Сонгогчид саналаа хурууны хээгээ уншуулж өгнө
Сонгуулийн гурван хуулийн төслийг УИХ-аар зэрэг хэлэлцэнэ. Жагсаалтаар сонгогдох 28 гишүүнийг нам бус сонгогчид эрэмблэх ёстой хэмээн эвслийн бүлэг үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Маш их хүнтэй аймаг байхад хүн цөөтэй аймгууд бас бий. Тэгэхээр төлөөллийн тэгш байх зарчим алдагдана. Ийм учраас томсгосон буюу 26 тойрогт 48 мандатыг хувиарлах ёстой.
УИХ-ын гишүүн А.Бакей: Орон нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагын сонгуулийг ямар хэлбэрээр явуулах бэ гэдэг асуудал байгаа. Жишээ нь багаас эхлээд нутгийн өөрийн удирдах байгууллагыг төлөөлөх сонгууль нь дээшээ сонгогдоод явах боломжтой гэж үзэж байгаа. Үүнийг үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулна. Хэрвээ үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдвэл сонгуулийн хуулийг нийцүүлэн өөрчлөлт хийх боломж байгаа
УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай зэрэг явуулснаар зардал хэмнэнэ гэж үзэж байна. МАН –аас хар машинд итгэхгүй байгаа учраас хяналтын тооллогыг хэсгийн хороон дээр хийх саналтай байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: нийт 76 гишүүнийг ард иргэдээс сонгодог байх нэг ёсондоо намын жагсаалтаар сонгодог асуудлыг болих ёстой гэж иргэд үзэж байна. Мөн хар машин буюу автомат тооллогыг давхар гараар тооллох асуудлыг тавьж байгаа. Одоогийн хуулийн төсөлд мөн ийм санал оруулсан. Харамсалтай нь эрх барих хүчин хүлээж авахгүй байна.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Бид өмнөх сонгуулийн хуулиар томсгосон тойргоор сонгууль явуулсан. Тухайлбал завхан аймаг хоёр мандаттай нэг тойрог болоод явсан. Үүнийг бүр жижиглэх юм бол мөнгөний сонгууль болох, сонгогчдыг худалдаж авах, сонгогчдын саналыг бүрэн авах тал дээр дутагдалтай байх гэсэн бодолтой байна.
Сонгогч саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэхтэй байх шаардлагагүй хурууны хээгээр саналаа өгч болно. Сонгуулийн маргааныг 60 хоногт эцэслэнэ гэх мэт олон өөрчлөлтийг сонгуулийн хуульд тусгажээ.