Сонгинохайрханы залуус “ Хамтдаа гэрэлтлээ”
2015.09.22

Сонгинохайрханы залуус “ Хамтдаа гэрэлтлээ”

МАН-ын дэргэдэх НАМЗХ- ноос зохион байгуулдаг “Залуус бид хамтдаа” аян Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Сонгинохайрхан дүүргийн амралт чөлөөт цагийн цогцолборт болсон уг цугларалтад 1000 залуус оролцож хоёр өдрийг дуу хуур, инээд наргиантай өнгөрүүлсэн юм. Уг цугларалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НАМЗХ- ны өрөнхийлөгч Г.Тэмүүлэн, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. "Хамтдаа тод гэрэлтье'' уриан дор Сонгинохайрхан дүүргийн 1000 залуусын цугларалтын үйл ажиллагааг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлсэн. Тэрбээр "Монголын нийт хүн амын 60 гаруй хувь нь залуучууд байдаг. Өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудлуудын 60 гаруй хувь нь залуучуудад хамааралтай асуудал байгаа юм.

Тийм учраас эдгээр асуудлыг шийдэхийн төлөө, залуус өөрсдийн ирээдүйн төлөө дуу хоолойгоо хүргэхийн төлөө, эх орны ирээдүйг өөрсдийн гараар зүрх сэтгэлээрээ дархлан цогцлоохын төлөө 1000 залуусын цугларалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Улс орон, нийгмийн хөгжлийн хамгийн гол хөшүүрэг, түүчээ нь залуучууд байсаар ирсэн. Тийм учраас та бүгдийн дуу хоолой, эв нэгдэл Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хүч нь гэдгийг онцлон хэлмээр байна. 94 жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, соён гэгээрлийн төлөө үе үеийн залуучуудтайгаа хамт зүтгэж ирсэн МАН өнөөдөр ч гэсэн Сонгинохайрхан дүүргийн 1000 залуучуудтай хамт нийслэл хотынхоо ирээдүйн бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө дуу хоолой, үзэл бодол, үйлсээ нэгтгэж байна. Энэ арга хэмжээг зохин байгуулсан Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хамт олонд чин сэтгэлийн талархлыг өргөн дэвшүүльө" гэлээ. Тус дүүргийн амралт цогцолборын газар 32 хорооны 1000 гаруй залуу цугларч рок попын ододтой хоёр өдрийг дуу хуур, наргиа хөгжөөнтэй өнгөрөөсөн юм. Түүнчлэн залуус өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлыг хэлэлцэж, өөрсдийн үзэл бодолоо илэрхийллээ. Хороо тус бүр өнгө өнгийн алчуураар жигдэрч, нэгдмэл зохион байгуулттай оролцож байлаа. Нийт 32 хороог дөрвөн өртөө болгон хувааж баг багаараа урлаг, спортоор өрсөлдсөн юм. Мөн хороо бүрээс нэг хүнийг шагнаж урамшуулж байв. Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь төвлөрч амьдардаг, 300 мянган хүн амтай томоохон дүүргийн нэг юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Бид эхлээд асуудлын уг үндсийг олж шийдэх нь зөв

Сонгинохайрхан дүүргийн 1000 залуусын чуулга уулзалт сайхан болж байна. МАН энэ жил 21 аймаг, есөн дүүрэгт энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа. Нийт хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг залуучуудтайгаа уулзъя, ярилцъя, тэдний санаа бодлыг сонсъё, тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж, гарах гарц шийдлийг нь хамтдаа хайя гэсэн үүднээс тус чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Сонгинохайрхан дүүргийн чуулга уулзалт маш сайн зохион байгуулалттай байна. Мөн оролцож буй залуус маань идэвхтэй, урам зоригтой байгаа нь тод харагдлаа. Монгол Улсыг залуучуудын эх орон гэж ярьдаг. Тийм учраас тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэх, гарц шийдлийг хайна гэдэг нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлын 60 гаруй хувийг шийдэж байна гэсэн үг юм. УИХ дахь МАН-ын бүлгийн залуу гишүүд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар санаачлаад. залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ, Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Нийгэмд бухимдал их байна гэж ярихаас илүү яагаад энэ бүхэн үүсч бий болоод байгаа юм бэ гэдэг уг үндсийг нь олох хэрэгтэй. Тиймээс бид эхлээд асуудлын уг үндсийг олж шийдэх нь зөв юм. Үүний тулд улс төрийн нам, залуучуудын үндэсний хэмжээний байгууллагууд идэвхтэй сайн ажиллах хэрэгтэй. Энэ ч үүднээс 1000 залуусын чуулга уулзалт амжилттай болж байна.

