Тосонбумбын асуудлаар хэлэлцлээ
Гурвантэс сумын Тост уул, Тосонбумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдын төлөөлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлээ.
Тост уул, Тосонбумбын нуруу орчмын газрыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл өмнө нь орж ирсэн боловч УИХ-ын чуулганаар дэмжигдээгүй. Харин энэ удаад УИХ-ын чуулганаар дэмжүүлэхийн төлөө ажиллана гэж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцүүлэгт оролцохдоо хэллээ.
Тэрбээр хэлэлцүүлэгт оролцож байгаа оролцогчдод хандаж:
“Тосонбумбын нурууны хамгаалалтын асуудлаар хэнтэй ч уулзахад бэлэн, энэ асуудлыг шийдтэл хамт явахад бэлэн байна гээд зориод ирж байгаа та нараар бахархаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт хоёр зорилгоор ирсэн. Нэгдүгээрт Би өөрөө ирвэс хамгаалах сангийн хандивлагч. Өөрийн хэмжээнд тааруулаад даруухан хандивлагч хүн. Нөгөө талаар талийгаач манай Хөвсгөл нутгийн хүн. Талийгаачийн дурсгалд зориулаад Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахад өөрийн дуу хоолойг хүргэхээр ирлээ. Намайг Засгийн газрын сайд байхад Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудал орж ирж байсан.
Тэр үед би нэг удаагийн боломжоо алдсан, дэмжих ёстой гэдэг үгнээс өөр үг надад байхгүй байсан. Одоо надад харамсах сэтгэл төрж байна. Сайхан залуу Тосонбумбын нуруугаа хамгаалах гээд явж байгаад амь насаа алдлаа. Хүний амь нас золиос болгох хэмжээний тийм том эрх ашгийн зөрчил хуримтлагдсан байгаад айдас төрж байна. Эрдэмтэн судлаачдын яриаг сонсоход үнэхээр сайхан нутаг юм гэж бодоод хоолой зангирч суулаа. Зарим уул уурхайн лицензтэй хүмүүсийн амнаас хариуцлагагүй үг гардаг. Тэнд баялаг байна.
Цөөхөн хэдэн ирвэсийг өөр ууланд нүүлгэж болдоггүй юм уу гэдэг. Гэтэл судлаачдын үгийг сонсоход ирвэс өөрөө нутгаа сонгодог ийм нандин амьтан юм. Бид дэлхийд байхгүй ховор зүйлсээ хамтдаа хамгаална. Эдгээр малчдыг гурван хүнтэй уулзуулах боломжоор хангаж өгөөч гэж УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэд уриалга гаргаж байна. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нартай заавал уулзаж өөрсдийн дуу хоолойгоо ой тойнд нь ортол ойлгуулж, ярилцаж чадвал та бүхний зорилго биелэх болно. Тиймээс заавал уулзаад яваарай би та бүхний асуудлыг үргэлж дэмжиж байх болон гэж хэлмээр байна” гэсэн юм.