үзвэл төр засаг тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэгт 94,4% нь санал нэгджээ.
Иргэдийн 94,4 хувь нь төр засаг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чаддаггүй гэж үзжээ.
Эндээс чадамжгүй төр засаг, ард түмний хүссэн хүлээсэн бодлого боловсруулж хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэж болох юм. Энэ нь засаглалын легитимчлэл алдагдсаныг харуулж байна. Төрд итгэх иргэдийн итгэл унаж, улс төрийн үйл явцад оролцох ард нийтийн идэвхи алдагдсан энэ цаг үеийг улс төрийн намуудын эрүүл бус өрсөлдөөн тэмцэл, жудаггүй үйлдэл, сонгуулийн бохир арга, технологи, хариуцлага-хяналтын тогтолцоо үгүй төрийн институциудийн засгийн хямрал, нийгэм-улс төрийн гацааг үүсгэж, төрийн албыг “төрлийн алба” болгож буртагласаны гор гэж үзэхээс өөр аргагүй.
Ёс зүйтэй улс төрч гэж ямар хүнийг хэлэх юм бэ?
Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэлд төр, ард түмнийхээ эрх ашгийг огоорох, авлига, хээл хахуульд автах, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллах, албан тушаалаа урвуулан ашиглах, гэр бүлээс гадуурхи зохисгүй харилцаанд орох зэрэг олон асуудлууд багтана. Энэ бүхэнд нэр холбогдоогүй улс төрчид, төрийн түшээдийг ”ёс суртахуунтай” хэмээн итгэж, биднийг төлөөлж төр түшилцэх эрхээ найдан даатгаж өгөх ёстой юм.
Иргэд сонгогчид үүн дээр голчлон анхаарч, бодитой хандаж, хоосон амлалтад хуурталгүй, хийсэн бүтээснийг нь бодитой шүүн тунгааж, сонголтоо хийх шаардлагатай.
Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг.
“Өнөөгийн төрийн өнгө төрх үнэндээ бидний хийсэн сонголтын бодит үр дүн гэдгийг ард түмэн бид хүлээн зөвшөөрөх ёстой.”
Ёс зүйтэй байхыг эрхэмд тооцдог төрийн түшээд Монголын төрд олон бий. Гэвч “нэг үхрийн эвэр доргивол, мянга үхрийн эвэр доргино” гэдэгчлэн хууль тогтоогчдоос эхлээд төрийн бүх шатны албан хаагчдыг нийтлэг бараан өнгөөр төсөөлдөг болсон нь улс төрчид байнга олны хараанд өртөж, шүүлт шалгуур дор байдагтай нь ч бас холбоотой гэж боддог.
Тэд ёс зүйтэй ажиллахад юу саад болж байна гэж үздэг вэ?
Улс төрийн эрх мэдэл нь баялаг, нөөц хуваарилахад хамгийн ойр байж чаддаг. Хууль эрх зүйн зохицуулалтаар ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, хамгаалах шаардлагатай гэж үздэг. Энд хуулийн цоорхой үлдээх эсэх нь хууль тогтоогчдын өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хийгдэх ажил.
"Ёс зүйт төрийг төлөвшүүлэх хүсэл эрмэлзлэл хэрэв байгаа бол түүнийг гүйцэлдүүлэх нь тийм ч хэцүү, бэрхшээлтэй зүйл биш."
Мэдээж улс төр өөрөө ашиг сонирхлын төлөөлөл бөгөөд зөрчилт харилцаанд суурилдаг тул элдэв саад, дарамт шахалт, эрх ашгийн зөрчил тэмцэл байдаг л зүйл. Үүнийг даван туулж, тэсч үлдэх нь ёс зүйт төр шалгагдсан, ёс суртахуунлаг түшээд нь төр түмэндээ үнэнч, хариуцлагатайн баталгаа болно.
Олон улсын жишгээс харахад, ёс, ёс зүйн хэмжээг баримталж чаддаг шилдэг жишээ гэвэл? Тэд яаж ингэж ажиллаж чаддаг юм бол?
Улс төрчдийн хувьд иргэдээ төлөөлөх, эрх ашгийг нь хамгаалах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих гээд онцгой эрхийг олон түмнээс дэмжлэг авч буйн хувьд өндөр хариуцлагатай ажиллах шаардлага гарч ирдэг.
"Ёс суртахуун гэдэг бичигдээгүй хэм хэмжээ, хэв ёс юм. Нэгэнт бичигддэггүй тул хэлбэрэлтгүй сахиж буйг нь хянахад төвөгтэй."
Нийгмийн зан суртахууны адил хүнд найдах, ухамсар ёс суртахуунд нь даатгаад орхих нь хангалтгүй тул төрийн албан хаагчдын улмаар парламентийн гишүүдийн мөрдвөл зохих ёс суртахууны хэм хэмжээг эрх зүйн хэлбэрт оруулан дүрэм, журам болгож мөрдүүлдэг практик хэвших хандлагатай байна.
1990-ээд оноос олон улсын болон бүс нутгийн түвшинд ардчилсан засаглалын шилдэг гэгдэх туршлагуудаас шигшин авч, тодорхой зарчмуудыг эрх зүйн хэлбэрт оруулах ажлыг эхэлсэн.
Энд 1996 онд НҮБ-аас баталсан “Төрийн албан хаагчдын ёс зүйн загвар”, 2006 онд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Брюсселийн тунхаглалаас гаргасан “Парламентын гишүүдийн мэргэжлийн стандартын зөвлөмж” зэргийг дурдаж болох байна.
Парламентын эрх зүйн дотоод хэм хэмжээнүүд дээр үндэслэх Их Британийн парламент л гэхэд олон зууны түүх бүхий өөрөө өөрийгөө зохицуулах тогтолцоотой болсон нь гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах, бусдыг хүлээцтэй сонсох, танхимийн гишүүдийн байр сууринд хүлээцтэй хандах, өөрийн үзэл бодлыг ойлгомжтой, ухаалгаар илэрхийлэх зэрэг бусдад үлгэрлэхүйц олон сайн талыг хэвшүүлж чадсан гэж олон улсын судлаачид үздэг.