Дэрэвгэр Жиргэрүүг түүж, хэрэглэхийг хориглолоо
Дэрэвгэр Жиргэрүү
2015.11.26

Дэрэвгэр Жиргэрүүг түүж, хэрэглэхийг хориглолоо

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл таван жилийн хугацаанд Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricate/ устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг түр хориглох шийдвэр гаргав.

Дэрэвгэр жиргэрүү нь экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой бөгөөд үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг байна.

БОНХАЖЯ-наас тодорхой шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад зохих тооны дагуу зөвшөөрөл олгодог ч иргэд зөвшөөрөлгүй түүх, тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, заасан газраас түүгээгүй зэрэг шалтгааны улмаас устах аюулд өртөөд байгаа аж. Иймд холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачидтай зөвшилцсөний үүднээс уг ургамлыг таван жилийн хугацаагаар эмийн ургамлаар түүж бэлтгэх, экспортлохыг хоригложээ.