Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авна
Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгөх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тост, Тосон бумбын нурууг хамгаалах асуудлаар салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар мэдээлэл өгөх байсан. Гэвч ирц бүрдээгүйгээс Өргөдлийн байнгын хороо хуралдсангүй. Тост, Тосон бумбын нуруу дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний нутаг. Тэнд 22-24 цоохор ирвэс байдаг. Мөн цөөн тооны аргаль бий. Гурван тэс сумын нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа нь ирвэс нутагших, бэлчээрлэхэд сөргөөр нөлөөлж байна. Бид дэлхийд нэн ховордсон ирвэсийг хамгаалах ёстой. Тиймээс Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад байгалийн цогцолбор газраар авахаар бэлтгэж байна
-Ирвэс хамгаалагч амиа алдсан. Түүний мөрөөр ямар ажил хийж байна?
-Байгаль хамгаалагч амиа алдсан асуудлыг хууль хяналтын байгууллага хариуцдаг. Юунаас болж амиа алдсаныг тогтоох байх. Ер нь байгаль хамгаалагч эргэлзээтэй байдалд амь насаа алдсан нь биднийг маш их эмзэглүүлж байгаа. Байгаль хамгаалагчдын хувцас хэрэглэл, багаж, нэр төр, ажиллах орчин, амь нас, эрүүл мэндийн баталгааг төр хариуцах ёстой. Энэ үүднээс тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна. Байгалийн нөөц, цогцолбор, дархан цаазат газрыг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог дээд зэргээр хангах ёстой. Өөрөөр хэлбэл, зөрчилдөж биш хамтарч, зохицож энэ ажлыг хийх учиртай.
-Өмнөговь аймгийн 1000 гаруй иргэнээс өргөдөл ирсэн гэсэн. Иргэдийн төлөөлөл ч гэсэн 900 гаруй км холоос зориод ирсэн байна?
-Нутгийн иргэд өргөдөл өгсөн. Нэг бүрчлэн танилцаагүй. Өргөдөл өгсөн өгөөгүй Тост, Тосон бумбын нурууг хамгаалах тухай эртнээс ярьж байгаа. Ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барина.