Сонгинохайрхан дүүрэг ирэх онд "гал алдах"-аар байна
Сонгинохайрхан дүүргийн ИТХ- ын дарга Х.Нямбаатар
2015.12.01

Сонгинохайрхан дүүрэг ирэх онд "гал алдах"-аар байна

Нийслэл ирэх оны төсвөө баталлаа. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн 2016 оны төсвийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-2016 оны төсвийн төсөлд Сонгинохайрхан дүүрэг 7.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байсан. Харин нийслэлээс манай дүүрэгт3.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ төсөвт сэтгэл дундуур байна. Учир нь одоо баталж буй төсвөөр бол манай дүүрэг гал алдахаар байна, Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүү, торгуулийн орлого орон нутгийн төсөвт төвлөрөхгүй.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн наймдугаар сард батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан орлогоо ил болгож, өршөөлд хамрагдаж буй. Ингэснээр ирэх онд дүүргийн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх боломжгүй болж байна. Мөн Ерөнхий сайд ч хоёр жилийн хугацаанд хяналт шалгалт хийхгүй хэмээн мэдэгдсэн шүү дээ.

-Хүү, торгуулийн орлогоос хэчнээн төгрөг төсөвт төвлөрдөг байсан бэ?

-Дүүргийн төсвийн орлогын 20 гаруй хувийг хүү, торгуулийн орлого бүрдүүлдэг байсан. Үүнээс гадна ажил үйлчилгээний татвар буюу патентын татварыг ирэх онд авахгүй байхаар шийдвэрлэсэн байгаа. Энэхүү татвар дүүргийн төсвийн орлогын мөн 20 гаруй хувийг бүрдүүлдэг байсан. Тэгэхээр дүүргийн төсвийн орлого 40 гаруй хувиар тасрахад хүрээд байна.

-Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн төсөвт хэчнээн тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг вэ?

-Манай дүүрэг төсөвт хамгийн бага орлого төвлөрүүлдэг. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг өнгөрсөн онд 26 тэрбум, Чингэлтэй 25 тэрбум, Хан-Уул 20 тэрбум, Баянгол 15 тэрбум, Баянзүрх 17 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлсэн бол манайх 7.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Орон нутгийн төсвийн тухай хуулиар төсвийн орлогыг хүү, торгууль, тэмдэгтийн хураамж, төлбөр хураамж, үл хөдлөх хөрөнгө борлуулсны болон хувьцаа эзэмшигчдийн орлогоос бүрдүүлдэг.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

Сонгинохайрхан дүүргийн ИТХ- ын дарга Х.Нямбаатар

-2012 онд 3.5-4 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлдэг байсан. Харин энэ тоо өнөөдөр хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн онд 7.6 тэрбум төгрөг болсон нь татвар болон санхүүгийн албатай хамтран олон хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлсний үр дүн гэж бодож байна.

-Ирэх оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардалд хэчнээн сая төгрөг зарцуулахаар тусгасан байгаа вэ?

-Өнгөрсөн 23 жилийн хугацаанд төсвийн орлого бага гэсэн шалтгаанаар орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зардал тусгаж байгаагүй. Урсгал зардлаа санхүүжүүлсэн. Харин өнгөрсөн онд орон нутгийн төсөвт 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, анх удаа хөрөнгө оруулалтын зардлыг тусгаж, дүүргийн эрүүлжүүлэх байрыг шинээр барьсан. Гэхдээ ирэх онд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг тусгах боломжгүй байгаа.

-Бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа хэрэг үү?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлээс орон нутгийн хөгжлийн санд томоохон хөрөнгө тусгасан боловч санхүүжилт бүрэн хийгээгүй. Үүнээс үүдэн төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлээс орон нутгийн хөгжлийн санд 4.5 тэрбум төгрөг тусгасан ч оны эцсийн гүйцэтгэлээр 930 гаруй сая төгрөгийн санхүүжилт дутуу хийсэн.

Иймд 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс ажлаа гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийг нь нөхөж олгосон. Ингэж хөөсөрсөн тоо батлах хэрэггүй. Үүнээс гадна төсвийн эрх мэдэл хэн нэгний гарт төвлөрч байгаа нь төрийн ажлыг гацаахад хүрээд байна. Тухайлбал, яамдын барилга захиалагчийн албанаас санхүүжүүлсэн барилга, байгууламжийн ажил ихэвчлэн царцаасан барилгын жагсаалтыг нэмж байна. Гэтэл дүүргээс тендер зарлаж, санхүүжилтийг нь олгосон бүтээн байгуулалтын ажил хугацаандаа ашиглалтад орж байна гэдгийг баттай хэлнэ.

-Төсвийн эрх мэдлийг орон нутагт төвлөрүүлэх ёстой гэж та үзэж байна уу?

-Тийм ээ. Төрийн байгууллагын удирдлага нь босоо, төсвийн эрх мэдэл нь хэвтээ тогтолцоотой байх ёстой. Учир нь Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн цонх хагарахад асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шийдэж байна. Уг нь орон нутаг болон дүүрэг дэх төсвийн болон урсгал зардлын эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар урсгал зардал нь тусгай шилжүүлгээр ирж байгаа. Шуудхан хэлбэл зургаан сарын сайд хийх гэсэн ашиг сонирхол нь төсвийн эрх мэдэл их байгаатай холбоотой. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлчихвэл авлига, хээл хахууль ч багасна.