"Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард нийтээс санал асуух нь зөв"
АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд өргөн барьсантай холбоотойгоор энэ асуудлыг хэлэлцлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон А.Бакей нарын гишүүдийн санаалчилсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцлээ.
Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдсан хэдий ч энэ хуулийн төслийг одоо хэрэглэх нь тохиромжгүй байгаа. Тийм учраас нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Энэ хуульд УИХ-ын 50 гаруй гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан.
1945 оны аравдугаар сарын 20-нд анх Монгол Улсын тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталж байсан. Одоогийн шинэ хуулиар 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ард нийтийн санал асуулгыг явуулах зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу эс оруулах уу гэдгээ нийт ард түмнээсээ асууж шийдье гэсэн байгаа.
Л.Цог гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг “Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасны дагуу Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсэг Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой асуудал дээр ажилласан. Энэ асуудлыг АН-ын бүлэг хэлэлцээд Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ Ард нийтээс санал асуух нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн зүйлийг гишүүд онцолсон. 25 жил Засаглалын тогтворгүй байдал бий болсонд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай юм. Мөн дүүргийг сумтай адилтгаж үзэж байгаа нь өнөөгийн хорооны иргэдийн тоо нэг сумын иргэдээс ч хоёр гурав дахин их байгаа учраас энэ асуудалд тодорхой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн зарчмын гол гол зүйлүүдийг хэлэлцсэн байгаа.
А.Бакей: Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа тун бага байна
УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн төлөөлөл оролцсон Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловруулах үүрэг хүлээсэн ажлын хэсэгт багагүй хугацаанд ажиллаа. Энэ ажлын үр дүнгээр Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болсон.
Энэ хуулиар Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг, ИТХ-ын сонгуулийг нэгтгэсэн байдлаар нэг хуулиар зохицуулна. Дотроо хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт дээр нэр дурдсан сонгуулиудын нийтлэг аль алинд нь байх ёстой зохицуулалтуудыг нэгтгэсэн. Дараа нь тухай бүрийн онцлогтой холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн хуулийн төсөл байгаа юм. Энэ хуулийн төслийг өргөн мэдүүлээд хэлэлцэж эхлэх шатандаа байна. Чадвал маргаашаас эхлээд хэлэлцэнэ.
Сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хуулийн заалт бий. Тийм учраас бидэнд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа тун бага байгаа. Гурван ч хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа. Энэ гурван хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх эсэхийг маргаашнаас хэлэлцэнэ” гэлээ.
Тэрбээр Сонгуулийн хуульд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар дурдсан юм. Тухайлбал,
- Тогтолцооны хувьд холимог системээ хадгална. Үүнд 48 нь мажоратор, нэг мандаттай байх нь зүйтэй гэж тусгасан байгаа.
- Сонгуулийг зохион байгуулах хуваарийг санал авах өдрөөс нааш тооцох ёстой.
- УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай хамтад нь нэг өдөр зохион байгуулна.
- Өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан. Одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автомажсан учраас сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх бүрэн боломжтой. Тийм учраас заавал иргэний үнэмлэх шаардахгүй,
- Сонгуулийн зарим хэсэг дээр нөхөн сонгууль, дахин сонгууль явах шаардлага гардаг. Цаг хугацааны хувьд хуулинд тодорхой зааж өгөөгүй байсан учраас маргаан үүсдэг байсан. Энэ хуулиар дахин болон нөхөн сонгуулийн санал авах өдрийг хоёр удаа зохин байгуулья. Эхнийхийг нь зургадугаар сарын сүүлчийн бүтэн сайн өдөр. Хоёр дахийг нь 10 дугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар зохин байгуулахаар нэмж оруулсан,
- Шинээр байгуулагдаж байгаа нам эвслийн хувьд санал авах өдрөөс 180-аас дээшгүй хоногийн өмнө улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой
- Сонгуулийн хэсгийн хороог Сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж гэж өөрчилнө. Энэ нэгж нь сум дүүргийн сонгуулийн хороонд харьяалагдаж ажиллана. Ахлах зохион байгуулагч болон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана,
- Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй
- Сонгуулийн компанит ажлын зардлыг аль болох хамгийн бага зардлын түвшинд зохион байгуулах асуудлыг хуульчилна
- Сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ тогтоодог байсныг болиулаад Үндэсний аудитын газар тогтоож, олон нийтэд мэдээллэх ёстой гэж үзэж байна
- Сонгуулийн мөнгөн хандивыг шинэчлэн тогтоож байна. Иргэний хувьд гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хэмжээнд байж болно
- Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны хувьд улс төрийн намууд болоод нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн сурталчилгаа тэнцвэртэй ёстой гэж үзэж байгаа.