Сонгинохайрханы хувиараа тээвэр эрхлэгчид ур чадвараараа өрсөлдлөө
Сонгинохайрхан дүүрэгт хувиараа тээврийн үйлчилгээ эрхлэгчид “Их хөдөлгөөн” авто сургууль дээр жолоочийн ур чадвараа сорин өрсөлдлөө.
Арга хэмжээг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Сонгинохайрхан дүүргийн уугуул иргэдийн холбоо” ТББ, “Их хөдөлгөөн” авто сургууль хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээний зорилго нь шинээр хэрэгжиж буй Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн сурталчлан таниулах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, үйлчилгээ эрхлэгч иргэдийн нийгмийн оролцоог хангах, идэвхийг нэмэгдүүлэх, урам зориг хайрлахад чиглэгдсэн гэдгийг “Сонгинохайрхан дүүргийн уугуул иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Алтанхуяг хэлж байлаа.
Арга хэмжээний үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
Х.НЯМБААТАР: ХҮН АРДАД ХӨЛ ЗАЛГУУЛАХ ТОМ АЧААГ ҮҮРЭЛЦЭЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД БИД ТАЛАРХАХ ЁСТОЙ
-Өнөөдрийн арга хэмжээнд нийт хэдэн иргэд оролцож байгаа вэ. Ер нь ач холбогдол нь юу вэ?
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар
-Манай дүүрэгт хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлж амьдралаа авч яваа маш олон айл өрх байна л даа. Тэднийг төр засгаас дэмждэггүй, өөрсдийн амьдралыг хүнээс гуйхгүй авч явахын хажуугаар нийслэлийн тээврийн үйлчилгээнд төдийгүй хүн ардад хөл залгуулах их том ачааг үүрэлцэж байгаад нь бид юуны өмнө талархах ёстой.
Тиймээс бид эдгээр иргэдээ ур чадвараар нь өрсөлдүүлж, шагнаж урамшуулья гэж нэгдүгээрт зорьсон. Хоёрт гэвэл есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхлээд байна. Энэ хуулийг сурталчлах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, ур чадварыг нь нээн илрүүлж нэг нэгнээсээ суралцаж, алдаа оноогоо олж хараг гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 60 гаруй иргэн өөрсдийн автомашинтай хүрэлцэн ирсэн байна.
-Энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах уу. Эсвэл энэ удаа хуулийн шинэчлэлтэй уялдуулан зохион байгуулахаар болсон юм уу?
-Цаашид энэ тэмцээнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Жолооч нар маань жолоочийн ур чадвараас гадна хууль эрхзүй, дүрмийн мэдлэгээ сорьж байгаа бололтой?
Сонгинохайрханы хувиараа тээвэр эрхлэгчид ур чадвараараа өрсөлдлөө
-Тиймээ. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн 60 гаруй иргэн хууль эрхзүйн мэдлэгийн тест, дүрмийн шалгалт, авто доромон дээрх уран чадварын уралдаан гэсэн гурван төрлөөр өрсөлдөж байгаа. Ингэснээр хууль эрхзүй, дүрмийн мэдлэгээ сориод зогсохгүй, дахин нэг удаа шинээр сэргээх боломж бүрдэх юм. Шалгаруулалтад амжилттай оролцсон иргэдээ бид цом, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж байгаа. Дашрамд, арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа “Сонгиохайрхан дүүргийн уугуул иргэдийн холбоо” ТББ, “Их хөдөлгөөн” жолооны авто сургуулийнхандаа талархал илэрхийлье.
Ийнхүү арга хэмжээний төгсгөлд уралдааны аваргууд тодорсон юм. Хороо бүрээс 4 гишүүнтэй нэг баг оролцон өрсөлдсөнөөс Iбайрыг 2 дугаар хорооны баг, II байрыг 26 дугаар хорооны баг, III дугаар байрыг 24 дүгээр хорооны баг тус тус эзэллээ. Харин жолоочийн ур чадвараар нь гурван оролцогчийг шалгаруулсан бөгөөд 2 дугаар хорооны иргэн Х.Шагдар, 17 дугаар хорооны иргэн Б.Энхчулуун, 24 дүгээр хорооны иргэн н.Амартүвшин нар бусдыгаа хошуучиллаа.