НИТХ-ынхны урамшууллыг зогсоохгүй
НИТХ-ын дарга Д.Баттулга
2015.10.15

НИТХ-ынхны урамшууллыг зогсоохгүй

НИТХ-ын 45 төлөөлөгчийн улирал бүр авдаг урамшуулал олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй.  Төлөөлөгчид сард  4.5, улиралд 13.5 сая төгрөгийн урамшуулал авдаг. Тэд энэ оны эхний хоёр улирлын урамшуулал болох  27 сая төгрөгийг аль хэдийнэ авсан нь шилэн дансны мэдээллээс харагдана.

Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индрээс байр сууриа илэрхийлж, энэ улирлаас эхлэн урамшууллыг зогсоох ёстой хэмээн мэдэгдсэн. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга төлөөлөгчдийн урамшууллыг зогсоохгүй гэдгээ хэллээ.

Тэрбээр “Энэ бол хуулийн дагуу явагдаж байгаа асуудал. Урамшуулал, цалин мөнгө биш. Харин төлөөлөгчдийн тойрогтоо ажилладаг үйл ажиллагааны зардал. Төлөөлөгчид мөнгөө хэрхэн зарцуулснаа НИТХ-д тайлагнадаг. Оны эцэст аудитын байгууллага шалгалт хийж, дүгнэлт гаргадаг. Нэг хүний үгээр зогсоодог зүйл биш. Энэ мөнгийг зогсоохыг хүсч байгаа бол хуулиндаа өөрчлөлт оруул гэж би УИХ-ын даргад ч хэлсэн. УИХ-ын гишүүд ч тойрогтоо ажиллах зардал авдаг шүү дээ. Тэд ч болих хэрэгтэй” гэсэн тайлбарыг өглөө.