Ажлын хэсэг үүргээ гүйцэтгэсэн
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.11.04

Ажлын хэсэг үүргээ гүйцэтгэсэн

УИХ-ын даргын захи-рамжаар байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас дараах тодруулгыг авлаа.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлсэн байна. Засгийн газар саналаа хэзээ илэрхийлэх вэ?

-Хуулийн төслийг өргөн мэдүүлээд хоёр долоо хонож байна. Хуулийн хугацаагаар Засгийн газар 30 хоногийн дотор саналаа өгөх ёстой. Тиймээс удахгүй санал ирэх байх. Үүний дараа УИХ-д өргөн  мэдүүлэхээр төлөвлөөд байна.

-Ажлын хэсэг хуулийн төслийг хоёр асуудалд санал нэгдэж чадаагүй талаар та мэдэгдэж байсан. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, УИХ болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулна гэсэн саналд УИХ дахь МАН-ын бүлэг эсрэг байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, сонгогчдын саналыг хар машинаар тоолохын сацуу гараар давхар тоолно гэсэн саналыг мөн тус бүлгийн гишүүд дэвшүүлсэн. Гэхдээ Ажлын хэсэгт байгаа бусад нам, эвслийн бүлгийн гишүүд хуулийн төсөлд гарын үсэг зураад, Засгийн газраас санал авахаар өргөн мэдүүлсэн. Санал зөрүүтэй байгаа хоёр асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг үүргээ гүйцэтгэж дууссан.

-Сонгуулийн тогтолцооны талаар олон санал гарч байсан. Яг ямар байдлаар шийдэв?

Харин жагсаалтын 28 мандат дээр нэлээд өөрчлөлт оруулахаар боловсруулсан байгаа.

-48, 28 гэсэн тогтолцоонд санал нэгдсэн. Гэхдээ 48 нь хуучин тойргоороо гэсэн үг. Үүнийг дахиж жижиглэхгүй. Харин жагсаалтын 28 мандат дээр нэлээд өөрчлөлт оруулахаар боловсруулсан байгаа. Намын жагсаалтаар сонгохоор хэн нэр дэвшиж байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн гомдол олон ирсэн. Иймд жагсаалтын 28 мандатыг таван бүсэд  хуваасан.

Тухайлбал баруун, зүүн, төв, говийн бүст тус бүр таван мандат олгоно. Харин Улаанбаатарт үлдсэн найман мандатыг хуваарилахаар хуулийн төсөлд тусгаад байна. Учир нь Улаанбаатар хот хүн ам ихтэй. Ингэхдээ сонгуульд оролцох нам тус бүр таван нэр дэвшигчийг саналын хуудсанд бичүүлэх бөгөөд тухайн хүнд нь өгсөн саналыг намынх гэж тоолно. Ингэж бүсүүдэд хуваан саналыг хүнд нь өгснөөр намын нэр дугуйлж Үндсэн хууль зөрчдөг гэсэн маргаан дуусгавар болох сайн талтай юм.

-Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч тухайн оныхоо нэгдүгээр сарын 1-нээс ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Гэвч энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг Цэц тогтоосон. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Энэ бол төрийн үйлчилгээний ажил эрхэлж буй багш, эмч нар сонгуульд нэр дэвшихэд үүсдэг хүндрэл. Үүнийг засахын тулд төрийн үйлчилгээний албан хаагч нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгнө гэсэн заалтыг хассан. Сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулсан ч үндсэн ажлаа үргэлжлүүлээд хийх боломжтой болж байгаа юм.

-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй намаас санал авсан Сонгуулийн хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд боловсруулж, Засгийн газраас санал авахаар өргөн мэдүүлсэн байгаа. Энэхүү төсөлтэй танилцсан уу?

-Уг төслийг өргөн мэдүүлсэн зарим гишүүн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт багтаж байгаа. УИХ-ын гишүүдийн хэн нь ч Сонгуулийн хуулийн төслийг боловсруулаад өргөн мэдүүлэх эрхтэй. Тиймээс энэхүү хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэдэгт улс төрийн намууд санал нэгдлээ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт орвол Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг эргүүлэн татах уу?

-Энэ тохиолдолд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд ч өөрчлөлт орно. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд тусгах ёстой юм.