Сонгуулийн шинэ хуулийн талаар ийм саналтай байна
Сонгуулийн шинэ хуулийн талаар ийм саналтай байна
2015.11.10

Сонгуулийн шинэ хуулийн талаар ийм саналтай байна

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн.

Мөн А.Бакей болон Х.Тэмүүжин нарын гишүүд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл Сонгуулийн хуулийн төсөлд ямар байр суурь баримталж байгааг хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Нэг хуулиар зохицуулах яар ч боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжинэ. Үүний  дараа сонгуулийг шударга явуулах боломж бололцоог бүрдүүлэх нэмэлт өөрчлөлтүүдийг нарийвчлан ярилцаад явна гэдэгт гишүүд саналаа нэгтгэсэн. УИХ-аас Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах үүрэг бүхий Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг 2013 онд байгуулсан. Энэ ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулсан.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг энэ хуулиар зохицуулна гэж байгаа. Гэтэл Үндсэн хуульд эдгээр нь бие даасан институт гэж заасан байдаг. Иймд нэг хуулиар зохицуулах ямар ч боломжгүй. Сонгуулийг нэг өдөр явуулна гэж байна. Цаг хугацаанаас эхлээд хүндрэлтэй зүйл бий. УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нарын санаачилсан хуулийн төсөл байгаа.

Өнөөдөр мөрдөж буй Сонгуулийн хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулахаар уг хуулийн төсөлд заасан. Тухайлбал, Сонгуулийн саналыг хар машинаас гадна давхар хяналтын тооллогыг хийдэг байх зэрэг өнгөрсөн сонгуулийн хуулиуд дээр гарч байсан алдаа, эргэлзээтэй зүйлүүдийг засах өөрчлөлтүүд оруулсан учраас УИХ богино хугацаанд батлах боломжтой.

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: 26 тойрогт 48 мандатыг хуваарилах ёстой

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг

-Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Манай бүлэг хуулийн төслүүдийг хэлэлцээд тусдаа Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзсэн. Харин эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зүйтэй. Ингэвэл бүх улс төрийн намын эрх ашиг бүрэн хангагдана. УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Су.Батболд нарын өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах 48:28 гэсэн тогтолцоо бий.

Тэгэхээр улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх юм. Энэ учир дутагдалтай гэж манай бүлэг үзсэн. Учир нь хүн ам нь харилцан адилгүй аймгуудад ижилхэн мандат өгөх нь төлөөллийн тэгш байх зарчим алдагдаж байна. Тиймээс олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандатыг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байна. Намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмбэлэхээр хуулийн төсөлд орж ирсэн.

Гэвч “Шударга ёс” эвслийн бүлэг нам хүмүүсээ эрэмбэлж хэн нь УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг сонгогч шийдэх нь зүйтэй. Иймд сонгогчид жагсаалтад байгаа хүмүүсийн хэн нь УИХ-ын гишүүн байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Санхүүжилтийн хувьд зарчмын зөрүүтэй саналтай байгаа.

УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн: Намын нэр дугуйлахыг дэмжихгүй

УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн

-Бидний дэмжихгүй байгаа нэг асуудал бол намын нэр дугуйлах явдал юм. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул анхаарах хэрэгтэй. Иргэд төлөөллөөр, шууд, нууц санал хураалтаар сонгоно гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл цаг хугацааг нь тулгаж байгаад өөрсдөдөө ашигтай хувилбараар хуулиа өөрчилдөг хэсэг хүн энэ УИХ-д сууж байгаа. Иргэдийнхээ саналыг авдаггүй, олонд танигдсан хүмүүс намын нэрийн ард нуугдаж, намаа ашигладаг хэсэг үүнийг зохицуулдаг. Тиймээс хуулийн төсөлд энэ арга барил явах бололтой.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх боломжтой

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

-УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн төлөөлөл Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилласан. Энэ хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахаар оруулсан. Одоогоор гурван хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа.

Энэ гурван хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх эсэхийг өнөөдрөөс эхлэн хэлэлцэнэ.  Сонгуулийн хуульд орж буй хэд хэдэн гол өөрчлөлт бий. Тухайлбал, тогтолцооны хувьд холимог системээ хадгална. Үүндээ 48 нь мажоритар, нэг мандаттай байх нь зүйтэй гэж тусгасан. Сонгуулийг зохион байгуулах хуваарийг санал авах өдрөөс нааш тооцох ёстой. УИХ-ын сонгуулийг, Орон нутгийн сонгуультай хамтад нь нэг өдөр зохион байгуулна. Мөн өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан бол одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автоматчилагдсан тул сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх боломжтой.

Мөн шинээр байгуулагдаж байгаа нам эвслийн хувьд санал авах өдрөөс 180-аас дээшгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй. Сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ тогтоодог байсныг Үндэсний аудитын газар тогтоож, олон нийтэд мэдээллэх ёстой. Сонгуулийн мөнгөн хандивыг шинэчлэн тогтоож, иргэний хувьд гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хэмжээнд байна зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.

Бүрэн эхээр нь "Зууны мэдээ" сониноос ...