Германд барилгын инженерүүд бэлтгэх санал тавилаа
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.11.30

Германд барилгын инженерүүд бэлтгэх санал тавилаа

Олон жилийн настай, чанартай барилгаараа нэртэй Германд бид очоод ирлээ. Энэ үеэр тус улсын Саксон Анхалт мужийн нийслэл Магдебург хотын Магдебург Штендал дээд сургуульд зочлов. Хэдий өвөл болсон ч ногоон өвс, цагаан цэцэгс сургуулийн гаднах талбайд зөндөө. Энэ сургуулийн байрыг дэлхийн I, II дайны үед цэргийн зориулалтаар ашиглаж байжээ. Тэгсэн ч өнөөдөр Германдаа гайгүй сайн сургалт явуулдаг дээд сургуулийн байр болон үлджээ.

Манай улсын барилгын салбар үнэхээр цойлж яваа. Гэвч бүгд төдийлөн чанартай биш гэлцдэг. Цаашид энэ салбарт сайн мэргэжилтнүүд хэрэгтэй учраас гадаад, дотоодын тусламж дэмжлэгээр мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх шаардлага бий.

Энэ үүднээс УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн долоо хоногт ХБНГУ- д ажиллаж Саксон Анхалт мужийн нийслэл Магдебург хотод болсон “Ногоон хотууд-Ногоон үйлдвэрлэл” олон улсын хуралд оролцох үеэрээ Магдебург Штендал дээд сургуулиар орсон нь энэ юм. Сайдын зорилго нь салбартаа сайн мэргэжилтэн бэлтгэхэд туслалцаа хүсэх, хамтын ажиллагаа тогтоож, ирээдүйд бодитой үр дүнд хүрэх байв. Энэ зорилгоо газар дээр нь танилцуулж удахгүй ажил хэрэг болгож албажуулах талаар шуурхай ажиллана гэдгээ илэрхийлэв.

Сургуулийн удирдлагууд ч таатай хүлээн авч, тавьсан саналыг шийдэхэд идэвхтэй оролцоно гэсэн юм. 6500 орчим оюутан суралцдаг Магдебург Штендал дээд сургуулийн голлох салбар нь лаборатори дээр суурилсан инженерийн сургалт юм. Гадаадын томоохон их, дээд сургууль тэдний сургалтын загварыг сайн гэж үзэн жишиг болгон ашигладаг байна.

Сайдыг тус сургуульд зочлоход сургуулийн ректор Анн Лекуй болон профессорууд хүлээн авч уулзлаа. Монголын талаас З.Баянсэлэнгэ сайд, түүний зөвлөх Э.Эрдэнэжамъян, Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаа, мөн яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга Б.Ууганбаяр болон Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Ч.Отгончулуун, тус төвийн Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Г.Батнам нар дагалдан явсан юм.

Тус сургуульд бэлтгэж байгаа хүмүүс үйлдвэр дээр аль болох хурдан  очиж ажиллах хэрэгтэй I байдаг. Тэр үүргээ ч  сургуулийн зүгээс сайн хэрэгжүүлдэг байна.

Манай улс ч гэсэн их  дээд сургуулиа хотоос гаргаж шинжлэх ухааны  парк байгуулж, дадлага дээр суурилсан хос сургалт явуулахаар зорьж буйг сайд онцолж байв. Тус сургууль барилгын хос сургалт  явуулдаг байна. Гэвч цөөн оюутан хамрагддаг гэнэ. Гэхдээ байгууллагатаа  ажиллангаа суралцдаг учраас ачаалал ихтэй ч сургалт нь  их чанартай. Хос сургалтаар амжилттай суралцдаг хүмүүс ажилсаг, хөдөлмөрч гэдэг нь харагддаг тухай профессорууд нь ярьж байлаа. Нөгөө талаас амьдрал дээр хийж байгаа зүйлээ сурахыг багш нараасаа шаарддаг учир сургалт нь чанартай болдог гэж үнэлсэн юм.

Хөрвөх чадвартай инженерүүдийг гадаадад бэлтгэх ажлыг Монгол Улс эрчимжүүлж буйгаа З.Баянсэлэнгэ сайд танилцуулав. Хамгийн сүүлд гэхэд Япон улсад 1000 инженер бэлтгэхээр Засгийн газар хооронд хамтран ажиллахаар болсныг дурдлаа.

Мөн тэрээр Герман дахь томилолтынхоо хүрээнд Саксон Анхалт мужийн Бүс нутгийн хөгжил, тээврийн сайд Вэбел, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Мэргэжлийн сургалт хариуцсан төслийн удирдагч Ханс Эберхардтай уулзаж, хоёр орны барилгын салбарын мэргэжилтнүүдийг харилцан солилцох сургалт, лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх талаар ярилцсан юм.