Орлогыг бодитой төлөвлөх ёстой
УИХ-аар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын чуулганы танхимд хийсэн бүлгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7 их наяд 883.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөгбуюу ДНБ-ий 28.6 хувь байхаар тооцсон байна. Ингэхдээ нийт орлогын 79 хувь буюу 5 их наяд 527.0 тэрбум төгрөг нь татварын орлого, үлдэх 21 хувь буюу 1 их наяд 454.4 тэрбум төгрөг нь татварын бус орлогоос бүрдэхээр төсөөлжээ.
Импортын хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2015 онд 5.7 тэрбум ам.доллар буюу 2014 оны гүйцэтгэлээс 9.0 хувиар нэмэгдүүлж, төсөвт тусгасан. Гэвч энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээр импортын хэмжээ 2.5 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар буураад байна.
2016 оны төсвийн жилд "Оюутолгой" ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, Засгийн газраас "Таван толгой"-н ордын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлнэ гэж төсөөлж, нийт импортын хэмжээг 4.5 орчим тэрбум ам.доллар байхаар тооцжээ.
"Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэдэгчлэн төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлөх нь төсвийн зарлагыг өсгөх нөхцөлийг бүрдүүлж, улмаар төсвийн орлого тасрах, алдагдлыг нэмэгдүүлэх шалтгаан болж ирснийг өөрчлөх шаардлагатай байна.Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн алт болон мах хөтөлбөр, өмч хувьчлал, шинэчлэн найруулж баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орлого тооцсоныг бодит нөхцөл байдалтай уялдуулан нягталж үзэх хэрэгтэй.
Сүүлийн таван жилийн дунджаар экспортын 90 гаруй хувь, эдийн засагт цэвэр дүнгээр орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байгаа манай орны хувьд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн сүпер мөчлөг үндсэндээ дуусгавар болж байгаа нь макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна.Тийм учраас Монгол Улс 2016 оноос эхлэн төсвийн нэгдмэл бөгөөд зохистой бодлогоор төрийн санхүүгийн бодлого, бүтэцдээ шинэчлэл хийж, улсын төсвийг нэгдмэл, алдагдал багатай, зохистой, бодитой байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг ханган бэхжүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой, “эрүүл” өсөлтийн суурийг хангахад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дор хаяж ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхийн хамт энэ түвшинд гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтцийг төрөлжүүлэх шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.
Ардчилсан намын бүлэг төсвийн алдагдлыг 2016 онд ДНБ-ий 3.27 хувьд барьж, 2017 онд тэглэж, 2016-2017 онд төлбөрийн тэнцэлийг алдагдалгүй болгож эдийн засгийн шинэ, тогтвортой өсөлтийн тэнцвэрийг хангах нь зүйтэй гэж үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Ардчилсан нам 2013 оноос эхлэн Улсын төсвийн зарлагын реформыг эхлүүлж, жилийн жилд улсын төсвийг тарамдуулж татвар төлөгчдийн хөрөнгийг үрэгдүүлж ирсэн төрийн захиргааны байгууллагуудын үрэлгэн болоод урсгал зардлын хэт тэлэлт, төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой бус, төсөвт өртгийн хэмжээ хязгааргүй өсөлттэй байсан бодпого, төлөвлөлтийг өөрчлөх ажлыг үе шаттай хийсээр байна.
2007 оноос эхлэн нэгдсэн төсвийн нийт урсгал зардал 1 их наяд 747.3 тэрбум төгрөгөөс 7 их наяд 800 гаруй тэрбум төгрөг болж өслөө. Энэ хугацаанд хүн амын тоо тав дахин өсөөгүй, төрийн иргэддээ үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж мөн тэр хэмжээгээр өсөөгүй байна.
Манай улсын уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн сүпер мөчлөг дагасан эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын тэлэлт бий болсон 2010-2012 онд урсгал зардал 3 их наядаас 6 их наяд болж огцом өсч, төсвийн алдагдал ДНБ-ий 6.8 хувьд хүрсэн байна.
Үр дүнд нь эдийн засгийн суурь бүтцийг төрөлжүүлэх бодитой алхам хийж огт чадаагүй. Харин үүнээс болж эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч байна.
Монгол Улсын Засгийн газрын дотоод өрийн үлдэгдэл нэрлэсэн үнээр 2015 онд 3 их наяд 440.0 тэрбум төгрөг байна. Өмнөх жилүүдэд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодоос зээлсэн өрийг барагдуулах замаар хувийн хэвшилд зээлийн орон зай гаргаж өгөх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.
Манай улсын хүн амын 40 орчим хувийг эзэлж байгаа амьдралын түвшин доогуур амьдарч байгаа хүмүүст нийт халамжийн 56 хувь нь зарцуулагдаж байгаа хэдий ч халамжийн 28 хувь нь чинээлэг хэсгийн 40 хувьд очиж байна гэсэн судалгааны дүнг 2015 онд Дэлхийн банкнаас гаргажээ. Цаашид халамжийн олон хөтөлбөрүүдийг нэгтгэх, давхардлыг арилгах, нийгмийн илүү эмзэг бүлгийг хамгаалахад чиглүүлж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байна.
Бүх зүйлийг үгүйсгэн эсэргүүцэж, улс оронд гялтайх зүйлгүй мэт харагдуулах гэсэн улстөржсэн үйлдпүүд Монгол төрийг сулруулах, нийгэмд зохиомлоор айдас, хямрал төрүүлэх, Монголын ард түмнийг талцуулан хэмлэлдүүлэх оролдлого болон хувирч байна.
Ардчилсан нам улс орныхоо хөгжлийн төлөө бусад намуудтай ойлголцож, нийгэм, эдийн засгийн эрх зүйн орчноо сайжруулах, улс төрийн тогтвортой, эв нэгдэлтэй хамтран ажиллах чиг хандлагыг баримтлан 2016 оны сонгуулиар бүрдэх шинэ УИХ, Засгийн газрын тогтвортой ажиллагааг хангахад чиглэгдсэн хуулийн төслүүд дээр улс төрийн намуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
Эрхэм гишүүд ээ,
Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлах зүйтэй гэж үзлээ.
2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
УИХ дахь Ардчилсан намын бүлэг