Монгол наадам цогцолборын хилийн цэсийг тогтоов
Үндэсний их баяр наадмын наадам цогцолборт зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 1604 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12040 га, нийт 13644 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг баталлаа.
Монгол наадам цогцолборыг байгуулахад шаардах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт даалгалаа.
Улаанбаатар хотын хүн ам 1980 онд 380 гаруй мянга байсан бол 2014 онд нэг сая 314 мянга болж 3.4 дахин нэмэгджээ. Улсын нийт хүн амын 44 орчим хувь нь нийслэл хотод амьдарч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хотын хүн амын нэг хувь нь наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг тооцвол үүнээс ч бага хувь нь хамрагдаж байгаа юм.