"Монгол- Хятадын дээд боловсролын хөгжлийн форум" амжилттай боллоо
"Монгол- Хятадын дээд боловсролын хөгжлийн форум"
2015.11.20

"Монгол- Хятадын дээд боловсролын хөгжлийн форум" амжилттай боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод 10 дугаар сарын 23-27-ны хооронд “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав. Уг арга хэмжээний хүрээнд Монгол-Хятадын дээд боловсролын хөгжлийн форум боллоо.

Энэхүү форумд хоёр улсын их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон бөгөөд Хятад улсаас 52, манай улсаас 33 төлөөлөлөгч нийт 85 эрдэмтэн судлаач нар оролцож боловсролын хөгжлийн одоогийн байдал, хөгжлийн чиг хандлага, түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, санал бодлоо солилцсон юм.

Тус чуулганд ӨМӨЗО-ны Боловсролын танхимын дарга Хоу Юуан, МУ-ын БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан болон хоёр улсын 40 шахам их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцож, сургуулиа танилцуулан, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга форумын нээлтэд хэлсэн үгэндээ “БНХАУ-Монгол улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Уг тунхаглалд үндэслэн хоёр орны хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцооны хүрээг улам бүр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. БНХАУ нь олон жилийн турш дээд боловсролын салбарт хамтран ажиллаж, багш, эрдэмтэн судлаачдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархаж байна” гэсэн юм.