УИХ-ын гишуүн Д.Сумъяабазар: Хэлж, хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй

Өнөөдрийн арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн МАН- ын хороо, Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ-ны удирдлагуудтай хамтарч зохион байгуулж байна. Хүн болгон өөрийн хүсэл эрмэлзэл, бодолтой байдаг. Тийм учраас залуучууд цуглараад үзэл бодлоо илэрхийлэх нь энэхүү арга хэмжээний гол зорилго юм. Өөрийн оршин суугаа хороо, дүүрэг, хотоо хөгжүүлэх, цаашлаад Монгол Улсаа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улс орон болоосой гэдэг хүсэл бодлыг мянга мянган залуус тээж явдаг гэдэгт итгэлтэй байна. Үө үеийн залуучууд хувьсгал, тэмцэл, өрнөл, бүтээн байгуулалтад оролцсоор ирсэн. Тэдний оролцоо ч мөн чухал байр суурийг эзэлдэг. Улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн нэгэн зорилгын дор явах нь амжилтын гол үндэс юм. Хамгийн гол нь хэлж, хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Энэ үзэл бодол, хандлага залуучуудад гүн гүнзгий суугаасай гэж бодож байна. Тэгж чадвал жижиг ажлаас эхлээд төрийн ажлыг хийх чадвартай болно. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг энэ үгийг эрхэм болгож аливаа сонгосон ажил, мэргэжил, гэр бүлдээ тууштай байх хэрэгтэй. Монгол хүний үндэс бол өрх гэр юм. Тиймээс аав, ээж гэр бүлээ хайрлах хэрэгтэй. Гэр бүлээ сайхан авч яваа хүнд юуг ч бүтээж чадах хүч чадал оршдог.

НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн: Залуу хүн бүр ёс зүй, хариуцлагатай байж чадвал улс орны ирээдүй өнгөтэй байна

Сонгинохайрхан дүүргийн 1000 залуусын чуулга уулзалтыг бусад аймаг, дүүрэгтэй харьцуулбал дэг журам, зохион байгуулалт сайн байна. Энэ бол зохион байгуулсан баг хамт олны ажлын үр дүн юм. Манай НАМЗХ улсынхаа бүх аймаг дүүрэгт энэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор 12 аймаг, гурван дүүрэгт зохион байгуулаад байна. Нийслэлийн хэмжээнд 3000 залуу үзэл бодлоороо эвлэлдэн нэгдээд явж байна. Өнөөдөр 1000 залуу цугласан ч арга хэмжээнд оролцох хүсэл зорилготой олон залуу байгаа. Манай залуучуудын байгууллагын гол зорилго нь Монголын залуусын дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг олох ёстой, Асуудлын шийдлийг олохын тулд энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Дүүрэг бүрийн залууст тулгамдсан асуудал нь өөр өөр. Тийм учраас залуучууд өөрсдөө оролцож нийгэм дэх байр сууриа дээшлүүлснээр асуудлаа шийдэх боломжой. Энэ ч үүднээс бид чуулга уулзалтын  хүрээнд тодорхой сургалт явуулдаг.  Залуу хүн бүр ёс зүй, хариуцлагатай байж чадвал улс орны ирээдүй өнгөтэй байна. Цаашид чуулга уулзалт говийн аймгуудаар  үргэлжилнэ. Мөн бид эрүүл монгол  залуусыг бий болгох зорилгоор урлаг, спортын арга хэмжээ зохион  байгуулахаар төлөвлөж байна.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар: Хүн амар хялбар аргаар амжилтад хүрдэггүй

Бид энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа 1000 залуусын  чуулга уулзалт болно гээд хороо болгонд тоо өгсөн боловч 1000 гаруй залуу цуглараад байна. Залуус маань идэвхтэй сайн оролцож байна. Өнөөдрийн цугларалтын  гол агуулга нь "Хамтдаа тод гэрэлтэе" гэсэн уриан дор болж байна. Чуулга уулзалтын зорилго нь залуусын нийгэмд эзлэх байр суурийг идэвхжүүлэх юм. Монгол Улсын хөгжлийг түүчээлэн авч явах залуучууддаа нийгэмд эзлэх байр суурь ямар байх ёстой, тусгаар тогтнол бидэнд ямар үнэ цэнээр олдсон, баг хамт олноор яаж ажиллах вэ гээд олон сэдвийн дор ярилцаж байна. Мөн залуусынхаа дунд спортын тэмцээн явуулж байна. Залуус маань аливаа  зүйлийг багаас нь эхлэх хэрэгтэй. Хүн амар хялбар аргаар амжилтад  хүрдэггүй. Тийм учраас өөрийгөө хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь зөв. Тэгж чадвал  оргил өөд тэмүүлж чадна. Энэ арга хэмжээнд нэгдсэнээр  биө биенээ таньж мэдэх  цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудлыг өөр хоорондоо хэлэлцэж, гарц шийдлийг ярилцлаа. Цаг үеэ олсон  үр дүнтэй арга хэмжээ боллоо гэдгийг залуусын төлөөлөл хэлж байсан юм. Цаашид ч гэсэн энэхүү арга хэмжээг зохион байгуулах нь  зүйтэй, олон талын ач холбогдолтой гэж залуус хэлж байлаа.