Тост, Тосон бумбын асуудлаар мэдээлэл хийв
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
2015.12.02

Тост, Тосон бумбын асуудлаар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны /2015.12.01-нд/ хуралдаан дээр Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн талаарх Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонссон юм.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажпыг 2013 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаар гүйцэтгүүлэн хилийн заагийг тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллажээ. Мөн энэ газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хэсэгчлэн олгогдсон байгааг судалж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гарган хилийн заагийг тогтоосон байна. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 619 941,24 га-гаар, тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 2,3 хувиар нэмэгдэх юм байна.

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нутаг нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний амьдрах гол орчин юм.

Иймээс экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд орон нутгийн нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Гурвантэс сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 658912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгожээ.

Гэвч Тостын нуруу нь сүүлийн үед уул уурхайн нөлөөнд хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. Энэ үндсэн дээр энэ газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг салбарын яамнаас тавьж, 2014 онд Засгийн гарын хуралдаанаар хоёр удаа хэлэлцсэн ч тодорхой шийдэл гаргалгүй хойшлуулж ирсэн байна.

Харин уг асуудлыг Засгийн газрын 2015.11.30-ны хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр энэ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэдгийг гишүүд зарчмын хувьд дэмжиж байсан ч энд нүүрс, газрын тосны чиглэлийн тусгай зөвшөөрлийн лиценз олгогдсон, тэр дундаа бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хоёр ч талбай байгаа учраас эдгээртэй холбоотой асуудлыг нягталж, тооцоо судалгааг гүйцэд хийж бэлтгэлийг хангасны үндсэн дээр дахин хэлэлцэхээр тогтож, нээлттэй үлдээсэн гэдгийг салбарын сайд мэдээллийнхээ үеэр онцлов.

Хамгаалалтад авахаар санал болгож буй нутаг нь Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар болон Говийн их дархан цаазат газартай хил залган оршдог тул аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс болон бусад ховордсон туурайтан амьтдын нүүдэллэх экологийн коридор нутаг болох бөгөөд амьтдын нуүдэллэх, тогтвортой өсөх боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн дэлхийн ховор амьтдын бүртгэлд орсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа болон Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ургамлыг хамгаалах нөхцөл бүрдэж, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэр хадгалагдан үлдэхээр барахгүй зарим нь нөхөн сэргээгдэх тул тэдгээр нэн ховор амьтад мөхөж сүйрэх аюулаас аврагдана. Улмаар эдгээр ховор амьтдыг хамгаалалтад авч амьдрах орчных нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн үржлийг нь хангах арга хэмжээ авах боломж бүрдэнэ гэж салбарын яам үзэж байгаа.

Тост, Тосон бумбын нурууг байгалийн цогцолбор газарт хамааруулж улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг салбарын яам анхаарлынхаа төввд байлгаж, Засгийн газрын тодорхой шийдвэр гаргуулах талаар цаашид ч ажиллах болно гэдгээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг хэллээ.

Тост, Тосонбумбын нуруу нь судалгаа шинжилгээний лаборатори-эталон нутгаар сонгогдож гадаад, дотоодын хэд хэдэн байгууллага хамтран цоохор ирвэсний удаан хугацааны цогцолбор судалгааны ажлыг 2008 оноос өнөөг хүртэл олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж ирвэсний судалгааны суурин төв болон тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Гурвантэс сумын нутаг нь уул уурхайн нөлөөнд хүчтэй өртөх хандлагатай байгаа тул хамгаалалтад авахаар санал болгож буй газарт ашигт малтмалын 21 лиценз байгааг хянан үзэж хугацаа дууссаныг нь цуцлах, цаашид үргэлжлүүлэн сунгахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдахгүй авах зөвлөмжийн дагуу "Ирвэс хамгаалах сан", Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлагчдийн Хурал, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газраас анхаарал хандуулсны үр дүнд 5 лиценз нь албан ёсоор цуцлагджээ. Иймээс энэ чөлөөлөгдсөн талбайг санал болгож буй газрын хилд оруулаад байгаа аж. Харин үлдсэн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Иргэдийн өргөдлийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг, О.Баасанхүү нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Мөн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар тус байнгын хороонд хандаж өргөдөл ирүүлсэн иргэдийн төлөөлөл болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга болон ирвэс хамгаалах нийгэмлэг, малчдын зарим төлөөлөл байнгын хорооны хуралдаанд оролцсон юм.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төсөл боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Уг тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ оны 12 дугаар сард багтаан шийдвэрлэж, энэ тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.